Улсын хэмжээнд ХӨСҮТ-ийн вирус судлалын 3 лаборатори, ЗӨСҮТ-ийн нян судлалын төв лаборатори, явуулын 2 авто лаборатори болон Сэлэнгэ, Дархан-Уул, Дорнод, Орхон аймгийн салбар лабораторид өчигдөр буюу энэ сарын 17-нд нийт 9070 хүнд хийсэн PCR шинжилгээгээр 18 хүнд коронавирус илэрчээ.
Эдгээр тохиолдол нь БЗД-ийн нэгдсэн эмнэлгийн голомтоос илэрсэн байна. Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэхдээ, “Баянзүрх дүүргийн эмнэлгийн голомтын халдвар нийт 20 болж байна. Эхний батлагдсан тохиолдлууд халдвар гарч байсан голомт бүхий газарт амьдардаг бөгөөд тухайн бүс нутгаас эхтэй халдварын голомт үүссэн байх магадлал өндөр байгаа. Гэхдээ хавьтлыг тандан судлах ажил үргэлжилж байна. Батлагдсан тохиолдлуудын хавьтал 645 хүнийг олж тогтоон, 266 хүнийг тусгаарлан ажиглах байранд тусгаарласан. Эхний 469 хүнд хийсэн хавьтлын шинжилгээгээр халдвар илрээгүй. БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт эмч, ажилчин, өвчтөн гээд 379 хүний тусгаарлаад байна” хэмээв.
Сүүлийн 24 цагт Дархан-Уул аймаг, Орхон, Говьсүмбэр, Архангай аймагт коронавирусний халдвар шинээр бүртгэгдээгүй байна. Улаанбаатарт 163, Сэлэнгэд 216, Дархан-Уулд 45, Орхонд 25, Говьсүмбэрт 4, Дорноговьд 32, Архангайд 3 тохиолдол нийт дотоодын халдварын тохиолдол 488 болжээ.
Өнөөдрийн байдлаар, Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын тоо 923 болж бүртгэгдэж байна. Үүнээс өнөөдөр 89 хүн эдгэрснээр 473 буюу 50 хувь нь эдгэрээд буй юм.
ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт коронавируст халдвартай 459 хүн эмчлүүлж байна. Тэдний нэг нь маш хүнд, гурав нь хүнд, 32 нь хүндэвтэр, 423 нь хөнгөн байгаа аж.
ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-БЗД-ийн эмнэлгийг шинэ голомт гэж үзэж болох уу. Анхны халдвартай хүн хаанаас халдварласан бэ?
-Шинээр 18 тохиолдол бүртгэгдлээ. Халдварын эх уурхай, хүний нэр хэлэхгүй. Халдварын эх уурхай эхний тохиолдол бол өмнө нь өвчлөл бүртгэгдэж байсан БГД-ийн төмөр замын хэсэгт байгаа хүмүүс өртсөн. Тиймээс халдвар тэндээс улбаатай байх магадлалтай. Гэхдээ эцсийн дүгнэлт гараагүй байна. Халдварын эх уурхай тэрнээс, энэнээс болсон, тэр голомтоос үүдсэн гэж хэлэх нь хүн хоорондын харилцаанд нөлөөлж байна. Тэгж хэлснээс болж манай өвчтөнүүд сэтгэл санаагаар унах, даралт нь ихсэх зэрэг асуудлаар надад гомдол тавьдаг. Тиймээс бид нутаг дэвсгэрийн хувьд голомт бүртгэгдсэн газраас өвчлөл гарлаа гэдгийг хэлж байгаа.
Бид халдварын эх уурхайг олж чадахгүй байгаа юм биш. Нутаг дэвсгэрийн хувьд халдвар гарсан голомтот бүс нутгаас эхтэй байгаа. Үүнийг үргэлжлүүлэн судалж байна. Түүнээс тэрнээс, энэнээс халдварласан гэдэг бол ёс зүйн хувьд таарамжгүй байна. Цар тахлын үед хэн ч халдварт өртөж болно. Мэргэжлээр нь хэлэхэд надад гомдсон байдаг. Түүнээс болж үеийнх нь найз нөхөд, ах дүү, төрөл садан нь тухайн хүнийг гадуурхдаг асуудал бий. Сэтгүүлчдийн асууж байгаа нь зөв ч гэсэн өвдсөн хүнийхээ сэтгэл зүй, нэр хүндийг хамгаалахад анхаарч ажиллана.
-Шинээр халдварласан 18 тохиолдлын хэд нь хэвтэн эмчлүүлж байсан бэ. Тэдний нэг нь энэ сарын 15-нд гэртээ харьж, эргээд эмнэлэгт ирсэн гэсэн мэдээлэл байна. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?
-БЗД-т өчигдөр батлагдсан 18, өмнөх өдрийн хоёр гээд нийт 20 тохиолдол болж байна. Энэ бол эмнэлэг дотроо. Яагаад гэвэл өвчтөн гадуур явахдаа халдвар тараагаагүй. Эмнэлэгт хэвтэх үед нь PCR шинжилгээ, түргэвчилсэн тест тавьсан. Энэ хоёр шинжилгээ сөрөг гарсан. Өөрөөр хэлбэл, вирусын халдвар авсан нууц үедээ байсан боловч тэр хүн гадагшаа вирус тараагаагүй байсан гэсэн үг. Тэгэхээр эмнэлэгт нууц үеийн 4,5 хоногийн дараа вирус гадагшилж ойр орчмын хүмүүст халдвар тараасан. Энэ 18 хүн эмнэлэгт байсан хүмүүсээс гарсан. Эхний голомтын хүрээг тогтоосон. Өвдсөн хүмүүсийн ар гэр, уулзсан хүмүүс, найз нөхөд, эргэсэн тойрсон гээд бүх хүмүүсийг судалж байгаа. Одоогоор тус эмнэлэгт 379 хүнийг тусгаарласан. Гэр бүлийн хүмүүсийг нь ойрын хавьтал гэж үзэн 266 хүнийг PCR шинжилгээнд бүрэн хамруулсан. Одоогоор коронавирус илрээгүй. Эмнэлгийн 3 ажилтан, 3 сахиур, 12 өвчтөн халдварлаад байна.
Энэ сарын 15-нд эмнэлгээс хувийн унаагаараа гарсан нэг хүнийг араас нь очиж шинжилгээ авсан. Гэр бүлийн таван хүнийг тусгаарлахад коронавирус илрээгүй, тухайн хүн өөр хүмүүстэй уулзаагүй байсан.
-11 дүгээр сарын 11-нээс дотоодод халдвар авсан иргэдээс хэд нь эдгэсэн бэ?
-Коронавирусний халдвар аваад эдгэрсэн 89 хүн байгаа. ХӨСҮТ-д клиник, лабораторийн хувьд эдгэрсэн хүмүүсийг Яармагийн 300 ортой эмнэлэгт 14 хоног тусгаарлана. Өнөөдөр 89 хүн, өмнө нь 13 хүнийг эмчлээд гаргасан. Тэгэхэээр 100 гаруй хүнийг эмчилж гаргасан. Манай эмнэл зүй, клиникийнхэн маш идэвхтэй ажиллаж байна.
Бидний илрүүлэг эрчтэй явагдаж байгаа учир вирусийг авч, шинж тэмдэг илрэхээс нь өмнө хүмүүсээ олж байгаа нь эмчилгээний үр дүнд нөлөөлж байна. Зарим хүмүүс хөнгөн, шинж тэмдэггүй, зовуурьгүй үед хэвтүүлж байна гэсэн мэдээлэл цахим орчинд гарч байна. Хөнгөн үед нь олж аваад, түүнд нь тохирсон шинж тэмдгийн эмчилгээ хийж, эдгээд гарч байгааг ойлгох хэрэгтэй.
-ХӨСҮТ дотооддоо эмч, мэргэжилтнүүд халдварлаж гурав хоног шинээр өвчтөн авахгүй авч байгаа гэсэн. ХӨСҮТ-д нөхцөл байдал ямар байна вэ?
-ХӨСҮТ халдварын голомт болоод үйл ажиллагаагаа зогсоогоогүй. ХӨСҮТ 11 сарын турш коронавируст халдвартай тэмцсэн. Ингэхдээ 380 гаруй тусгай нислэгээр ирсэн хүмүүсийг эмчилж гаргасан. ЭМЯ-ны бодлого чиглэлийн дагуу нэг дор олон хүн бөөгнөрүүлэхгүй, эмч, ажилчдын ачааллыг зохицуулах, орны сийрэгийг харах үүднээс Цэргийн тэв эмнэлэг болон хөнгөн эдгэрсэн хүмүүсийг Яармагийн 300 ортой эмнэлэгт шилжүүлэх зэргээр ажиллаж байна.
Эмнэлгийн халдвартай өвчтөнд ажиллаж байсан эмч, сувилагч тухайн голомтод халдварлан, түрүүч нь эдгэрсэн. Тэд халдвартай хүнийг эмчилж байгаа бүсэд голомт тасарсан гэж үзэж болно. Ажил үүрэг гүйцэтгэж байхдаа, гаднаас шинжилгээ авах үедээ, батлагдсан тохиолдлыг зөөвөрлөх үедээ, эмчилгээ үйлчилгээ үзүүлэх явцдаа халдварт өртөх эрсдэл байна. Энэ бол зөвхөн Монгол Улсад эмнэлгийн ажилтан өвдөөд байгаа юм биш, дэлхий дахинаа эмнэлгийн ажилтан маш их халдварт өртөж байна. ДЭМБ-ын судалгаагаар, 14-31 хувь нь эмнэлгийн ажилчид өртсөн судалгаа бий. Манай улсын хувьд 3.2 хувьтай байгаа. ХӨСҮТ-ийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна.
Ачаа тээврийн урсгалыг нэмэгдүүлэхээр 50 жолоочийг БНХАУ-ын талд ажиллуулах болжээ
Манай улсын дотоодын халдварын нөхцөл байдал болон ӨМӨЗО-нд шинээр дотоодын халдвар гарсантай холбоотойгоор хоёр улсын ачаа тээврийн нэвтрэх урсгал огцом удаашраад байгаа. Энэ асуудалд ГХЯ онцгой анхаарал хандуулан ажиллаж байгааг Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр хэллээ. Тэрбээр хэлэхдээ "БНХАУ-д суугаа Элчин сайд Т.Бадрал Эрээн хотод томилолтоор ажиллаж байна. Мөн ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга хил залгаа аймгуудад ажиллаж байна.
Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийн урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор 50 жолоочийг БНХАУ-ын талд гаргаж ажиллуулахаар тохиролцсон. Энэ хүрээнд тэнд ажиллаж байсан 18 жолооч дээр нэмж 32 жолоочийг хилээр нэвтрүүллээ. Жолооч нарын тусгаарлалтын хугацаа дууссаны дараа өдөрт 50-аас дээш тооны ачааны машинаар тээвэр хийгдэж, барааны урсгал нэмэгдэнэ. Мөн Гашуунсухайт, Шивээхүрэн боомтод нүүрс тээвэрлэж буй жолооч нарыг хоёр талд шинжилгээ өгүүлж байгаа. Ингэснээр нүүрсний экспортыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна” гэлээ.
хил залгаа ОХУ-ын бүс нутгуудад коронавирусний халдвар нэмэгдсээр байна
Монгол Улсад коронавирустэй тэмцэх хариу арга хэмжээ үргэлжилж байна. Түргэн оношилгооны цэгүүдэд сүүлийн 24 цагийн байдлаар 4198 хүн шинжилгээ өгснөөр улсын хэмжээнд нийт 399 929 хүн түргэвчилсэн шинжилгээнд хамрагдаад байгаа юм.
ЗӨСҮТ-ийн нүүдлийн лаборатори Гашуунсухайт боомтод ажиллаж, 270 хүнд шинжилгээ хийжээ. Мөн халдварын голомтын 30 обьектын 5375 шоо метр талбайд ариутгал халдваргүйтгэл хийсэн байна. Тусгай дугаарын 7 утсанд 10 328 хүн, ЭМЯ-ны 323002 дугаарт 305 хүн хандаж эрүүл мэндийн зөвлөмж зөвлөгөө авчээ.
Манай улсад сүүлийн 24 цагийн байдлаар шинээр 18 тохиолдол нэмэгдсэн нь өмнөх өдрийнхөөс 13 тохиолдлоор их үзүүлэлт болж байна. Харин ОХУ-д сүүлийн 24 цагийн байдлаар коронавирусээр 28 214 хүн нэмж бүртгэгдэж, нийт тохиолдлын тоо 2 762 668 боллоо. Манай улсын олон аймагтай хил залгадаг ОХУ-ын Буриад, Тува, Забайкальск, Алтайн БНУ-д өвчлөлийн тоон үзүүлэлт өндөр хэвээр байна. Ялангуяа Забайкальскд хамгийн их буюу сүүлийн 24 цагийн дотор коронавирусний халдвар 261 тохиолдлоор нэмэгдэж, нийт тохиолдлын тоо 23725 болжээ.
БНСУ-д сүүлийн 24 цагийн дотор 1014 хүн нэмж өвчилсөн нь тус улсын хувьд хамгийн өндөр үзүүлэлт болоод байна. Үүний шалтгааныг БНСУ-ын Өвчин судлалын хүрээлэнгийнхэн тайлбарлахдаа “Олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулсны улмаас халдварын тохиолдлын тоо нэмэгдсэн” гэжээ. Ингээд нийт тохиолдлын тоо тус улсад 46 454 боллоо гэж ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт судалгаа, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл өнөөдрийн ЭМЯ-ны хэвлэлийн хурлын үеэр хэлсэн юм.