Иргэн, аж ахуйн нэгжүүдийн бизнесийг дэмжих, ажлын байрыг хадгалах зорилгоор Засгийн газраас 2 их наяд төгрөгийн зээл олгох хөтөлбөр өнөөдрөөс эхэлж байгаа талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээллээ.
Цар тахлын улмаас Монгол Улсын эдийн засаг 6 хувиар агшиж ДНБ-ийн хэмжээ 12 хувиар доошилжээ. Энэ нөхцөл байдлаас үүдэж төв банкны үнэт цаасны үлдэгдэл 7.9 их наяд болсон байна. Өөрөөр хэлбэл арилжааны банкууд зээл гаргахгүй бүх мөнгөө эрсдэлийн сан байдлаар хадгалуулжээ. Тиймээс арилжааны банкуудад төвлөрөөд байгаа сул эх үүсвэрийг дайчлах замаар эдийн засгаа сэргээх боломжийг өнгөрсөн хугацаанд судалсан гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан мэдээллийнхээ үеэр тодотгов.
Төлөвлөгөөнд тусгаснаар, ажлын байрыг дэмжих зээлийг гурван жилийн хугацаатай, жилийн гурван хувийн хүүтэй, шаардлагатай бол төрөөс батлан даалтын 60 хувийг хариуцах юм байна. Тухайн аж аухйн нэгжийн бүртгэлд байгаа болон 50-аас дээш хувь эзэмшигчийн хөрөнгийг барьцаа хөрөнгөд тооцно. Хэрэв барьцаа хөрөнгө зээлийн шаардлагад хүрээгүй тохиолдолд төрөөс буюу Зээлийн батлан даалтын сан оролцох аж. Зээлд 200 хүртэлх ажилтантай, жилийн 2.5 тэрбум төгрөгөөс доош орлоготой аж ахуйн нэгж хамрагдана гэдгийг Зээлийн батлан даалтын сангийн гүйцэтгэх захирал Ш.Алтанчимэг мэдээллийн үеэр тодотголоо.
Зээлд хамрагдах аж ахуйн нэгжүүдэд төрөөс НӨАТ төлөгч байх ганцхан шаардлага тавих бөгөөд 500 хүртэлх сая төгрөгийн зээл авах боломжтой юм. Харин цар тахлын үед ажил, орлого нь доголдсон бичил буюу өрхийн бизнес эрхэлдэг, ажлын байрыг хадгалж буй иргэдийг түлхүү хамруулж 50 сая хүртэлх төгрөгийн зээл олгохоор төлөвлөж буйг тодотгов. Судалгаагаар, бизнес эрхлэгчдийн 80-90 хувь нь 50 сая хүртэлх төгрөгийн бизнесийн зээл авдаг аж. Эрэлтийн даацаар нь тооцоолбол, 500-600 тэрбум төгрөгийг 20-25 мянган иргэнд олгох төлөвтэй байгааг Сангийн сайд хэллээ. Аж ахуйн нэгжүүд өмнө нь арилжааны банкуудаас авсан зээлдээ дахин санхүүжилт хийж гурван хувийн хүүтэй зээл рүү шилжүүлэх бүрэн боломжтойг тайлбарлав.
Энэхүү төлөвлөгөөг зургаан чиглэлээр яамд хариуцан зохион байгуулж, арилжааны банкаар дамжуулан зээл олгох бөгөөд Сангийн яам болон Төв банкнаас мөнгөний болон төсвийн бодлогыг уялдуулж, макро орчны нөхцөл байдлыг хяналтдаа байлгах чиглэлээр ажиллана.
Загийн газраас эдийн засгийг идэвхжүүлэхээр хэрэгжүүлж буй 10 их наяд төгрөгийн хөтөлбөрт Монголбанк дээрхээс гадна хоёр чиглэлд хамтран ажиллаж байгаа юм. Тухайлбал, мөнгөний бодлоыг дэмжих репо санхүүжилтийг ноднин дөрөвдүгээр удирлаас олгож эхэлсэн. Мөн 2019 оноос санхүүжилт зогссон ипотекийн зээлийг сэргээж, энэ онд эх үүсвэрийг хоёр дахин нэмэхээр шийдвэрлэж, 700 гаруй тэрбум төгрөгийн зээл гаргахаар төлөвлөжээ.
Ташрамд дурдахад, цар тахал эхэлснээс хойш манай улсад 68.9 мянган ажлын байр шууд үгүй болжээ. Эдийн засгаа идэвхжүүлэхгүй бол 2021 он гэхэд, 130 мянган ажлын байр хомстох болно гэдгийг эрдэмтдийн судалгаанд онцолжээ.
Манай улс 2010-2011 онд эдийн засгийн өсөлт хамгийн идэвхтэй буюу мөнгөний нийлүүлэлт 70 хувьтай байжээ. Түүнээс хойш мөнгөний нийлүүлэлт хэвийн өсөлттэй жилүүдэд 35-45 хувь орчим байсан бол 2020 оны жилийн эцсийн статистик мэдээгээр, 15 хувь болж буурчээ. Өөрөөр хэлбэл, хэвийн үеийнхээс мөнгөний нийлүүлэлт гурав дахин буураад байгаа юм.