Иргэдийн эрчим хүчний хэрэглээний төлбөрийг бууруулах тухай асуудалд Эрчим хүчний сайд Н.Тавинбэх байр сууриа илэрхийлэв.
Тэрбээр "Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан энэ амаргүй цаг үед хэрэглэгчийн цахилгаан, дулааны хангамжид доголдол гарах учиргүй. Тэр утгаар эрчим хүчний салбарын 15 мянга гаруй ажилтан албан хаагч бүх нийтийн бэлэн байдалд ажиллаж 24 цагаар тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Өнөөдөр хэрэглэгчдэд борлуулж байгаа цахилгаан, дулааны эрчим хүчний үнэ өртгөөсөө бага байгаа тул хэрэглэгчдийн цахилгаан, дулааны эрчим хүчний үнийг хямдруулах, үнэгүй болгох асуудал нь салбарын хувьд санхүүгийн боломжгүй. Үнэ нэмэгдсэн гэдэг бол ташаа мэдээлэл гэдгийг албан ёсоор хэлье.
Монгол Улсын хэмжээнд сард 87 тэрбум төгрөгийн цахилгаан дулааны эрчим хүч хэрэглэдэг. Хэрэв хөнгөлөлт үзүүлнэ гэвэл ийм хэмжээний санхүүгийн эх үүсвэрийг бусад эх үүсвэрээс зээлэх шаардлагатай болно гэсэн үг.
Гэхдээ энэ хэцүү цаг үед хэрэглэгчдэд зориулсан арга хэмжээ авч байна. Жишээ нь эрчим хүчний салбараас хэрэглэгчдэд үзүүлдэг байсан төлбөртэй үйлчилгээг төлбөргүй үзүүлж байна. Хугацаа хоцорсон цахилгаан дулааны төлбөртэй холбоотой цахилгаан эрчим хүчний хэрэглээг хэрэглэгч дээр огт түдгэлзүүлэхгүй байгаа" гэлээ.