Засгийн газрын шинэ гишүүд тангараг өргөснөөр өнөөдөр УИХ-ын 2020 оны намрын ээлжит чуулганыг хаалаа. Чуулганыг хааж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлэв.
Энэ удаагийн чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн үндсэн асуудлаа дуусгасан, нийт УИХ-ын Байнгын болон дэд, түр хороо 114 удаа, ээлжит чуулган 50-иас доошгүй хоног хуралддаг байсныг 75 болгон өөрчилснөөр, 82 удаа хуралдсан хэмээн УИХ-ын дарга Г.Занданшатар тэмдэглэв. Чуулганаар нийт 87 хууль, 45 тогтоол баталсан бөгөөд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн шинэчлэн найруулсан УИХ-ын тухай, УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулиар зохион байгуулсан анхны чуулган байсныг онцоллоо. Түүнчлэн цар тахлын улмаас гамшгийн үеийн хорио цээрийн үед, байнгын ажиллагаат парламентын тогтвортой ажиллагааг хангаж хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэн цахим технологи ашиглан хуралдсан дэлхийн парламентуудын түүхэнд анхдагч хуралдаан болсныг тэмдэглэлээ.
Тэрбээр, "УИХ-ын намрын чуулган ачаалалтай, идэвх ихтэй болж өндөрлөж байна. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг амилуулах эрх зүйн шинэчлэлийг эрчимтэй эхлүүлэх нь чуулганы гол зорилго байсан" хэмээн тэмдэглээд, энэ хүрээнд, баталсан зарим хууль тогтоомжийн талаар танилцуулав. Тухайлбал, Бага Үндсэн хууль гэж нэрлэдэг, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг баталсан гэдгийг тодотгов. Энэ нь засаг захиргааны шинэчлэл, төвлөрлийг сааруулах томоохон бодлогын бичиг баримт болохын зэрэгцээ засаг захиргааны нэгжид эдийн засаг, нийгмийн асуудлыг бие даан шийдвэрлэх, татварын хувь хэмжээ тогтоох эрх мэдэл олгосон хэмээн онцоллоо. Мөн сумын ИТХ-д улс төрийн намын бүлэг ажиллахгүй, улс төрийн намаас төлөөлөл нэр дэвшүүлэхгүй байхаар хуульд тусгасан. Үүний үр дүнд намын гишүүнчлэлээс илүү сэтгэл зүтгэл, боловсрол, мэдлэг туршлага гол шалгуур болж буйг дурдав.
Хоёрдугаарт, хараат бус, бие даасан шударга шүүхтэй болох Үндсэн хуулийн үзэл санаанд нийцүүлсэн Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан. Ингэснээр, иргэдийнхээ шударга шүүхээр шүүлгэх эрхийг хангах, эрүү шүүлтээс ангид байх, шүүхэд зөвхөн ёс зүй, хууль ноёрхдог тогтолцоо бүрдүүлэх зорилго нэг шатаар урагшилсан хэмээлээ. Шүүгчийн томилгоонд хөндлөнгөөс нөлөөлөх, улс төрийн болон ашиг сонирхлын зөрчлийг арилгах, мерит зарчмыг үндсэн шалгуур болгох зарчмыг тусгасан. ШЕЗ, Шүүхийн сахилгын хороог улс төрөөс хараат бус мэргэжлийн байх зарчмаар сонгон бүрдүүлэхээр заасан. Нийтийн сонсголоор ил тод, ард түмэнтэйгээ хамт шүүгчдийг сонгон шалгаруулах боломж нөхцөлийг бүрдүүлсэн. Шинэ хууль мөрдөж эхлэх цагаас Монгол Улсад хонгилын гэж хэлдэг сүүдрийн дэглэм нуран унаж хуулийн засаглал, шударга шүүхийн тогтолцоо бэхжих болно. Иймд шударга ёсыг сахиж, хүний эрх эрх чөлөө хэрэг маргааныг хэнээс ч хараат бус зөвхөн хуульд нийцүүлэн шийдвэрлэж ёс зүйг эрхэмлэж ажиллахыг нийт шүүгчдэд УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ уриаллаа.
Гуравдугаарт, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл баталсныг цохон тэмдэглэв. Үүгээр хөгжлийн бодлого, төлөвлөлт тогтвортой байна гэсэн Үндсэн хуулийн үзэл санааг хэрэгжүүлж буйг тодруулав. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг мөн баталсан. Энэ нь "Алсын хараа-2050" урт хугацааны хөгжлийн бодлого болон таван жилийн үндсэн чиглэлд суурилж байгаа гэлээ.
Дөрөвдүгээрт, УИХ-ын томилгоонд ил тод, нээлттэй сонгон шалгаруулалт бий болгосон. Энэ хүрээнд ХЭҮК-ын гишүүнийг анх удаа нээлтэй сонгон шалгаруулж томилсон. Мөн АТГ-ын удирдлагыг иргэдийн оролцоотой, нээлттэй сонгох эрх зүйн орчин бүрдүүлсэн хэмээн онцоллоо.
Тавдугаарт, ард түмний засаглал эрхийг хангасан хариуцлагатай, ёс зүйтэй цахим парламент болох шинэ алхам хийлээ. Энэ бол "law.parliament.mn" "lawforum.parliament.mn" цахим систем юм. Ингэснээр, ард түмэнтэйгээ зөвлөлдөн хамтарч хууль боловсруулдаг ардчилллын суурь зарчим хэрэгжинэ хэмээн УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ тэмдэглэв.