Монгол Улсад “COVID-19" халдварын нийт тохиолдлын тоо 1098 болж өмнөх өдрөөс 16-гаар нэмэгдсэн тухай ХӨСҮТ-өөс мэдээлэв. Эдгээр тохиолдол бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн бөгөөд 10 нь БЗД-ийн нэгдсэн эмнэлгийн голомтоос илэрсэн бол 2 өвчтөн, 8 гэр бүлийн хүмүүс байна. Зургаан тохиолдол нь Цэргийн төв эмнэлэгт эмчилгээ үйлчилгээ явуулж буй эмч, сувилагч, ариутгагч нар 14 хоногийн тусгаарлалд ажиглатын хугацааны 7 дахь хоногт халдварт өртсөн байна.
Улсын хэмжээнд ХӨСҮТ-ийн вирус судлалын 3 лаборатори, ЗӨСҮТ, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон аймгийн салбар лабораторид өчигдөр буюу энэ сарын 27-нд нийт 8894 хүнд PCR шинжилгээ хийжээ.
Сүүлийн 24 цагт Сэлэнгэ, Дархан-Уул аймаг, Орхон, Говьсүмбэр, Архангай аймагт коронавирусний халдвар шинээр бүртгэгдээгүй байна.
БЗД-т гарсан томоохон дэгдэлт голомттой холбоотой 194 тохиолдлын 19 нь эрүүл мэндийн ажилтан, их эмч 6, сувилагч 8, үйлчлэгч 3, эм зүйч, жолооч тус бүр нэг хүн байна. Бусад нь гэр бүлийн гишүүн 59, өвчтөн 86, сахиур 24, хавьтал 6 хүн байгаа юм.
Одоогоор, Монгол Улсад батлагдсан "COVID-19" халдварын 1137 тохиолдлын 711 нь эдгэрчээ.
ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт коронавируст халдвартай 416 хүн эмчлүүлж байна. Тэдний биеийн байдлыг үнэлбэл, маш хүнд хоёр, хүнд найм, хүндэвтэр 56, хөнгөн 350 хүн байна.
ЭМЯ-наас 2021 оны 1 дүгээр сарын 6-наас хойш хөл хориог сунгах санал одоогоор УОК-т гаргаагүй хэмээн өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.
Энэ үеэр эмч, мэргэжилтнүүд сэтгүүлчдийн асуултад хариулман юм.
-ХСҮТ-д гарсан халдварын эх голомт нь нас барсан хүнээс үүдэлтэй гэсэн мэдээлэл гарсан. ХСҮТ-өөр үйлчлүүлэгчид хэрхэн үйлчлүүлэх вэ?
-Халдварын дэгдэлтийн дараах алаг цоог дэгдэлтэд хүмүүс өртөх эрсдэл өндөр тул эрүүл мэндийн байууллагын ажилчид эмчилгээ үйлчилгээ явуулж байх явцдаа халдвар авах эрсдэлтэй. Хавдрын шалтгаантай өвчтөн Баянзүрх дүүргийн эмнэлгээр үйлчлүүлээд эргэж очоод ХСҮТ болон үндэсний том төвөөр үйлчлүүлнэ. Тиймээс энэ эрсдэл байгаа. Бид судалж тандаж байна.
ХСҮТ-ийн батлагдсан тохиолдлын эмнэлгийн ажилтны үйлчилдэг байсан тухайн хэсгийг тусгаарлан, ойрын хавьтлын 100-гаад хүнийг ажиглах байранд тусгаарласан. Мөн хоёрдогч болон гуравдагч хавьтлыг тогтоогоод байна. Тэгэхээр Хавдрын эмнэлгийн тэр хэсгийг тусгаарласан.
-Цэргийн төв эмнэлэгт халдвар хамгааллын дэглэм алдсан юм биш үү?
-Цэргийн тэв эмнэлэгт эрүүл мэндийн ажилтны өвчлөл гарсан. Дэлхий дахинаа учирч буй эрсдэл адилхан. Эмнэлгийн ажилчид өртөнө. Дэлхийд гарч буй цар тахал Монголд гарч байна. Монголын эмч нар дэлхийн эмч, эмнэлгийн ажилчидтай адил тусламж үйлчилгээ явуулж байгаа. Энэ бол маш мэдрэг вирус учир халдвартай, өвчтэй хүнтэй харьцаж буй хүн бүрт эрсдэл өндөр байгаа.
-Улс орнууд коронавирусний эсрэг вакцин хийж эхэлсэн. Манай улсад яг хэзээнээс вакцин орж ирэх вэ?
-Өнгөрсөн 7 дугаар сараас вакцин авах ажлыг хөөцөлдөж эхэлсэн. Сангийн сайдаар ахлуулсан баг удирдан зохион байгуулж буй. Ковакс хөтөлбөрийн болон хөрш зэргэлдээ бусад улс оронд бүртгэгдсэн вакцин авах ажлын багт ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга болон мэргэжлийн хүмүүс ажиллаж байгаа. Вакцин тараах, түгээх төлөвлөгөө гаргасан.
-Зэвсэгт хүчний дугаар ангид ажилладаг иргэнээс коронавирусний халдвар илэрсэн гэх мэдээлэл өчигдөр олон нийтийн сүлжээнд гарсан. Энэ талаар тодруулна уу?
-Цэргийн ангид ажилладаг хүний гэр бүлийн гишүүн нь өвдсөн учраас хоёрдогч хавьтал юм. Хоёрдогч хавьтлуудыг шинжилгээнд оруулдаг учир тэр журмаараа шинжилгээ авна. Кластер өвчлөлтэй байгаа энэ үед ард иргэдийн дунд халдвар тарах эрсдэлээс хамгаалж хавьтал, хавьтлын хавьтлыг тогтоож шинжилгээ авч байгаа. ДЭМБ-ын зөвлөмжид хоёрдогч хавьтлаас шинжилгээ авах тухай байдаггүй. Гэхдээ бид өөрийн улс орны онцлогт тохируулан хүн амын дундах тархалт болгохгүйн тулд өргөн хүрээнд ийнхүү тандалт хийж байгаа юм.