“Арванхоёрдугаар сарын 6-ны өдөр улсын хэмжээнд нийт 23,341 хүнд коронавируст халдварын PCR шинжилгээ хийхэд 38 хүнээс коронавирус илэрлээ” хэмээн ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ.
ЭМЯ-ны хэлстийн дарга Д.Нарангэрэл “Улсын хэмжээнд коронавирус илрүүлэх оношилгооны цэгт 24 цагийн хугацаанд 323,192 хүн хамрагдсан байна. Тандалт судалгаа хийх энэхүү ажилд 2,500 эмч, эмнэлгийн ажилтан ажиллажээ.
Тусгай дугаарын дөрвөн утсанд нийт 15,262 хүн холбогдож зөвлөгөө авсан бол Эрүүл мэндийн яамны 32-30-02 утсанд 642 хүн хандсан байна” гэсэн мэдээлэл өглөө.
Үргэлжүүлэн тэрбээр коронавируст халдварын үед үр дүнтэй хариу арга хэмжээ авч, халдварын тархалтыг бууруулсан Уругвай улсын жишээг танилцууллаа.
"Уругвай улсад халдвар гарснаас хойш нэн түрүүнд хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх тактикыг баримталсан. Тиймээс хөл хориог тодорхой хугацаа, давтамжтайгаар зохион байгуулсан. Хоёрдугаарт хавьтлыг илрүүлэх, тусгаарлах, шинжлэх арга хэмжээг өргөн хүрээнтэй хийсэн байна. Мөн эрсдэлт бүлгийн хүмүүсийг коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээнд хамруулжээ. Уругвай улсын хувьд шинжилгээг хамгийн өргөн хүрээтэй хийсэн орнуудын тоонд орж байгаа" гэв.
Коронавирусээр халдварлагсдын 36.7 хувьд хуурай ханиалгах шинж тэмдэг илэрч байна.
ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа коронавирусээр халдварласан хүмүүст илэрч буй эмнэл зүйн шинж тэмдгийг танилцуулсан юм.
Харин 10-19 хувьд нь хамар битүүрэх, хоолой хөндүүрлэх, толгой өвдөх, халуурах, нусгайрах, 3.4-5.4 хувьд үнэр, амт алдагдах, булчин өвдөх, үе мөч өвдөх, ядрах, дотор муухайрах, хоолонд дургүй болох, 2 хувьд нь суулгах, хамраас цус гарах, хамар хоолой хуурайших, ухаан балартах, амьсгаадах, хавиргаар хатгах, цээж хөндүүрлэх зовуурь илэрч байгаа аж.
Насны хувьд, гурван сартайгаас 91 насны хүмүүс эмчлүүлж байна. Үүнд, 9 хүртэлх насны 51 хүүхэд, 65-аас дээш насны 20 хүн байгаа бөгөөд 80 настай хоёр, 81, 91 настай хүн эмчлүүлж байна.
Хүйсийн хувьд, эмэгтэйчүүд давамгайлж байгаа бөгөөд 212 нь эмэгтэй, бусад нь эрэгтэй байгаа аж.
Мэргэжлийн байгууллагууд Монгол Улсын хүн амын дунд коронавирусний халдварын тархалтын үнэлгээ хийхэд өндөр эрсдэлтэй түвшинд байгааг дүгнэжээ.
Энэ талаар ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ын Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэв. Хэвлэлийн хуралд ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, Шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл оролцож, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Энэ сарын 4-нд шинжилгээ өгсөн хүний хариу гараагүй. www.119.mn сайт гэмтлээс болоод саатаж буй тохиолдол удаа дараа гарч байна. Энэ байдлаараа орон нутгийн иргэд 10-ны дотор гарч амжих уу?
Д.Нарангэрэл: Сайт гацсантай холбоотой иргэдэд чирэгдэл учирсан. ЭМЯ-наас тухай бүрт нь залруулаад явж байгаа. Энэ шинжилгээ 72 цагийн хугацаанд хүчинтэй. Маргаашийн хэвлэлийн хурлаар 119.mn сайттай холбоотой мэдээллийг танилцуулъя.
-Эрсдэлийн дараагийн үнэлгээ хэзээ гарах вэ?
А.Амбасэлмаа: Эрсдэлийн үнэлгээг 8 байгууллагын 20 гаруй мэргэжилтэн хийсэн. Монгол Улсад нийт хүн амын дунд тархах эрсдэлийн үнэлгээ хийхэд өндөр эрсдэлтэй түвшинд гарсан. Өндөр эрсдэлтэй үед ямар хариу арга хэмжээ авах, оролцогч байгууллагын санал, дүгнэлт, зөвлөмжийг бичээд УОК-т өнөөдөр хүргүүлнэ.
-ЭМЯ-ны сайт дээр гарсан Архангай аймгийн мэдээлэлд халдвар хамгааллын дэглэм алдагдаж, эмч, ажилтнууд нь хөлдөө том тор уясан, хамгаалалтын хувцасгүй харагдсан. Орон нутагт халдвар хамгааллын хувцас, хэрэгсэл хүрэлцээтэй байгаа юу?
Д.Нарангэрэл: Зураг хараагүй учир хариу хэлж мэдэхгүй юм. Тусгаарлалтын байрны хамгаалалт, ариутгал халдваргүйжүүлэлтийг бүх шатанд зохион байгуулж байгаа.
А.Амбасэлмаа: Архангай аймгийн хувьд хамгаалах хувцас хэрэгсэл хүрэлцээтэй. Тус аймагт ЗӨСҮТ-ийн лаборатори болон ХӨСҮТ-ийн мэргэжилтнүүд ажилласан. Бүгд хувийн хамгаалах хувцас, хэрэгсэлтэй байгаа.
-ХӨСҮТ-д тусгай ажиллагааны 13-15 баг байгаа гэсэн. Эмч, сувилагч нараас халдвар илэрсэнтэй холбоотойгоор хэдийг нь татан буулгасан бэ. Цаашдаа нөхцөл байдал хүндэрвэл хүний нөөцийн зохицуулалтаа хэрхэн хийх вэ?
А.Амбасэлмаа: Шуурхай ажиллагааны 10 баг байснаас 6 нь голомтод ажиллаж байсан. Шуурхай багийн 6 халдвар судлагч эмч, ариутгагч, шинжилгээ авдаг лаборантыг тусгаарлагдсан. Тиймээс бид халдварын тархвар судлаач эмч, хувийн байгууллагад ажиллаж байгаа эмч нарын нөөцөөс оруулаад, 7 баг ажиллаж байна. Шуурхай хариу арга хэмжээний багийн ард халдварын тархвар судлалын хөтөлбөр төгссөн 30 гаруй мэргэжилтэн байгаа. Хүний нөөцийн хувьд гаднаас сорьц цуглуулах, хоёрдогч хавьтлууд дээр НЭМГ-ын эмч, сувилагч, лаборант нар дайчилгаанд ажиллаж байгаа. Тиймээс хүний нөөц боломжтой байгаа.
-Коронавирусний шинжилгээний хариу гарахгүй удаж байна. Мөн иргэдэд мэдээлэл өгөх тусгай дугаарууд руу залгахад хариу өгөхгүй байна гэж иргэд гомдоллож байна. Энэ талаар тайлбар өгнө үү?
Д.Нарангэрэл: Шинжилгээний хариу 24 цагийн дотор гарч байгаа. Өмнө нь 119.mn цахим хуудас ажиллахгүй байсны улмаас хүндрэл үүссэн. Өчигдрөөс энэ хуудас хэвийн ажиллаж эхэлсэн.