Ар Монгол

оруулсан Алсын Хараа

Монголын умард хэсгийг заадаг түүх, газарзүй, улс төрийн шинжтэй нэр томьёо.

 

Ар Монгол” гэдэг нэр томьёо анх XVI зууны эцэс, XVII зууны эхээр үүссэн бололтой. Түүхийн сурвалжид тэмдэглэснээр Ар Монгол гэдэг нь эхэндээ өнөөгийн Монгол улсын халхчууд буюу тухайн үеийн “Халхын 7 хошуу”, өнөөгийн ӨМӨЗО-д багтсан Ар хорчин, Дөрвөн хүүхэдУрадМуумянган, Оннигуд, Авга, Авханар аймаг (голдуу Чингис хааны дүү нарын угсааныхны харьяат аймаг)-ийг хамаарсан газарзүйн шинжтэй ойлголт байжээ. Өөрөөр хэлбэл, Хянганы нуруунаас баруун, баруун хойшхи аймгуудыг “Ар Монгол” гэж нэрлэж байсан бололтой. Харин яваандаа энэхүү нэр томьёоны хамрах хүрээнд өөрчлөлт гарч, Ар хорчин, Дөрвөн хүүхэд, Урад, Муумянган, Оннигуд, Авга, Авханар аймаг Манжийн захиргаанд орж, дотоод засгийн 49 хошуунд захирагдах болсноор Ар Монгол гэдэгт “Халхын 7 хошуу” буюу Ар Халх л багтах болсон бололтой.

Гэвч анхандаа “Ар Монгол” гэдэг нэр томьёог монголчууд өвөр зуураа, энгийн ярианд хэрэглэдэг байсан бололтой. Харин үүнтэй төстэй “Ар 57 хошуу”, “Өвөр 49 хошуу” гэдэг нэр томьёо байжээ. Манж нар Ар 57 хошууг “Гадаад засаг” гэдэг нэр томьёогоор илэрхийлдэг байснаа XIX зууны эхнээс “Гадаад засаг”-ийг “Гадаад Монгол” гэдэг нэр томьёогоор илэрхийлэх болов. Энэ үеэс эхлэн энэхүү “Гадаад Монгол” гэдэг нь монголчуудын “Ар Монгол” гэдэг ойлголттой агуулгын хувьд бараг нийцэх болжээ.

Ар, Өвөр Монгол гэдэг хэллэг энгийн ярианд төдийгүй, албан харилцаанд идэвхтэй хэрэглэгдэх болсон нь XX зууны эхэн үед холбогдоно гэж үзэж байна. 1900-1920-иод оны үеийн монгол сурвалж бичиг, бичиг баримтад “Ар Монгол”-ыг “Гадаад Монгол”-той, “Өвөр Монгол”-ыг “Дотоод Монгол”-той адил утгаар, ямар нэгэн ялгаваргүйгээр хэрэглэж байжээ.

Эдүгээ Ар Монгол гэдэг нь Монгол улсыг заасан хэллэг болон хувирчээ. (Ц.Цэрэндорж)

Ашигласан ном зохиол

Зарлигаар тогтоосон гадаад монгол, хотон аймгийн ван гүнгүүдийн илтгэл шастир, Монгол бичгээс кирилл бичигт буулгаж, тайлбар хийсэн Цэрэндорж Ц., Эрдэнэболд Л., Баржав Д., Ганбат Н., УБ., 2007, 2009

Гонгор Д., Халх товчоон, УБ., 1970

Жамсран Л., Ар, Өвөр буюу Гадаад, Дотоод Монгол гэдгийн учир // “Арга билэг” сонин, 1990, №4

Ли Баовэн, Гадаад, дотоод Монгол гэдэг нэрийн үүсэн улирсан асуудалд // Түүх (МУИС-ийн эрдэм шинжилгээний бичиг), боть VII, УБ., 2008, 109-116-р тал

Цэрэндорж Ц., Ар, өвөр, гадаад, дотоод Монгол хэмээх нэрийн тухай // Нүүдэлчдийн өв судлал, №10, УБ., 2010, 197-211-р тал

Сэтгэгдэл бичих