С.Амарсайхан: Төрийн байгууллага, аж ахуйн нэгжийн 30 хувь нь ажлын байранд ажиллана

оруулсан Алсын Хараа

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдааны шийдвэрийг Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, Сангийн сайд Б.Жавхлан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд болон холбогдох албаныхан олон нийтэд танилцууллаа.

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар, Төрийн байгууллага болон аж ахуйн нэгжийн ажлын байранд нийт ажилчдын 30 хувиас дээш хүн цуглахгүй, аль болох цахимаар ажлаа хэвийн явуулах шийдвэр гаргасан тухай Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан мэдээлэв.

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар, Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын "Улаан" түвшинд шилжихгүй буюу хөл хорио тогтоолгүйгээр зарим аж ахуйн нэгжийн ажлыг хязгаарлах шийдвэр гаргасныг өмнө нь мэдээлсэн. УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан хэлэхдээ, "Засгийн газраас аж ахуйн нэгж, өрхийн орлогыг таслахгүй, эрүүл мэнд, эдийн засгаа хамтад нь авч явах бүх боломжит хувилбарыг тооцож, халдварын тархалтыг хумих арга хэмжээг хэрэгжүүлэхээр зорьж байна. Долоо хоног бүр эрсдэлийн үнэлгээ хийж, түүнд тулгуурлан цаг тухай бүрт нь зохицуулалт хийж, шийдвэр гаргана. Аль болох хатуу хөл хорио тогтоохыг урьтал болголгүй асуудлыг шийдвэрлэж байна" хэмээсэн юм. 

Ирэх сарын 1-ний дотор нийслэлийн насанд хүрсэн нэг сая иргэнийг вакцины эхний тунд хамруулах, долоодугаар сарын 1 гэхэд нийт хүн амаа дархлаажуулах төлөвлөгөөтэй ажиллах юм.

Энэ үеэр хэвлэлийн бага хуралд оролцогчид сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

-PCR шинжилгээ өгөхөөр https://eruul.gerege.mn/-д хандахад хамгийн ойрын цаг 14 хоногийн дараа байна.Нэн яаралтай шинжилгээ өгөх шаардлага үүссэн иргэд яах вэ?

-Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Яаралтай журмаар буюу эмнэлэгт үзүүлэх, буяны ажилд оролцох зэрэг шалтгаантай хүмүүс 6 дүүргийн нэгдсэн эмнэлэг, төрөлжсөн нарийн мэргэжлийн 5 эмнэлэгт шинжилгээ өгөх боломжтой. Мөн бид явуулын багийг захын дүүргүүдэд байгуулахаар төлөвлөгөө боловсруулсан.

-Шадар сайд С.Амарсайхан: Хөдөө орон нутагт ажиллах зайлшгүй шаардлагатай иргэн, тээврийн жолооч нараас шинжилгээ авах цэгийг Сонгинохайрхан дүүрэг дэх авто худалдааны төв, Хан-Уул дүүргийн Буянт-Ухаа спорт цогцолборын гадна талбай болон Амгалан, Шар хадад явуулын шинжилгээний төв байгуулахаар зохион байгуулж байна.

-Нарантуул, Хархорин зэрэг томоохон зах худалдааны төвүүдийн 30 хувь ажиллана гэсэн. Үүнд ямар зохицуулалт хийх вэ. Жишээлбэл, 10 лангуунаас эхний өдөр 3 нь, дараагийн өдөр нь 3 нь ажиллахаар сөөлжлүүлнэ гэж ойлгож болох уу?

-Шадар сайд С.Амарсайхан: Хамгийн гол нь бөөгнөрөл үүсгэхгүй байх ёстой. Тиймээс томоохон худалдааны төвүүдэд цагийн болон зохицуулалтын журам хэрэгжүүлнэ. Тухайлбал, 7 хоногт 1-2 өдрөөр сөөлжлөх зайлшгүй шаардлага байгаа гэж үзэж байна.

-Сангийн сайд Б.Жавхлан: Засгийн газраас гаргасан түрээсийн төлбөрөө бууруулсан татварын хөнгөлөлт үзүүлэх хэвээр үргэлжилж байгаа. Мөн татвараа хугацаанд нь төлөөгүй боловч тайлангаа ирүүлсэн бол алданги тооцохгүй байх, цахилгааны, дулааны үнийг 100 хувь хөнгөлөх зэрэг эдийн засгийн гол хөшүүргүүд үргэлжилж байгаа.

С.Амарсайхан: Гадаа орчинд ажилладаг салбарын ажилчдын тоонд хязгаар тогтоохгүй

-Ажлыг нь хязгаарласан аж ахуйн нэгжид эдийн засгийн ямар дэмжлэг олгох вэ?

-С.Амарсайхан: Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар, хязгаарлалтад орж байгаа аж ахуйн нэгжид дэмжлэг олгох асуудлыг судалж Засгийн газарт танилцуулах үүргийг Сангийн сайдад өгсөн.

-Төрийн байгууллага, аж ахуйн нэгжийн 30 хувь нь ажлын байранд ажиллаж, бусад нь цахимаар ажиллах шийдвэр гаргасан. Тэгвэл төрийн байгууллагынхан цахимаар ажиллаад бүтэн цалингаа авах бол хувийн хэвшлийнхэн ээлжээр ажиллаж цалингаа хасуулна. Үүнд ямар зохицуулалт хийх вэ?

-С.Амарсайхан: 14 хоногийг хугацаанд төрийн болон аж ахуйн нэгжүүд аль болох ажлаа цахимаар хийх боложмийг бүрдүүлнэ. Ингэж бөөгнөрлийг арилгаснаар хатуу хөл хорио тогтоолгүйгээр цар тахлыг давж гарч чадна. Тасралтгүй ажиллах эрчим хүч, хоол үйлдвэрлэл, хүнсний үйлдвэрийн бүхий л газарт халдвар хамгааллын дэглэмээ сахиж ажиллана.

Урьдчилан сэргийлэх бүх боломжоо дайчилж аль болох хатуу хөл хорио тогтоохгүй байх Засгийн газрын бодлого, хичээл зүтгэлийг хамтдаа биелүүлэхийг хүсэж байна. Энэ хүрээнд ахиц, үр дүн гарна гэдэгт эргэлзэхгүй байна.

-Зах худалдааны төвийн 30 хувь нь ажилласнаар, лангуу цөөрч, түрээс нэмэгдэж үнэ хөөрөгдөх эрсдэл гарах уу?

-Б.Жавхлан: Имфляци одоо 2.6 хувьтай байна. Энэ бол ойрын хэдэн жил байгаагүй бага түвшин. Тиймээс үнийн хөөрөгдөлд ямар нэг огцом хөдөлгөөн байхгүй гэж ойлгож болно. Валютын ханш ч адил. Ам.долларын төгрөгтэй харьцах ханш өнгөрсөн наймдугаар сараас хойш 2850 төгрөг дээр тогтвортой байсан. Өмнө нь ийм хөдөлгөөнгүй олон сар болсон тохиолдол байгаагүй. Хатуу хөл хорионы үед ч бараа бүтээгдэхүүний хомстол, эрэлт үүсэж байгаагүй тул үнэ, ханшид нөлөөлөх эдийн засгийн шалтгаан байхгүй гэж ойлгох хэрэгтэй.

-Бүтээн байгуулалтын салбарууд богин хугацаанд ажилладаг. Одоо тэдгээрийн ажиллах улирал ирж байна. Нэг дор бөөнөөр цугларахгүй бол ажил удаашрах эрсдэлтэй юм биш үү?

-Бүтээн байгуулах салбар улирлын чанартай, богино хугацаанд ажил нь үргэлжилдэг. Тиймээс зам барилга, дэд бүтэц, хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарын ажилчид тухайн газартаа халдвар хамгааллаа барьж бүрэн ажиллана. Хүний хязгаар тогтоож байгаа нь нэг дор олноор, ялангуяа дотоод орчинд буюу ажлын байранд цуглуулахгүй байхад хэрэгжүүлж буй арга хэмжээ. Дээр дурдсан бүтээн байгуулах салбарууд нь ихэвчлэн гадаад орчинд ажилладаг тул эрсдэл харьцангуй бага гэж үзсэн. Тиймээс халдвар хамгааллаа хатуу сахиж, зайгаа бариад явах боломжтой тул ийм зохицуулалт хийсэн.

-Төсвийн хөрөнгөөр хэрэгжих бүтээн байгуулах ажлын санхүүжилт хэвийн олгогдох уу?

Б.Жавхлан: Төсвийн хөрөнгө оруулалттай холбоотой санхүүжилтийн ямар ч саад гараагүй байна. Нэгдүгээр улирал одоо төгсөж байна. Ихэнх төсвийн хөрөнгө оруулалттай хэрэгждэг ажлууд 2-3 дугаар улиралд эхэлдэг. Одоогоор хөрөнгө оруулалтын 30 хувийнх нь ажил саадгүй явж байна. Эдийн засгийн идэвхжил, төсөөлөл өөдрөг байгаа. Тиймээс иргэд аж хауйн нэгжүүд бизнесийн амьд харилцаанд орохдоо УОК-оос гаргасан халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахих шаардлагатай. Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын хөтөлбөрийнхөө зорилгыг эцсийн мөч хүртэл тууштай баримтална. Гэхдээ ард түмнийхээ амь насны улаам шугам дээр давж гарахгүй. Эдийн засгаа хамт авч явахгүй бол зөвхөн эрүүл мэндээ авч гарвал цар тахлыг давсан гэж үзэхгүй.

Сэтгэгдэл бичих