Шивээт хайрхан уулын зүүн бэлд 728 хадны зураг байгааг тогтоожээ

оруулсан Алсын Хараа

 Монгол Алтайн хадны зургийн цогцолборын хамгаалалтын захиргааныхан өнгөрсөн сарын 26-30-ны өдрүүдэд Баян-Өлгий аймгийн Цэнгэл, Улаанхус сумын нутагт оршдог Арал толгой, Цагаан салаа-Бага Ойгор, Шивээт хайрханы хадны зургийн дурсгалт газруудад хээрийн судалгаа хийжээ.

Хээрийн судалгаагаар Шивээт хайрханы овоог тахих зан үйл, соёлын биет бус өвийн судалгаа хийх, хадны зургийн томоохон дурсгалуудыг баримтжуулах, гэрэл зураг, гар зураг авах, тоолох, хэмжих, тэмдэг байрлуулах зэрэг ажлуудыг гүйцэтгэжээ.

Энэ хүрээнд Шивээт хайрхан уулын зүүн бэлд байдаг том хавтгай хадан дээрх дүрслэлийг тоолж, баримтжуулсан байна. Судалгаагаар тус хадан дээр нийт 728 ширхэг дүрс байгааг тогтоожээ.

Хаданд аргаль, янгир, адуу, үхэр, морин тэрэг, хүн, ирвэс, буга, бодон гахай гэх мэт олон дүрсийг сийлсэн аж. Тухайн дурсгалууд нь он цагийн хувьд хүрлийн үеэс төмрийн түрүү үед холбогдоно гэж үзсэн байна.

Өмнө нь сонирхогчид, жуулчид Шивээт хайрхан уулын хадны зурагтай хавтгай хаданд машинаараа тулж очдог байжээ. Үүнийг болиулах зорилгоор энэ удаад орохыг хориглосон болон явган алхалт хийх замын тэмдэг байрлуулсан байна. Харин хамгаалалтын захиргаанаас өнгөрсөн зун дээрх газарт мэдээллийн самбар, дэлхийн өвийн багана босгож байжээ.

Сэтгэгдэл бичих