ХӨСҮТ-ийн мэдээлснээр, улсын хэмжээнд өчигдөр буюу энэ сарын 10-нд хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 13 тохиолдол бүртгэгдлээ.
ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн авто хоёр лаборатори, Сэлэнгэ, Дархан-Уул, Сэлэнгэ, Дорнод аймгийн салбар лабораторид нийтдээ 14 216 хүнд PCR-ийн шинжилгээ хийжээ.
Шинээр илэрсэн тохиолдлууд Улаанбаатар хотод бүртгэгджээ. "Тэнүүн-Огоо" компаниас гаралтай гэр бүлийн халдвар, "Ачтан" эмнэлэг, "Мөнххада" ХХК-тай холбоотой буюу батлагдсан тохиолдлуудтай ойр харилцсан хүмүүсээс халдвар илэрсэн байна. "Ачтан" эмнэлгийн халдварын тохиолдол нийт 47 болсноос 21 нь эмнэлгийн ажилчид бол бусад нь гэр бүлийн хүмүүс, гэр бүлийн гишүүдээс дамжсан халдвар юм. "Тэнүүн-Огоо" компанийн хувьд жолооч нар тэдний гэр бүлийн гишүүд нийт 14 тохиолдол болж байна. "Мөнххада" ХХК-ийн 8 ажилтан, тэдний гэр бүлийнхэн гээд 25 тохиолдол бүртгэгджээ. Бусад аймагт сүүлийн 24 цагт коронавирусний халдвар бүртгэгдээгүй.
Улсын хэмжээнд коронавируст халдварын нийт батлагдсан тохиолдол 1442 болж байна. Үүнээс 396 хүн эдгэрээд байгаа бол 535 хүн эмчлүүлж байгаа юм.
Дэлхий дахинаа одоогоор гурван төрлийн мутацид орсон шинэ вирус бүртгэгдээд буйг ЭМЯ-ны Ахлах шинжээч Д.Нарангэрэл өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.
Нэгдүгээрт, В1.1.7 вирусийг 2020 оны 12 дугаар сарын 14-нд Их Британи улсаас ДЭМБ-д мэдээлжээ. Дэлхийн 40 орчим улсад бүртгэгдээд байна. Энэхүү вирус нь SARS-CoV-2 вирусээс халдварлуулах чадвар өндөртэй, дундаас хүнд зэргийн өвчлөл үүсгэж, бага насны хүүхэд залуучууд зонхилон өвдөж байгаа юм. Суулгах, гүйлгэх шинж тэмдэг давамгайлан илэрч байна. Иймээс өвчлөл бүртгэгдэж буй орнууд эрүүл ахуй, орчны бохирдлын талаар анхаарах шаардлагатайг эрдэмтэд зөвлөж байгаа. Агаар дусал, амьсгал, ахуй хавьтлын замаар халдварлаж байгаа бөгөөд сэргийлэх арга хэмжээ нь уламжлалт аргуудаа хэрэглэж болно гэсэн дүгнэлт гарч байгаа аж.
Хоёрдугаарт, D614G вирусний хувилбар Дани улсаас гаралтай, 2020 оны 1,2 дугаар сараас эхэлсэн бөгөөд 6 дугаар сараас дэлхий даяар тархаж эхэлсэн. SARS-CoV-2 вирусээс халдварлуулах чадвар өндөртэй гэж судлаачид үзэж байна.
Гуравдугаарт, 501.V2 вирус Өмнөд Африкаас тархаж эхэлснийг ДЭМБ-д 2020 оны 12 дугаар сард мэдээлсэн байна. Цаашдаа амьтанд халдварлуулах магадлалтай гэж судлаачид үзжээ. Тархах чадвар өндөр бөгөөд одоогоор дөрвөн улсад тархсан байна.
ДЭМБ-аас сүүлийн гурван сарын хугацаанд эдгээр вирусний мутаци харьцангуй өндөр байна хэмээн эрсдэлийн үнэлгээ хийжээ. Үнэлгээгээр, вирус мутацид дахин орох боломжтой, амьтан өвчлөх эрсдэлтэй учир цаашид вирусний судалгааг үргэлжлүүлэх шаардлагатай гэж үзсэн байна. Ингэхдээ вирусний удам зүйн шинжилгээ хийх, халдварын хяналт сайжруулах, амьдралын шинэ хэв маягт шилжих хэрэгтэй хэмээн зөвлөжээ.