-Оюутолгойн гэрээ шинэ Засгийн газрыг дүгнэнэ-
Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдад Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг 100 жилийн түүхтэй МАН-аас нэр дэвшүүлж, журмын нөхөд нь бүрэн дүүрэн дэмжлээ. Ерөнхий сайд болвол хамгийн залуу нь хэмээн олзолж харах нь ч бий, онгичиж харах нь ч байна. “Дөч гарсан эр, дөрөв дарсан ат” гэж ахмадууд зүгээр ч нэг нэрийдээгүй бололтой. Өөрөөр хэлбэл, зорилго, зориг байвал хийдэг нас, хэнд ч олдохгүй хэт том албан тушаал юм. Гэхдээ энэ удаа Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдыг алгаа тосч, ар хойгуур нь гүйж горилоогүй болов уу. Өмнөх Ерөнхий сайдуудыг бодвол маш хүнд нөхцөл байдалд орсон Монгол Улсын гүйцэтгэх засаглалыг хүлээж авах үүрэг түүнд ногдож байна. Баргийн аавын хүү энэ цаг үед барьц сунгах албан тушаал лав биш шүү.
Үүрэг гэхийн учир нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар хоёр дахь парламент дамжин ажиллахдаа Л.Оюун-Эрдэнийн зориг гаргаж, ард түмэнд үр ашгаа өгдөггүй Оюутолгой, Дубайн гэрээг “барьж” авсан явдал. Ард түмэн эндээс маш их хүлээлттэй байгаа. Оюутолгойн гэрээ луйврын гэрээ болсон гэдгийг 2008 оноос хойш манай улстөрчид хэлдэг ч, бодит үр дүнгийн гэрээг үзэглэж, ширээний хоёр талд суугаад тохиролцож, эзэн орны зангараг заалгүй өдий хүрсэн. УИХ-ын 57, 40 дүгээр тогтоол гарсан ч нүүрээ дутуу угаасан хүүхэд шиг өнгөлөн далдлалт төдий хэрэгждэггүй тогтоомжууд байсаар ирлээ. Харин энэ удаа Л.Оюун-Эрдэнэ дээрх “но”-той, ноцтой томоохон төслүүдийн ач тусыг үзэхээр Засгийн газрын ажлын хэсгийг ахалж, судалгаатай тун сайн ажиллаж байгааг учир мэдэх хүмүүс нь хэлээд байгаа. Тиймдээ ч түүнтэй тэрсэлдэх дайсан мундахгүй нь бололтой. Одоогоор Оюутолгой 2051 оноос нааш ашиг тусгүй, асар их өрийн дарамтад оруулах тооцоолол гарсан. Удахгүй судалгаатай мэдээлэл олон нийтэд хүрч, хардлага сэрдлэг намжиж, улс оронд өлзийгөө өгнө биз ээ. Азаар ч гэхүү, аргагүйдээ ч гэх үү Ерөнхий сайд болвол түүнээс ард түмэн хамгийн том хүлээлт нь дээрх төслүүд, ОУ-ын шүүхийн маргаанд хэн ялах зэрэг нь том дүн тавьж таарна. Өмнө нь Оюутолгойн луйврын гэрээг Н.Алтанхуягийн Засгийн газар нэлээд сайн гар дүрэхээр оролдсон ч 7000 ажилтан ажилгүй болох мөргөлдөөнтэй тулаад хүчгүйдэж байсан түүх бий. Дубайн гэрээг Ч.Сайханбилэгийн Засгийн газар кабинетаараа хэлэлцсэн үү, Ерөнхий сайд нь толгой мэдэж хийсэн үү гэдэг нь одоо хүртэл маргаан дагуулсаар буй.
Түмэн бэрхшээлтэй улаан нүүрээрээ тулна
Л.Оюун-Эрдэнийн тэргүүлэх Засгийн газар яггүй сорилт, бэрхшээлтэй улаан нүүрээрээ тулна. Айл бүрийн хаалга тогшин, дэлхийг гудайлгаж буй цар тахал, улс орны эдийн засаг “эвхэрсэн”, улс төрийн доншуучлал ард түмнийг талцуулсан энэ л хүнд цаг үед энэ Засгийн газар ажиллах нь. Дахин хэлье. Маш хүнд ачаа үүрүүлж байгааг нэг тал нь ойлгож, нөгөө тал нь хүлээцтэй байх цаг үе ирлээ. Ноцсонтой нь биш “но”-г нь илчилж, урагш харж ажиллах хэрэгтэй. Шинэ Засгийн газар богино хугацаанд эдийн засгаа хэрхэн өсгөх, дундаж давхаргыг ямар бодлогоор дэмжих, төр засгийн хүнд сурталыг яаж халах зэрэг тоймтой бодлого барьж, тооцоотой ажиллахыг нийгэм шаардана. Энэ гэхдээ зөвхөн Л.Оюун-Эрдэнийн болоод танхимын сайдуудын хийх ажил биш. Биш гээд хойш суух бол бүр ч биш. Хийж хэрэгжүүлэх боломж байна гэж хэлэх гэсэн юм. Учир нь УИХ дахь МАН-ын бүлэг 62 гишүүнтэй. Энэ бол ховорхон боломж. Эв санааны нэгдэл дор атгасан гар шиг ажиллаж чадвал, улс орны хөгжилд чөдөр тушаа болсон олон хуульд өөрчлөлт хийж, Засгийн газар бодлого шийдвэрээ хэрэгжүүлэх боломжтой. Улс төрийн нөхцөл байдал, жагсаал цуглаан, бусдын өдөөн хатгалга тэднийг хагаралдуулахыг хүснэ. Бусад улс төрийн намын зорилго энэ шүү дээ. Үүнд автахгүйгээр Засгийн газар, намын мөрийн хөтөлбөрийнхөө төлөө ажиллаж чадвал МАН-д мөн ч том боломж харагдах юм даа. Эс бөгөөс ховловол гутдагийн жишиг болж, бусдад өгөөш, дараагийн ялагдал болохыг тэд бүгд мэднэ. 62 гишүүнийг салбар салбарт нь тархийг нь ажиллуулж чадвал, чамгүй амжилт гарна шүү.
Нийгэм өнөөдөр бухимдалтай байна. Шүдэнз зурах төдийд галдахаар байна. УОК-ын хөл хорио, төрийн албаны дунд шатны хүмүүсийн ажлын гүйцэтгэлтэй холбоотой бухимдал хаа сайгүй байна. Алдааг нь давтахгүй, амжилтыг нь гудайлгахгүй авч явах том үүрэг хариуцлага ирлээ.
Алсын хараа 2050-аа хэрэгжүүлж чадах уу?
МАН-ын түүхт 100 жилийн ой өнөө хавар тохионо. Намын баяраар алдаа оноогоо дэнсэлж, амжилт бүтээлийн зүг хөдөлнө. Ерөнхийлөгчийн сонгууль ч үргэлжлэнэ. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын хувьд хийх ажил нь тодорхой. “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого баталсан. Засгийн газраас баталсан дунд, богино хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийг “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогод нийцүүлэхээр баталсан. Иймд шинэ Засаг танхимаа бүрдүүлж чадвал хийх ажил нь тодорхой, харин хэр сайн хэрэгжүүлж чадах вэ л гэдэг асуулттай тулах болов уу?