Т.Баярхүү: Монголоо монголоор нь судлах гурвал эрдмийн түлхүүр мартагджээ

оруулсан Алсын Хараа
Аминч эрдэм
Гурвалын онол
Эдийн засгийн ухааны доктор Т.Баярхүү
Атлантидийн сүйрэл, сансрын эрин, сонгуулийн хөтөлбөр,мөн чанар, үзэгдэл хувьсал, шалтгаан үйлдэл, үр дагавар, бололцоо, бодот байдал нөхцөл, орон зай цаг хугацаа, хоосон, таталцал- түлхэлцэл- шүтэлцэл. Тэгэхээр гүн ухаан нь матери идеалийн эрэлд хатах бус амь насны жам, үзэгдэл юмсыг ухамсартай нь судлах гурамсал байх ёстой. Ийм "хөнгөмсөг" дүгнэлт өнөөдөр байхгүй ч гурвал онолын хамгийн өнгөц гаргалгаа ийм төсөөллүүдэд хүргэдэг.
Ерөөс энэ онолыг сорьж турших, баримт цуглуулах, задлан шинжлэх аргаар бус монголын ард түмний өв зөнд тулгуурлан ургуулан бодох, угтан мэдэх санаагаар хийсвэрлэн судалдаг гэдгийг мэдэх ёстой. Сорьж турших, задлан шинжлэх, нээж дүгнэх арга хомсдох энэ дутагдал нь ирээдүйн ололт болно гэдэгт итгэмү.
Зуу, мянга, магадгүй түмэн жилийн хойчийн эрдэмтэн мэргэд энэ л  ааруулыг мэрэх бөгөөд " мөнх гал"-ын галын ид шид нь үүнд оршму. Юутай ч монголын гурвал онол- амин философийн үндсийг мөшгөхөөр хичээхүй тусам уугуул улс үндэстнийхээ эртний сэтгэлгээний хэв шинжийн өвөрмөцөд нэвтрэх үүд дөтлөнө гэдэгт итгэмү. Эртний нүүдэлчдийн гүн ухаан, сэтгэцийн хэв шинжит онцлог, нүүдэлч соёл бишрэл, мөргөл зан үйлийн хэлбэр, бүтэц арга барилын үндсийг тойм төдий ч атугай нээвээс түүхийн буурал үеэ тодруулах арга түлхүүртэй болно гэсэн үг. Чингэж чадах ахул алтан өв гардах төдийгүй уламжлалт ухаан, үндэний сэтгэлгээ хэмээн барин тавим зүйлгүй цулгуй ярьдгаадгаа татахсан билээ. Үүний тулд монгол ухаан 9 эрдмийн зах зухаас нээж байна. Уг нь амьдралд үе дамжин өвлөгдсөн бэлээхэн эх сурвалж, уламжлагдсан цэгцтэй тогтолцоотой ч тодорхой хэлж чадахгүй өдий хүрэв бид. Тэр нь хоцрогдох заншил ёс биш, уран сэтгэмж таамаг бодлын хийсвэрлэл бус мянган он дамжин боловсорсон онол гэдэгт итгэхээс аргагүй нүүдэлчин соёлыг тэргүүлэгч их голомтын амьдрал юм. Балар цагийн гүн ухааны тодорхой гэрч болох бөагийн ёсны шүтлэг, өвөг дээдсийн ой санамж онго байдлаар хадгалагдах шидлэг ул мөр нь бүр ч ул мөргүй арилаагүй байгаа нь өнөөдрийн судалгааны хэрэглэгдэхүүн мөн. Тэр нь орчлонт ертөнцийн аугаа их амин чанар, байгалын далд хүчний шид, хүний гайхамшгийн гурамсан шүтэлцээг холбосон " онгод" ажээ. Түмэн оны тэртээх тэр " бүдүүлэг" хүмүүсийн нээсэн " онгод" ын учир начрыг үл ухах аваас бид тэднээс бүдүүлэг буйгаа хүлээх хэрэгтэй. Бид овоохой орцны гурвалжин доорхи дугуйц хэлбэр, буурь, гал шүтэх ёс, үзмэрч, хувилгаанч, ёрч, зөнч, совинч, цондонч гээд одон зүйл ухааны баримтыг эс хайхарч өнгөц гүехэн хандсаар байна. Бидний өндөр боловсрол гэхэд түүхэн мэдлэгийн хувьд түүх нь зөрчилтэй, ёс мэдлэг, соёл нь балархай. Хуянь гүрний үеийг төсөөлөх төдий сурагтай, харийн доромж" зэрлэг боол" улс гэх хоч нэрэнд нь дассан, түүнээс өмнөх нүүдэлч малч дээдсийн маань сэтгэлгээний түүх таавар мэт байгаа билээ. Эртний хүмүүсийн бэлэг( бэлх) үржлийн ухамсар, үр удам, найр хуримын төрт ёс, таван хошуу малч сэтгэлгээ, бөө шүтээн, байгал бурхан, гал тэнгэр, шидээн, домог сэтгэлгээ, тэдгээрийн иж бүрдээ нэгдэл, тэр бүхний гэрч археологийн олдвор, хадны бичээс, сүг зураг, хөшөө дурсхал,,, гээд бидэнд баялаг байгаа бөгөөд гол томьёо нь " мөнх гал" буюу гурвал онол болно гэдгийг хуудас дамжуулан нотлохийг хичээв. Мөхөс бухимдуу нэгэн шүүмж бол энэхүү эрдмийн эхийг ихэд хожуучлан " эртний суурин соёлт гүрэн энэтхэг, хятадын соёлын тусхал" ,,,( шууд хамааралтай) мэтээр үзсээр байдагт эмзэглэнэ. Түүхийн үнэн нь христосын он тооллын эхэн, их холдоо  манай эриний өмнөх мянгаад жилийн холбоо уялдаа байхыг үгүйсгэх аргагүй ч эцэг дээдсийн өвөг түүх саяар яригдах он цагийн хөгжилтэйг төв- ази( алтай, хангай, хэнтий, хянган, шивэр, саяан) бидэнд гэрчилнэ. Эрс тэс байгал уужуу тавиун нүүдэл, мал ахуйд шүтэлцсэн нүүдэлчин амьдрал зайлшгүй өөр ухааны эхлэл өвөрмөц сэтгэлгийг үүсгэх учиртай. Зөвхөн уламжлалт анагаах ухааны салбар гэхэд л бузрыг галаар ариулах, халууныг мөсөөр жигнэх, шархыг нурмаар дарах, хүнсээ хөлдөөж хадгалах, хатааж борцлох, чихээ хөлдөөх, наранд цохиулах, ам цангах зэргээс эхлэн адуу малыг хамгийн анх гэршүүлсний хувьд дэвшигдсэн мал амьтдаа эмчлэх шаардлага хийгээд төхөөрч бие эрхтний бүтэцтэй нь танилцах өргөн боломж нь ногоо, загас тэргүүтнээр хүнслэгчдээс тэс өөр байх жишээтэй. Мал агтлах хөнгөлөх, буйллах, чөрхлөх, имнэх зэргээр мэс ажилбар хийх болсон, сүү цагаан идээ, ангийн мах шөл, тос, цөс, цус зэргийг эмнэлзүйд ашигласан, малаар дамжуулж хортой болон тустай өвс ургамлыг эрт таньсан зэргээс үүдэн нийт өвчнийг хий- шар- бадгана гурван төрөлд ангилж тус бүрийдээ ил- далд- нууц гурвалд хуваагдах зэргээр нарийвчлах эрдмийг хятадаас юм уу энэтхэгээс суралцсан гэдэгт хэн итгэх. Гал- дөл- очны цочмог дом эмчилгээ, цог, нурам, үнсний жин эмчилгээ зэрэгт түшсэн галын шившлэг, ширгэлэх( галд давс цацан дом ариулах) аргууд ч бусдаас эхтэй гэдэгт үл итгэнэ. Гал ариулах тахилга зэрэг сэтгэлийн засал гойд ач тустайг гадаадын хаанахын хэн ч үл мэдэх. Зунгагтай ноос, утаатай шар эсгий боолтын чухал эд байсныг нүүдэлчдээс өөр хэн мэдсэн бол. Байгал- гал- сэтгэл гурван заслаар эмчлэж  байснаараа дорнр дахины суурин иргэншлийн гүн ухаан, таван махбодын онолд шүтсэн азийн суурин иргэншлийн нийтлэг хөгжлөөс тэс өөр. Ханах, төөнөх, илэх, барих, боох, шавших эмчилгээг малд анх туршиж хүн дээр баталгаажуулсан туршлага шинжилгээ нь Монголчуудын ардын эмнэлгийн үндсийг бүрэлдүүлэх боломж нээжээ. Хөрш оросын " врач" гэдэг үг монголын " бариач" мөнөө. Хүний өвчилсөн дотор эрхтнийг өөр амьтны онцгой хөгжилтэй эрхтнийг идэж идэвхжүүлэх, ороо нь орсон тачаалт амьтны чив төмсөг, зуулт, заар мэтийг чалх сэргээхэд ашиглах зэргээр эмийн төрөл хөгжсөн өвөрмөц өв ч эртний нүүдэлч өвөг дээдсийнх минь. Амийг уртасгах философи мөрөөдлийн үр дүнг өвгө уламжлалт анагаах ухааны " ахуй" түүх гэж үзнэ. Монголоо монголоор нь судлах гурвал эрдмийн түлхүүр мартагдаж. Ахуй амьдрал, соёл түүхийн давтагдашгүй чанар, хэл болон санаа бичгийн дурсхал зэргээ үл ойшоон заавал гадаадын нөлөө, харь хүний чиг ухаанаар монголоо батлах гэсэн тэнэг зуршлаа сэхээрвэл яалтай. Нанхиад эх сурвалжаас гадна өнөөгийн монгол эх оронд хуяны( хүнүй) хианы( хануй) гэдэг нэр гол ус дурайна. Уг нь амьд хэлний дурсхал, утга бичгийн( фразография) үлдвэр, түүх соёл зан заншлын өв уламжлал шиг чухал сурвалж байх ёсгүйсэн. Гэтэл үүнийг тааж буудав, баталгаа алга. Владимирцов ингэж батлаагүй, марко поло тэгэж тэмдэглээгүй гэх нь эмгэнэлтэй. Монголоор сэтгэж, уламжлалаа хадгалж, өвгө ухаанаа эзэмших ахул бид хэл соёлоо сахих сэргээх. Идеализм, материализм хоёул өрөөсгөл, монголчууд амин буюу гурвал сэтгэлгээтэй гэж тайлбарлах учир үүнд. Монголын "гурвал ухаан" алаан тэрсэлдээнд бус амин чанарт оршмуу. Гурвал онол дуализм биш, " матери- ухамсар- амь" гурав нэгэн бүтэц. Тэр нь бодисын төлөв хий- шингэн- хатуу, хэмжигдэхүүн  урт- өндөр- өргөн, цаг өнгөрсөн- одоо- ирээдүй, атомын бүтэц( протон- нёйтрон- электрон) туяаны бүтэц( гамма- бётта- альфа) гэдэг шиг нэгэн бүтэц билээ.
Үргэлжлэл бий.
"Монгол ухаан 9 эрдэм" номноос...
2017-09-26

Сэтгэгдэл бичих