Соёлын сайд Ч.Номин аймгуудийн Засаг даргын дэргэдэх “Соёлын хэлтэс” байгуулах асуудлыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулаа. Монгол Улс нь 1996 оныг хүртэл ард иргэдээ соён гэгээрүүлэх чиг үүрэг бүхий Соёлын яамтай, аймаг, нийслэлд Соёлын хэлтэстэйгээр соёлын үйлчилгээг танхимаар болон нүүдлийн хэлбэрээр хүргэж, төрийн соёлын бодлогыг орон нутагт хэрэгжүүлж ирсэн. Гэвч 1996 онд Соёлын яамыг аймгийн Соёлын хэлтсүүдийн хамт татан буулгасан байдаг.
Үндэсний соёл, уламжлалд тулгуурласан соёлын бодлогыг засаг, захиргааны нэгж бүрт хүргэн хэрэгжүүлэх, соёлын өөрчлөлтөд монгол хүнийг төлөвшүүлэх, бүх нийтийг соён гэгээрүүлэх бодлогыг улс орны хэмжээнд далайцтайгаар хэрэгжүүлэх шаардлага бий болсныг хүлээн зөвшөөрч Соёлын яамыг 24 жилийн дараа бие даан байгуулсан. Тэгвэл Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу аймгийн Засаг даргын дэргэдэх Соёлын хэлтсийг 25 жилийн дараа дахин бие даан байгуулах шийдвэрийг гаргууллаа.
Соёлын хэлтэс байгуулагдсанаар засаг захиргааны нэгж бүрт соёлын үйлчилгээг хүргэх, бүх нийтийн соёлын боловсролоор дамжуулан соён гэгээрүүлэх, соёлын үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, соёлын өв, уламжлалт ёс заншлаа өвлүүлэх, хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх болон орон нутгийн онцлогийг төрийн соёлын бодлоготой уялдуулан хөгжүүлэх боломжтой юм. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай тогтоолд өөрчлөлт оруулж, “Боловсрол, соёл урлагийн газар” гэснийг Боловсролын газар, Соёлын хэлтэс гэж өөрчилж, шинэчиллээ.
Эх сурвалж: Соёлын яам