/МОНЦАМЭ/. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, дэмжлээ.
Монгол Улсын үндэсний биет баялаг, давтагдашгүй үнэт зүйлд тооцох, ирээдүйд үнэ цэн нь өсөн нэмэгдэх хуримтлал үүсгэж, эрдэнэсийн сангийн эх нөөцийг бүрдүүлэх, хамгаалах, арвижуулах, тус сангаас хөрөнгө гүйлгээнд оруулах, захиран зарцуулахтай холбоотой харилцааг Эрдэнэсийн сангийн тухай хуулиар зохицуулдаг.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, С.Бямбацогт, Л.Мөнхбаатар нарын өргөн мэдүүлсэн Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл эрдэнийн чулуу, үнэт металлаас гадна түүх, соёлын хосгүй үнэт, дурсгалт зүйлийг эрдэнэсэд тооцож, Эрдэнэсийн сангийн үйл ажиллагааг өргөжүүлэх зорилготой аж. Мөн үнэт металлын сорьцын зөрүүнээс төрд үүсэж болох санхүү, хууль зүйн эрсдэлийг бууруулах, эрдэнэс эзэмшиж байгаа төрийн байгууллага, хүн, хуулийн этгээдийн эрх үүргийг шинэчлэн тогтоохоор хуулийн төслийг боловсруулснаа УИХ-ын гишүүн С.Бямбацогт байнгын хорооны хуралдаанд танилцуулав.
Танилцуулгын дараа УИХ-ын гишүүн Х.Болорчулуун эрдэнэсийн санд буй хөрөнгийг хэрхэн арвижуулах, хуулийн төсөлд “эрдэнэс”-ийг хэрхэн тодорхойлсон талаар тодрууллаа. Хуулийн төслийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т ““эрдэнэс” гэж түүхий эд, хайлш, химийн нэгдэл, бүтээгдэхүүн зэрэг ямар ч байдалд байгаа үнэт металл, эрдэнийн чулуу, түүх, соёлын хосгүй үнэт, үнэт дурсгалт зүйл, байгалийн төрцийг ойлгоно” гэж тодорхойлжээ. Эрдэнэсийн санд одоогоор нийт 1.1 их наяд төгрөгийн үнэлгээ бүхий 1.7 сая эд зүйл хадгалж байгаа. Сүүлийн хоёр жил Эрдэнэсийн санг арвижуулахаар 2 тэрбум төгрөгийн төсөв баталснаас 2018 онд 970 сая төгрөг, 2019 онд 917 сая төгрөг зарцуулсан гэдгийг хуулийн төслийн ажлын багийнхан хэллээ.
Харин УИХ-ын гишүүн Б.Энхбаяр мөнгөөр үнэлэгдэхгүй үнэт зүйлийг шамшигдуулсан этгээдэд оногдуулах хариуцлагын талаар тодруулав. Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хамт таван хуульд өөрчлөлт оруулах аж. Эрүүгийн тухай хуульд “эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр Эрдэнэсийн сангийн үндсэн сангаас эрдэнэс зарцуулсан бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” хэмээн заах аж. Мөн “эрдэнэсийн сангийн байнгын хэсэг дэх эрдэнэсийг худалдсан, шилжүүлсэн, захиран зарцуулсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэмцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж нэмэлт, өөрчлөлт оруулахаар тусгасан. Харин Зөрчлийн тухай хуульд “эрдэнэсийн сангийн орлого, зарлагыг зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлсэн бол хүнийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох”, “эрдэнэсийн сангийн хадгалалт, харуул хамгаалалтын журмыг зөрчсөн бол хүнийг нэг мянган нэгжтэй тэмцэх хэмжээний төгрөгөөр торгох” зэрэг зохицуулалтыг оруулахаар төсөлд тусгасныг УИХ-ын гишүүн С.Бямбацогт хэллээ.
Мөн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Т.Доржханд, Х.Булгантуяа, Ц.Цэрэнпунцаг, Б.Жавхлан нар Эрдэнэсийн сангийн соёлын үнэт зүйлсээр үзэсгэлэн гаргаж Монгол Улсыг сурталчлах, Эрдэнэсийн сангийн мэргэжлийн зөвлөлийг хүнд сурталгүй, шуурхай ажиллуулах шаардлагатайг хэлж байлаа. Ийнхүү санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 75 хувь хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, санал дүгнэлтээ УИХ-ын чуулганд танилцуулахаар тогтов. Хуулийн төслийг энэ долоо хоногийн чуулганы хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөөд буй юм.