Энэ сарын 22-нд буюу баасан гарагт, мөн энэ сарын 31-нд БНСУ руу нэмэлт нислэг хийж, 320 орчим монгол иргэнийг эх оронд нь авчрах шийдвэр гарсан тухай Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг мэдээллээ.
Энэхүү төлөвлөгөөг ГХЯ, УОК-ын Шуурхай штабтай хамтран дотоодын нөөцтэйгөө уялдуулан гаргаж, өнөөдөр олон нийтэд албан ёсоор зарлаж байгааг УОК-ын Шуурхай штабын хэвлэлийн хурлын үеэр тэрбээр тодотгоод, "Нэгдүгээр сарын 15-нд манай улсын иргэд хамгийн олноор оршин суудаг БНСУ руу нэг нислэг үйлдсэн. Одоо хийх хоёр нислэгтэй нийлээд энэ сард үндсэндээ гурван нислэг хийнэ. Харин 2 дугаар сарын тусгай нислэгийн төлөвлөгөөний талаар нэгдүгээр сарын 27-ны өдөр албан ёсоор зарлана" гэв.
Сүүлийн хоёр сарын хугацаанд эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийн тоо огцом нэмэгдсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 8433 иргэн ийм хүсэлт гаргасан байна. Үүний 2659 нь яаралтай ирэх шаардлагатай хүмүүс байгаа аж. Бүсчлэн авч үзвэл, Ази тивээс 6315, Хойд америк тивээс 1478, Австрали тивээс 93, Африк тивээс 3, Европ тивээс 544 хүн хүсэлт гаргажээ.
Дэлхий даяар коронавируст халдвар тархаж эхэлсэнтэй холбоотойгоор Монгол Улс хилээ хааснаас хойш гадаадын 93 орноос тусгай онгоцоор 21 522, авто замаар ОХУ-аас 2417, БНХАУ-аас 4228 иргэнээ нийт 28195 иргэнээ манай улс татан аваад байгаа юм.
"COVID-19" халдварын дотоодын хавьтал болон гадаад орнуудаас ирсэн иргэдээ байрлуулдаг тусгаарлан ажиглах байрыг хэрхэн зохион байгуулж ажилладаг талаар УОК-ын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр мэдээллээ.
Тусгаарлан ажиглах байр дотроо ногоон, улаан, шар гэсэн 3 бүсэд хуваагддаг байна. Үүнээс ногоон бүсэд ихэвчлэн хоол үйлдвэрлэл явагдаж энэ бүсийг тусгаарлан ажиглах байрыг ашиглуулж буй ААН хариуцдаг байна.
Шар нь улаан бүсээс дамжин ногоон бүс рүү шилжих үеийн завсрын бүс юм. Энэ нь улаан бүсэд ажилласан алба хаагчид ногоон бүс рүү шилжихийн өмнө халдвар хамгааллын дэглэмийг сахиж, халдваргүйтгэл хийдэг байна. Улаан бүсэд ажиглалтад байгаа иргэд, тэнд үүрэг гүйцэтгэж буй онцгой байдлын болон эрүүл мэндийн эмч ажилтнууд ажилладаг.
Тэгвэл тусгаарлан ажиглах байрны ажилтнууд ямар үүрэгтэй байдаг вэ гэвэл, резидент эмч нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлдэг. Түүнчлэн нь хоол түгээх ажлыг зохион байгуулдаг аж.
Онцгой байдлын алба хаагч нь тусгаарлан ажиглах байрны дотоод аюулгүй байдлыг сахиулахын зэрэгцээ, резидент эмчид дэмжлэг үзүүлэх чиглэлээр үүрэг гүйцэтгэдэг байна.
Харин цагдаагийн байгууллагын ажилтнууд нь бүхэлдээ аюулгүй байдлыг хангуулан, харуул хамгаалалтыг зохион байгуулж, гарсан зөрчлийг арилгуулах үүргийг гүйцэтгэдэг аж.
Нийслэл Улаанбаатар хотод өнөөдрийн байдлаар 29 тусгаарлан ажиглах байранд онцгой байдал, эрүүл мэнд, цагдаагийн нийт 258 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна. Тусгаарлах байранд дэглэм сахиж байгаа эсэхийг тагнуулын байгууллага камераар хянаж буйг тэрбээр мөн дурдав.