Нэг хүний шинжилгээнээс коронавирус илэрч, улсын хэмжээнд 888 батлагдсан тохиолдол бүртгэгдэж

оруулсан Алсын Хараа

“Аравдугаар сарын 7-ны өдөр улсын хэмжээнд хүнд шинжилгээ 27,488 хийхэд нэг хүнээс коронавирус илэрлээ. Ингээд Монгол Улсад бүртгэгдсэн нийт халдварын тохиолдол 888 боллоо. Үүнээс 384 хүн эдгэрээд байгаа бол 495 хүн эмчилгээнд байна" гэж ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өнөөдөр /2020.12.08/ хэллээ.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Улсын хэмжээнд гарсан 9 кластер голомтод 2,500 гаруй эрүүл мэндийн ажилчид ажиллаж байна. Улсын хэмжээнд коронавирус илрүүлэх оношилгооны цэгүүдээр 334,065 хүн хамрагдаж, сорьж өгчээ. Тусгай дугаарын дөрвөн утсанд 17,809 хүн холбогдож зөвлөмж зөвлөгөө авсан бол Эрүүл мэндийн яамны 32-30-02 дугаарын утсанд 1,104 иргэн хандаж зөвлөмж авлаа" хэмээн мэдээлэв.

ЭМЯ-ны өнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр тус яамын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа нараас коронавирусний вакцины асуудлаар манай сэтгүүлч тодрууллаа.

-ОХУ-д иргэдээ вакцинжуулаад эхэлсэн. Индонези улс Хятадаас вакцин хүлээн авч эхлээд байна. Манай улсын хувьд, ДЭМБ-ын баталсан вакциныг хэрэглэнэ гэж байгаа. Тэгэхээр чухам хэзээнээс ДЭМБ одоо хөгжүүлж буй вакцинуудыг хүлээн зөвшөөрч батлах ирээдүй харагдаж байна вэ, тодорхой мэдээлэл өгнө үү?

-Тантай санал нэг байна. Дэлхийн олон улс орнууд, ялангуяа ОХУ, Индонез, Их Британи улс хүн амаа дархлаажуулж эхэлсэн байна. ДЭМБ-аас тухайн вакцинд өгөх баталгааг удаан хугацааны дараа олгодог. Гэхдээ коронавирусний цар тахалтай холбогдуулан ДЭМБ-аас богино хугацаанд вакциныг баталгаажуулна гэсэн мэдээлэлтэй байна.

-Коронавирусний вакцинууд жил хүрэхгүй хугацаанд гарч байна. Манай улсад хийж буй төлөвлөгөөт вакцинуудыг ямар хугацаанд судалж гаргасан байдаг вэ?

-Ер нь вакцины хөгжүүлэлт 10-15 жил, түүнээс ч олон жил байдаг. Гэхдээ цар тахалтай холбоотой вакциныг харьцангуй богино хугацаанд хөгжүүлж байна. Манай улс 0-15 насны төлөвлөгөөт вакцинжуулалтыг хийхдээ, Засгийн газрын хөрөнгөөр, ДЭМБ-ын зөвшөөрөлтэй вакциныг НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан авдаг.

-Ер нь зарим улс хэд хэдэн төрлийн вакцин сонгохоо мэдээлж эхлээд байна. Вакцин сонгохдоо иргэдийн саналыг авч болох уу. Жишээлбэл, АНУ иргэдээсээ вакцин хийлгэх эсэх талаарх судалгаа, санал асуулгыг байнга явуулж байна шүү дээ?

-Тархвар судлалын заалтаар хийж байгаа вакциныг иргэдийн сайн дурын үндсэн дээр хийдэг. Тиймээс коронавирусний вакциныг иргэд сайн дураар хийлгэнэ. Томуугийн вакцин болон коронавирусний вакцин хийлгэх эсэх интернэт асуумж, судалгааг тогтмол явуулж байгаа.

-Хөл хориог сунгах эсэх талаар та бүхнээс УОК-т санал хүргүүлсэн үү?

-ЭМЯ-наас энэ хөл хориог сунгах эсэх асуудлаар ямар нэг санал хүргүүлээгүй байгаа. Мэргэжлийн байгууллагууд, эрдэмтэн судлаачид болон бусад баг хамтраад уг асуудал боловсрогдоод явж байгаа гэдгийг хэлье.

-Манай эмч нарын баг өнгөрсөн хугацаанд олон хүнийг эдгээгээд байгаа. Энэ хүмүүст ямар эмчилгээ хийсэн бол?

-Өнгөрсөн хугацаанд халдвар аваад эдгэрсэн олон хүн бий. Бид эдгэрсэн хүнээ ХӨСҮТ-өөс вирус ялгарахгүй болсон үед эмнэлгээс гаргаж, улмаар 14 хоног сувилалд байлгаж давтан шинжилгээ хийлгэсний дараа гэрт нь 14 хоног байлгаад шинжилгээ хийж ямар ч вирусгүй эрүүл болсон нөхцөлд хүн ардын дунд оруулж байгаа.

-Манай улсад хэрэгжүүлж байгаа эмчилгээний арга барил, тактик болон дараа дараагийн давалгаанаас сэргийлэх бэлтгэл ажлын талаар тодруулна уу?

-Дэлхийн улс орнуудын жишгээр болон ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу энэ арга хэмжээг авч, эмчилгээг хийж байна. Бид 384 хүнийг эмчилж эдгээгээд гаргасан байна. Ер нь нийт халдвар авсан хүмүүсийн 43 хувь эдгэрсэн бөгөөд энэ хүмүүсээс эргээд өвчлөөд ирсэн нэг ч хүн байхгүй. Мөн энэ эдгэрсэн хүмүүсийг харьяа эрүүл мэндийн байгууллага болон төр засгийн байгууллагын хяналтад өгч, тухайн хүмүүстээ бид холбоотой байдаг.

Өнөөдөр бид энэ кластер өвчлөл бүртгэгдсэнээс хойш 23 хүнийг стандартын дагуу эмчилж эдгээгээд гаргасан. Монгол Улсад "COVID-19” халдвар авсан нийт хүмүүсийн  83-84 хувь нь хөнгөн хэлбэрээр өвчилсөн. Мөн хүндээр өвдсөн хүн эдгэрч гарсан тохиолдол ч бий. Бидний эмчилгээний тактик бол ОХУ болон АНУ-ын эмчилгээний удирдамж, шинэ арга, аргачлалаас суралцаж, ДЭМБ-ын зөвлөмжийн хүрээнд Эрүүл мэндийн сайдын тушаалаараа эмчилгээний удирдамжаа баталгаажуулаад, стандарт эмчилгээг хийж ажиллаж байна. Ингээд бид стандартын дагуу вирусний эсрэг эмчилгээг хийдэг. Вирус дарангуйлах, дархлааг дэмжих эмчилгээг хийдэг.

Дэлхийн улс орнуудад дэгдсэн “COVID-19” халдварын тархалт, өвчлөлтийн үе шат бүрийг бид 11 сар ажиглалаа. Энэ хугацаанд ойрын болон 2, 3-дагч хавьтагчдыг олж илрүүлэх талаар чамгүй туршлагажлаа. Энэ туршлага дээрээ тулгуурлаад ойрын хавьтлаа болон хавьтлын хавьтлууд гээд хойш нь сунгаж хянаж ажиглаж байна.

“COVID-19” халдварын эсрэг хэрэгжүүлж байгаа ажлын үр дүнгээс хамаарч эхний давалгааг үндсэндээ хумиж, цомхотгож чадлаа гэж үзэж дүгнэдэг байна. Бид ийм үр дүнд хүрэхийн төлөө, халдварын голомтыг устгаж, улсын хэмжээний дэгдэлт болгохгүйн төлөө ард иргэдийн дэмжлэгтэйгээр ажиллаж байна.

Сэтгэгдэл бичих