Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд хийсэн PCR шинжилгээгээр 23 хүнд коронавирус илэрчээ.
ХӨСҮТ-ийн вирус судлалын 2 лаборатори, ЗӨСҮТ болон явуулын 2 лаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн салбар лабораторид өчигдөр буюу энэ сарын 3-нд нийт 12 621 хүнд шинжилгээ хийсэн байна.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэхдээ, “Эдгээр тохиолдлын хоёр нь гадаадаас зөөвөрлөгдсөн буюу 12 дугаар сарын 20-нд Токио-Улаанбаатарын нислэгээр ирсэн иргэдийн гурав дахь давтан шинжилгээгээр илэрлээ. Мөн Цэргийн төв эмнэлгийн хоёр ажилтнаас халдвар илэрсэн. Бусад 19 тохиолдол нь Улаанбаатар хотод гарч байгаа халдварын батлагдсан тохиолдлын хавьтлуудаас илэрлээ. Тодруулбал, ХСҮТ-ийн батлагдсан тохиолдлын гэр бүл, “Мөнххада” компанийн батлагдсан тохиолдлын гэр бүл, БЗД-ийн нэгдсэн эмнэлэгтэй холбоотой халдварууд бүртгэгдлээ” хэмээв.
Өнөөдрийн байдлаар, манай улсад коронавирусний халдварын тохиолдол 1286 болжээ. Үүнээс 878 хүн эдгэрээд буй юм. Сүүлийн 24 цагт 9 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ.
Бусад аймагт халдвар бүртгэгдээгүй байна.
ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт 398 хүн эмчлүүлж байна. Тэдний хоёр нь маш хүнд, 9 нь хүнд, 125 нь хүндэвтэр, 262 хүн хөнгөн оноштой байгаа аж.
ДЭМБ-ын аргачлалын дагуу хамтарсан багууд өчигдөр 19 дэх үнэлгээг хийхэд Улаанбаатараас орон нутаг руу халдвар тархах эрсдэл маш өндөр гэсэн дүгнэлт гарсан байна.
Энэ тухай ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Чимэдсүрэн танилцуулсан юм. Монгол Улсад 2020 оны 11 дүгээр сарын 11-нээс хойш зургаан аймагт коронавирусний кластер голомт гарч, Улаанбаатар хотын голомт идэвхтэй хэвээр байна.
ДЭМБ-ын мэдээлснээр, нууц үеийн дээд хугацаа 14 хоногоос хоёр дахин их буюу 28 хоногоос дээш хугацаанд халдвар илрээгүй тохиолдолд уг голомт зогсож хумигдлаа гэж үздэг. Өнөөдөр Дархан-Уул, Орхон, Говьсүмбэр аймаг, Архангай аймгийн Батцэнгэл суманд халдварын голомт үндсэндээ хумигдаад байгаа аж.
Дорноговь аймгийн Замын-Үүд, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын голомт хяналтад байгаа бол Улаанбаатар хотод хамгийн идэвхтэй байна. Тиймээс 21 аймаг руу Улаанбаатараас халдвар тархах эрсдэл маш өндөр байгааг тэрбээр анхаарууллаа.
Орон нутгуудад халдварын голомт гарахтай зэрэгцэн Эрүүл мэндийн сайдын тушаалаар тухайн аймгуудад 1-3 баг илгээж маш шуурхай хариу арга хэмжээ авсан байна. Тухайн багуудад түргэн оношилгоо, илрүүлэг хийж халдвар бүртгэгдсэн аймгуудад 133 мянган иргэнийг PCR шинжилгээнд хамруулжээ. Голомтын хавьтлыг тогтоох, эрсдэлт бүлгийг шинжлэх ажлыг салбарын оролцоотой шуурхай хийсэн учраас аймгуудын голомтын халдварлалт зогссон гэж үзэж байгаа аж.