Улсын хэмжээнд ХӨСҮТ-ийн вирус судлалын 3 лаборатори, ЗӨСҮТ-ийн нян судлалын төв лаборатори, явуулын 2 авто лаборатори болон Сэлэнгэ, Дархан-Уул, Дорнод, Орхон аймгийн салбар лабораторид өчигдөр буюу энэ сарын 21-нд нийт 12 357 хүнд хийсэн PCR шинжилгээгээр 13 хүнд коронавирус илэрчээ.
Эдгээр тохиолдол нь БЗД-ийн нэгдсэн эмнэлгийн голомтоос илэрсэн байна. Энэ тухай ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэхдээ, “Эмнэлгийн ажилтан хоёр, сахиур хоёр, өвчтөн дөрөв, гэр бүлийн хавьтал таван хүнээс коронавирус илэрсэн. Ингэснээр Улаанбаатар хотод коронавирусний халдварын 219 тохиолдол болж байна” гэдгийг тодотгов. Мөн тэрбээр, өчигдрөөс хойш 113 шинэ хавьтлыг нэмж илрүүлэн тандалт судалгаанд оруулсан. БЗД-т бүртгэгдсэн 75 тохиолдлын ойрын хавьтал 1249 хүнийг илрүүлэн шинжилгээнд хамруулснаас 240 хүний давтан шинжилгээг хийсэн гэдгийг дурдсан юм.
Сүүлийн 24 цагт Дархан-Уул аймаг, Орхон, Говьсүмбэр, Архангай, Сэлэнгэ аймагт коронавирусний халдвар шинээр бүртгэгдээгүй байна. Өнөөдрийн бабйдлаар, Монгол Улсад коронавируст халдварын тоо 1006 болж бүртгэгдэж байна. Үүнээс 541хүн эдгэрээд буй юм. ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт коронавируст халдвартай 456 хүн эмчлүүлж байна. Тэдний нэг нь маш хүнд, 6 нь хүнд, 29 нь хүндэвтэр, 420 нь хөнгөн байгаа аж.
Улаанбаатар хотод коронавирусээр халдварласан хүнтэй ойр харилцсан 1804 иргэнийг тогтоон, ажиглан хянаж байгааг УОК-ын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр мэдээллээ. Нийслэлийн Баянзүрх дүүрэгт 12, Сонгинохайрхан дүүрэгт нэг байршил цагдаагийн хамгаалалтад, тусгаарлан ажиглах цэг болоод байгаа. Энэ ажиллагаанд өдөрт дунджаар 3490 орчим төрийн албан хаагч үүрэг гүйцэтгэж байна.
Шуурхай штабаас тусгаарлан ажиглах үйл ажиллагааны хяналтыг чангатгаж, тагнуулын байгууллага хөндлөнгийн хяналт хийж байна. Тусгаарлан ажиглах байрыг бүрэн камержуулж, хяналтыг чангатгаад байгаа.
“Ингэснээр хаана, ямар хүн зөрчил гаргаж буй мэдээллийг цаг тухайд нь авч байна. Халдвар, хамгааллын дэглэм зөрчсөн ажилтан, иргэнтэй холбогдож, хариуцлага тооцохыг сануулсан. Тусгаарлан ажиглах байрны сахилга, дэг журам чанга чангарсан, санамсагүй, хэнэггүйгээсээ зөрчилд холбогдвол ноцтой байдал үүснэ. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотой халдар хамгааллын дэгэмийг ягштал мөрдөхийг сануулж байна. Үүнд иргэний хариуцлага, дэг журам, сахилга, зохион байгуулалт чухлыг олон улс орон, мэргэжлийн байгууллага, эрдэмтэн судлаачид сануулж байгаа. Ингэснээр цар тахлыг хохирол багатай давна” гэдгийг тэрбээр сануулав.
ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл нар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Монгол Улсад бүртгэгдсэн нийт голомтоос хэд нь бүрэн хумигдсан бэ?
-А.Амбасэлмаа: Монгол Улсад 11 дүгээр сарын 11-нээс коронавируст халдвар бүртгэгдсэн. Үүнтэй холбоотой Улаанбаатар хот, зургаан аймагт голомт бүртгэгдсэн. Анхны голомт аймгуудад кластер хэлбэрээр өвчлөл бүртгэгдсэн учир хариу арга хэмжээ авч хэрэгжүүлсний үр дүнд өнөөдөр зарим голомт хяналтад орсон. Тухайлбал, Говьсүмбэр, Архангай аймагт 12 дугаар сарын 1-нээс хойш халдвар бүртгэгдээгүй. Эдгээр аймагт 22 хоног халдвар бүртгэгдээгүй гэсэн үг. Өмнө нь хэлж байсанчлан, халдварын нууц үеийн хугацааны 14 хоногт хатуу хөл хориотой, хатуу дэглэмтэй ажиллана. Энэ үед халдвар авсан эрсдэл бүхий хүмүүс олон байдаг учир 14 хоногт ойрын хавьтлыг тандан судалдаг. Үргэлжлүүлээд 14 хоногт хяналт тандалт хийх бөгөөд алаг цоог байдлаар халдвар гарах эсэхийг хянадаг. Тэгэхээр Говьсүмбэр, Архангай аймагт хяналт, ажиглалт хийж байна. Мөн Дархан-Уул аймагт 12 дугаар сарын 4-нөөс хойш өвчлөл бүртгэгдээгүй. Сэлэнгэ аймаг болон Улаанбаатар хотод өмнө гарсан голомтын 14 хоногийн нууц үеийн хугацаа дуусаагүй. Үндсэндээ өмнөх голомтуудад авч хэрэгжүүлсэн арга хэмжээ үр дүнтэй байсан.
-Франкфурт хотоос ирсэн халдвартай тохиолдлууд нь Их Британид тархаад буй мутацид орсон вирусээр халдварласан байж болзошгүй гэх таамаг гарч байна. Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан өчигдөр мэдээлэхдээ, Монгол Улс коронавирусний мутацийг илрүүлэх боломжгүй гэсэн. Вирусний хувьслыг тогтоохгүйгээр вакцин захиалах нь хэр оновчтой вэ?
Д.Нарангэрэл: Англи улсаас гаралтай Дани, Швед болон Европ, цаашлаад Африкийн орнуудад хувьсалд орсон коронавирусний халдвар гарч, харьцангуй их тархалттай байна гэсэн судалгаа гарсан.
ДЭМБ-ын өчигдрийн мэдээллээр, Англи болон Европод шинэ омгийн коронавирус халдварлаж байна. Африкийн орнуудад гарч байгаа нь арай өөр төрлийн вирус байна. Үүнийг судалж байгаа. Гэхдээ энэ бол коронавирусний мутацид орсон нэг хэлбэр гэж үзэж байгаа. Ер нь, дэлхий дахинд Уханиас гаралтай коронавирус жижиг жижиг өөрчлөлтөд орж байсан. Гэхдээ Англи улсад гарсан вирус генийн мутацид орсон байж магадгүй байна.
Уханийн вирус гарснаас хойш дэлхий дахинд найман кластер багц байна гэж үзэж байсан. Манай орны хувьд, дөрөвдүгээр сарын сүүлчээр судалгаа хийж Европ руу явуулахад нэг нь бүртгэлд орсон. Энэ талаар Монголын вуруслогийн академич маргааш дэлгэрэнгүй мэдээлэл өгнө.