Улсын хэмжээнд ХӨСҮТ-ийн вирус судлалын 3 лаборатори, ЗӨСҮТ, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон аймгийн салбар лабораторид энэ сарын 25-нд нийт 14 227 хүнд хийсэн PCR шинжилгээгээр 7 хүнд коронавирус илэрчээ.
Эдгээр тохиолдлын дөрөв нь БЗД-ийн нэгдсэн эмнэлгийн голомтоос илэрсэн бол ХСҮТ-ийн хоёр ажилтан, тэдэнтэй ойр харилцсан нэг хүн коронавирусээр халдварлажээ. “Эмч, ажилчид халдварын эрсдэлтэй хүнтэй ажиллаж байсан учраас халдвар авсан гэсэн урьдчилсан мэдээлэл байна. ХСҮТ-д тандалт судалгааг явуулж, ойрын хавьтал 112 хавьтлыг тусгаарласан. Мөн дам хавьтал 500 гаруй хүнийг илрүүлж, шинжилгээнд хамруулж байгаа. Урьдчилсан байдлаар 400 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй” гэдгийг ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр тодотгов.
Сүүлийн 24 цагт Сэлэнгэ, Дархан-Уул аймаг, Орхон, Говьсүмбэр, Архангай аймагт коронавирусний халдвар шинээр бүртгэгдээгүй байна. Өнөөдрийн байдлаар, Монгол Улсад "COVID-19" халдварын тохиолдол 1082 болж бүртгэгдэж байна. Үүнээс 711 хүн эдгэрээд буй юм. ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт коронавируст халдвартай 362 хүн эмчлүүлж байна.
ХӨСҮТ-д өнөөдөр 30 настай бүсгүй амаржиж, 3.2 кг хүү төрүүлсэн талаар ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал тус яамны өнөөдрийн ээлжит мэдээллийн үеэр онцлов. Тэрбээр, “ХӨСҮТ-д коронавирусний халдвартай 22 хүн эмчлүүлж байна. Одоогоор 25 настай жирэмсэн эмэгтэйн биеийн байдал хүнд байгаа. Цэргийн төв эмнэлэгт 195 хүн эмчлүүлж байгаагаас маш хүнд 2, хүнд 65, хүндэвтэр 53 байна. Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт халдвар гарсан тул тус дүүргийн иргэдийг Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг, Улсын хоёрдугаар төв эмнэлэг, АШУҮИС-ийн эмнэлэгт, Сонгинохайрхан дүүргийн эмнэлэгт үзэж байгаа.
Баянзүрх дүүргийн эмнэлэгт 194 хүн байгаагаас 102 нь эмч, эмнэлгийн ажилтан бусад нь өвчтөн байна. Өчигдөр буюу энэ сарын 25-нд нэг хүн тус эмнэлэгт нас барсан бөгөөд цээжний булчин сулрах өвчинтэй, даралт их, чихрийн шижингийн шинжтэй, элэгний С вирусний архаг өвчинтэй байсан. Дагалдах онош нь “COVID-19” байсан юм” гэлээ.
Тусгаарлалтыг хоёр чиглэлээр зохион байгуулж байгааг УОК-ын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.
Улаанбаатар хотод 13 тусгаарлан ажиглах байранд 983 хүнийг тусгаарлаж байна. Захиалгат нислэгээр ирсэн 558 хүн 10 тусгаарлах байранд байгаа юм. Нийт 1541 хүнийг Улаанбаатар хотод тусгаарлан ажиглаж байгааг тэрбээр дурдлаа. Орон нутагт 14 тусгаарлах байранд нийт 112 хүн байна. Одоогоор тусгаарлан ажиглах байранд онцгой байдлын байгууллагын 57, цагдаагийн байгууллагын 94, эрүүл мэндийн байгууллагын 72, нийт 223 төрийн албан хаагч үүрэг гүйцэтгэж байна.
Шуурхай штабаас өчигдөр орой ХСҮТ-д илэрсэн тохиолдлын ойрын хавтлын 81 хүнийг “Кентавр” зочид буудал руу шилжүүлсэн байна. Өнөөдөр тусгаарлан ажиглах байрнаас 558 иргэн гэрийн ажиглалтад шилжсэн. Гэрийн ажиглалтад шилжсэн хүмүүсийг халдвар хамгааллын дэглэмийг ягштал сахиж байхыг тэрбээр энэ үеэр сануулсан юм.
ХӨСҮТ-өөс эдгэрсэн 127 иргэнийг Хан-Уул дүүрэг дэх Яармагийн 300 ортой эмнэлэг рүү шилжүүлжээ. Яармагийн эмнэлгээс 343 иргэн гэрийн ажиглалтад шилжсэн байна. Ингэхдээ шууд гэрт хүргэх байдлаар зохион байгуулах ажлыг хийж буйг тэрбээр тэмдэглэсэн юм. Өдөрт дунджаар 5100 алба хаагч үндэсний хэмжээнд үүрэг гүйцэтгэж байгаа аж.