Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг Оюу толгойгоос Гашуунсухайт хүртэлх авто замын трассын дагуух археологийн авран хамгаалах малтлага судалгааг 2012 онд хийх явцад хүрэл зэвсгийн үед хамаарах шоргоолжин булшнаас тэмээний толгойн яс олджээ.
Бараг бүтэн хадгалагдан үлдсэн толгой, эрүүний ясыг шинжлэхэд Camelus bactrianus буюу тэмээний толгойн яс болох нь тогтоогдсон. Малтлагын явцаас үүссэн бага зэргийн гэмтлийг эс тооцвол бусдаар толгойн яс сайн хадгалагджээ. Ургамлын үндэс толгойн ясыг бүхэлд нь бүрхсэн байсан нь тухайн орчинд биотурбацын үйл явц их явагдсаныг харуулсан аж.
Дээд эрүүний шүднүүд бүрэн байсан ч сонирхолтой нь зүүн ба баруун M1 (доод эрүүний том араа) хоёулаа байхгүй байгааг ШУА-ийн Археологийн хүрээлэнгийнхэн Оюу толгойгоос Гашуунсухайт хүртэлх авто замын трассын дагуух археологийн малталга судалгааны ажлын тайланд тэмдэглэжээ.
Шүдний хөндий хэсэг дэх ясны эдгэрэлт нь тухайн амьтныамьдралын явцад гарч, шүд нь унасны дараа тодорхой хугацаанд амьдарсан болохыг харуулж байна. Хоосон M1 шүдний ормыг тойрсон шүдний эгнээний гаднах хэлбэр нь алга болсон шүдэнд дасан зохицсон хэлбэртэй болжээ. Эдгээр нь хоёулаа зүүн, баруун талдаа адилхан ажиглагдаж байгаа нь M1 шүд нэгэн зэрэг алдагдсаныг нотолно. Шүдний хоосон залгууруудын арын M2 шүд уруулын чиглэлд бага зэрэг хазайсан нь мөн шүд унаснаас хойш бусад шүдээ ашиглаж байсныг харуулна. Алга болсон M1 шүднээс шалтгаалан дээд эрүүний харгалзах хэсгийн шүд бага зэрэг хугарч, хөрш шүднүүдтэй харьцуулахад урт титэм хэлбэртэй болж ирсэн бөгөөд хүнс тэжээл болон гаднын нөлөөнөөс үрэлт үүссэнийг үгүйсгэхгүй юм.
Тэмээний дээд, доод эрүүний ерөнхий ажиглалтын үндсэн дээр тэмээг уналга эдэлгээнд хэрэглэж ямар нэг зүйл зуулгахад илүү "тохиромжтой" болгохын тулд баруун, зүүн M1 шүдийг зориуд авсан байна. Он цаг тогтоох лабораторийн шинжилгээгээр энэ тэмээний толгойн яс нэлээд хожуу үед хамаарах нь тогтоогджээ.