Хөгжлийн банкны зээлтэй холбоотой “Өрийг өөрөөр нь төлүүлье-Нэгдье, нэхье” хэлэлцүүлэг “Туушин” зочид буудалд болж байна. Хэлэлцүүлгийг зохион байгуулагч, сэтгүүлч Н.Өнөрцэцэг нээж хэлэхдээ, Хөгжлийн банкнаас ААН-үүдэд олгосон нийт зээлийн 60 орчим хувь эргэн төлөгдөх эрсдэлтэй, чанаргүй, найдваргүй гэсэн ангилалд орчихсон, тус банкны нөхцөл хүнд, дампуурлын эрмэгт ирээд байна. Ийм байдалд хүргээд буй компаниудыг судлаад үзэхэд ихэнх нь улстөрчдийн оролцоотой байгаа нь анхаарал татаж байна” гэсэн бол сэтгүүлч Ч.Лодойсамбуу, өнөөдрийн хэлэлцүүлгээр тус банкны зээлтэй холбоотой хүнд байдлаас хэрхэн гарах гарц, учир шалтгааныг нээлттэй хэлэлцэнэ. Эндээс ямар нэг шийдвэр гарахгүй, Хэлэлцүүлгээс саналууд гарч түүнийг төр, засагт уламжлан хүргүүлэх юм” гэдгийг тодотгож байв.
Хэлэлцүүлгийн эхэнд Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул цахимаар оролцож тус банкны одоогийн нөхцөл байдлын талаар товч мэдээлсэн юм. Тэрээр, “Монголбанкнаас Хөгжлийн банканд активын чанарын шалгалт хийж, үүний үндсэн дээр нийт 55 гаруй хувийн зээлийн актив чанаргүй болсон гэсэн албан ёсны дүгнэлтийг гаргасан. Хөгжлийн банк ирэх жилийн сүүлээр 800 орчим сая ам.долларын гадаад бондын эргэн төлөлт хийх ёстой. Гэтэл талаас илүү зээлийн актив чанаргүй болоод энэ чигээрээ төлөгдөхгүй байвал бондын эргэн төлөлтөд тун хэцүү нөхцөл байдал үүснэ” гэдгийг онцолж байв. Тэрээр, зээлтэй холбоотойгоор банкнаас өнгөрсөн сарын 20-нд анхны мэдэгдэл хийснээс хойш зарим үр дүн гарч, сүүлийн гүйлгээний төлбөрөөр 39 тэрбум төгрөгийн зээл эргэн төлөгдөөд байна гэв.
Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн мэдээлэхдээ, “Өнгөрсөн оны 11 дүгээр сард Хөгжлийн банкад ээлжит шалгалт хийсэн. Тухайн үед зөрчлүүд илэрсэн. Шалгалтын дүгнэлтээр Хөгжлийн банк өөрсдийн эх үүсвэрийн тал дээр валютын ханшийн доголдол асар их хэмжээнд орсон. Ялангуяа үүнд “Самурай” бондоор иенийн санхүүжилт авсан нь асар их нөлөөлсөн.
Мөн оны 12 дугаар сарын сүүлийн өдрийн байдлаар 4 их наяд төгрөгийн активтай байсан. Үүнийг дотор нь задалж үзвэл чөлөөт мөнгөн эх үүсвэр нь 703 тэрбум төгрөг, хөрөнгө оруулалт талдаа 356 тэрбум төгрөг, зээлийн өрийн үлдэгдэл цэвэр дүнгээр 2.1 их наяд, нийт дүн нь 2.6 их наяд төгрөг гэсэн зээлийн багцтай үйл ажиллагаа явуулж байсан. Нөгөө талаар харилцах дансанд 14 орчим тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Хадгаламжийн хувьд гаднаас бондын эх үүсвэр татдаг учир хадгаламжийн дансыг төдийлөн ашигладаггүй байсан. Банкны хамгийн том үзүүлэлт болсон өр хөрөнгийн үзүүлэлт нь 995 тэрбум төгрөг байна” гэв.
Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Л.Энх-Амгалан, Т.Доржханд, Ш.Адьшаа, ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо, Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн, Монгол Улсын хөгжлийн банкны Экспорт-импорт, худалдааны санхүүжилтийн газрын захирал Н.Амгалан, МАН, АН, БНН зэрэг улс төрийн намууд болон Монголын Баялаг бүтээгчдийн холбоо, МҮХАҮТ зэрэг бизнес эрхлэгчдийн болон иргэний нийгмийн ТББ-уудын төлөөлөл оролцож байна. Тодруулбал, “Буян” компанийн захирал Б.Жаргалсайхан, “Ард санхүүгийн нэгдэл”-ийн захирал Ч.Ганхуяг, Монголын Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн О.Заяа, “Алтан Дорнод Монгол” компанийн ерөнхий захирал Т.Ганболд нарын бизнес эрхлэгч оролцож санал бодлоо илэрхийлэв.
“Exclusive” ХХК-ийн ерөнхий захирал Г.Майцэцэг, “Манайх “Чингис бонд”-ын хүрээнд арилжааны банк буюу “Голомт”-оос бүх хөрөнгөө барьцаалан 2015 онд 750 сая төгрөгийн зээл авч байхад бөөн шуугиан болж байв. Тиймээс үүнтэй адил Хөгжлийн ч бай аливаа банкнаас гарч буй зээлийн мэдээллийг ил тод, нээлттэй болгоё гэсэн санал тавьж байна. Ингэхгүй бол эдээ бээртэйгээ яваад байх нь” гэв. Тэрээр бизнес эрхлэгч нар алдагдсан боломжоо нэхэж байна. Банк санхүү улстөрийн мэдэлд байх ёсгүй. Төрд мөнгөний эрх мэдэл хэрэггүй. Хөгжлийн банкны зээлийг ялгаж салган авч үзэн, “Монполимет”, МАК зэрэг улс орны бүтээн байгуулалтын томоохон төсөл хэрэгжүүлж буй компаниуд руугаа бүү дайраач гэдгийг үйлдвэрлэгч хүний хувьд хэлж байна гэв.
“Монполимет” группийн ТУЗ-ийн дарга Н.Мөнхнасан, “Манайх авсан зээлээ олгосон жилийнхээ дараагаас төлж эхэлсэн. Тухайн үеийн ханшаар 126 тэрбум төгрөгөөс одоогийн байдлаар 118 тэрбум төгрөгийн эргэн төлөлтийг хүүтэй нь хамт, ханшийн 30-аад тэрбум төгрөгийн алдагдалтай нь хамт төлөөд байна. Бид зээлээ хэнээр ч үүрүүлээгүй, үндэсний үйлдвэрлэгч бид өөрсдөө л төлөөд явж байна” гэв.
МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан хэлэхдээ, “Хөгжлийн банкны нөхцөл байдал нь улс төрийн талаасаа бидэнд олдож буй боломж гэж харж байна. Тодруулж хэлбэл энэ нь төр, засаг, ард иргэд, иргэний нийгмийнхэн нэг түвшинд харж ойлголцож, болохгүй байгаа, задарсан, дийлдэхээ байсан бүхэнтэй тэмцэж, цэгцэнд оруулах боломж юм. Үүний ач холбогдлыг хэн ч бууруулах эрхгүй. Болохгүйгээс нь болох хүртэл нь бид арга хэмжээ авч, зогсохгүйгээр хэрэгжүүлнэ. Улстөрийн эрх мэдэл төвлөрсөн байдлыг халах үйл ажиллагааг бодитоор, зайлшгүй хийх шаардлага тулгарч байна” гэв. Тэрээр, энд улстөрийн намууд, иргэний нийгмийн байгууллагынхан, иргэдийг хамтарч ажиллаасай гэдгийг эрх барьж буй намын зүгээс хүсэв.