Засгийн газар ипотекийн зээл сунгах хугацааг 2020 оны 11 дүгээр сарын 1-нээс гэж тодотгожээ

оруулсан Алсын Хараа

Эдийн засгийн хүндрэл (цар тахал дэгдсэн)-тэй нөхцөлийн улмаас ипотекийн зээл, зээлийн хүүгийн  эргэн төлөлтийг 2021 оны 7 дугаар сарын 1 хүртэл дахин сунгана” гэж Ерөнхий сайд У. Хүрэлсүх Засгийн газраас цаг үетэй холбогдуулан авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай тогтоолыг бүх нийтэд (Төрийн ордонд) танилцуулахдаа (2020 оны 11 дүгээр сарын 18) хэлсэн юм.

Тэрбээр энэ арга хэмжээг хэрэгжүүлэхдээ ипотекийн зээл олгосон арилжааны банкнуудад анхааруулан “Ипотекийн зээлийг хойшлуулах үйл явц 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжинэ. Арилжааны банкнууд иргэдэд ямар нэг хүндрэл учруулж болохгүй” гэж тодорхой хэлжээ.  Засгийн газраас "Цар тахлын үед эдийн засгийг сэргээж, иргэд, аж ахуйн нэгжийг дэмжих 23 арга хэмжээ"-ний 7 дугаарт ипотекийн зээлийг хойшлуулахдаа 2020 оны 11 дүгээр сарын 1-нээс гэж  цагаан дээр хараар бичжээ . Гэтэл  арилжааны зарим банк иргэдэд хүндрэл учруулаад эхэлсэн байна.

Төрөөс олгосон энэ боломжийг ашиглахаар иргэн "О" хамтран зээлдэгчтэйгээ цуг харилцагч ХААН банкны нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороолол дахь салбарт 2020 оны 11 дүгээр сарын 19-нд  ипотекийн зээлээ  сунгуулах хүсэлт гаргажээ. Гэтэл түүн рүү  тус банкнаас утас цохиж 11 дүгээр сарын зээлээ төлөхийг шаардсан байна. Ипотекийн зээл сунгах  хүсэлт гаргасан гэж хэлсэн боловч зээл сунгалт 12 дугаар сарын 01-ээс эхэлнэ зээлээ төлөх ёстой гэсэн шаардлага тавьсаар байгаа ажээ.  Түүнээс өмнө иргэн “О”  тус банкинд 2020 оны 4 дүгээр сарын 15-нд зээлээ сунгуулах хүсэлт тавьсан  байна. Гэвч ХААН банк түүнийг утсаа аваагүй (залгасан эсэх нь тодорхой бус) сунгаагүй орхижээ. Нэг үгээр хэлбэл,  ипотекийн зээл сунгах анхны боломжийг түүнд олгоогүй аж. Яг энэ нөхцөлд ХААН банк төрөөс иргэнд олгосон боломжийг  нэг удаа “хулгайлсан” байна.

Харин одоо бол ипотекийн зээл сунгах хугацааг цөөрүүлэх гэсэн тус арилжааны банкны явуулга (хууль бус) ганц энэ иргэнд тохиолдсон зүйл биш бололтой. Өнгөн талаас нь харвал энэ үйлдэл ганцхан сарынх мэт боловч тухайн боломжийг ашиглах гэсэн зээлдэгчийн санаа зөв шүү дээ. Гэтэл тус банк зээлдэгч нартаа Засгийн газрын олгосон боломжийг олгохгүй байх, олгосон ч ямар нэг шалтаг заан зээлийн гэрээг хойшлуулахгүй байх бодлого баримталж байгаа нь илт байна. Ингэж Төр, засгаас гаргаж байгаа аливаа шийдвэр дунд, доод шатанд очоод нурдаг болохыг дээрх жишээнээс харж болно.Уг нь зээлдэгч гэдэг бол банкны хувьд дарамтлуулагч нь биш. Харин тэдэнд зээлийн хүү төлж байгаа хөрөнгө оруулагч гэлтэй. Гэвч манай улсад мөнгө зээлүүлсэн бол зээлдэгчийг дарамтлах зах зээлийн бус чиг хандлага арилжааны банкнуудад газар авчээ гэлтэй.

Засгийн газар цар тахлын үед ипотекийн зээлийн төлөх хугацааг 8 сараар хойшлуулж, иргэдийн амьжиргааг дэмжих үүднээс эрх зүйн шинэ орчин бүрдүүлжээ. Ерөнхий сайд тогтоолыг нийтэд мэдээлэхдээ хэрэгжиж эхэлэх хугацааг илүү тодорхой болгосон. Тэгээд ч эрх зүйн шинэ бүрдүүлсэн орчныг амьдралд хэрэгжүүлэхдээ иргэний эрх зүйн орчинг урьд байсан нөхцөлөөс нь дээшлүүлж хэрэгжүүлэх зарчим баримталдаг. Гэвч ХААН банк нэр бүхий иргэдийн ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах Засгийн газрын тогтоолыг амьдралд хэрэгжүүлэхдээ зээлдэгчийн эрхийг зөрчих  магадлал тун өндөр байна.

Сэтгэгдэл бичих