УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр, ЭМЯ-ны Олон нийттэй харилцах шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа нар сүүлийн 24 цагийн албан ёсны мэдээллийг ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлаар олон нийтэд өглөө.
Улсын хэмжээнд ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон аймгийн салбар лабораторид өчигдөр буюу энэ сарын 5-нд нийт 14 019 хүнд шинжилгээ хийжээ.
Үүнээс 700 гаруй нь хавьтлын хяналтын шинжилгээ байснаас долоон сорьцод коронавирусний халдвар илэрчээ. Бусад тандалтын сорьцод халдвар илрээгүй байна.
Тодруулбал, Сэлэнгэ аймагт дөрөв, Дорноговь аймагт коронавирусний гурван тохиолдол бүртгэгджээ. “Сэлэнгэ аймагт бүртгэгдсэн дөрвөн тохиолдол нь батлагдсан тохиолдолтой ойр харилцсан, Дорноговь аймгийн Замын-Үүд суманд бүртгэгдсэн гурван тохиолдол нь гэр бүлийн хүрээнд байна” гэдгийг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа ээлжит хэвлэлийн хурлын үеэр тодотгов.
Улаанбаатар хот болон Дархан-Уул, Говьсүмбэр, Орхон, Архангай аймагт сүүлийн 24 цагт өвчлөл бүртгэгдээгүй байна.
Өнөөдрийн байдлаар, манай улсад "COVID-19" халдварын тохиолдол 849 болж байна. Коронавирусээр халдварласан 16 хүн ХӨСҮТ-өөс гарч, дараагийн шатны ажиглалтад шилжсэнээр нийт 384 хүн эдгэрээд буй юм.
ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт коронавируст халдвартай 456 хүн эмчлүүлж байна. Тэдний 2 хүн маш хүнд, 4 нь хүнд, 68 нь хүндэвтэр, 382 нь хөнгөн байгаа аж.
Коронавирусээс сэргийлэх олон аргын нэг нь хөдөлгөөний хязгаарлалт буюу нийтийн дархлаа үүсгэх юм хэмээн ЭМЯ-ны Олон нийттэй харилцах тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр мэдээллээ.
Тэрбээр мэдээлэлдээ, “Коронавирусний халдвартай нэг хүн нийтийн дунд ороход халдвар авсан хүнийг тусгаарлах, хөдөлгөөний хязгаарлалтад оруулбал халдвар хүн амын дунд тархах нь бага байдаг. Хэрвээ бид энэ арга хэмжээг авч чадахгүй бол халдвар хүн амын дунд их тархана. Үүний үр дагавраар коронавирусний дэгдэлт гарна. Дэгдэлтийн дараа олон хүн эрсдэх үр дагавар үүснэ.
Хэрвээ бид хөдөлгөөний хязгаарлалт хийж чадвал халдвар хүн амын дунд бага тархана. Ингэснээр дэгдэлт гарахгүй. Үүний үр дүнд олон хүний амь нас, эрүүл мэндийг хамгаална.
Мөн дархлаажуулалт буюу вакцинжуулалт сайн хийж чадвал хүн амын дунд халдвар тархахгүй, сүргийн дархлаа үүснэ. Сүргийн дархлаа үүсвэл өвчний дэгдэлт гарахгүй гэсэн судалгаа байгаа. Гэхдээ вакцин үр дүнтэй боловч эцсийн зогсоол гэж үздэггүй. Учир нь вакцин гарч, хийлээ ч гэсэн хүн амын дунд амьдралын зөв дадал хэвшил гараа сайтар савандаж угаах, амны хаалт зүүх, хүн хоорондын зай барих гэдэг арга барилыг давхар хэрэглэж байж үр дүнд хүрнэ” гэдгийг онцолсон юм.
УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр, ЭМЯ-ны Олон нийттэй харилцах шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа нар ЭМЯ-ны ээлжит мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.
-Өчигдөр ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тасагт коронавирусний тохиолдол батлагдаж, улмаар тэнд байсан хүмүүсийг тусгаарласан тухай мэдээлэл байна. Энэ талаар мэдээлэл өгнө үү?
А.Амбасэлмаа: Нийтийн сүлжээгээр ийм мэдээлэл гарсан. Бид өдөр бүрийн 11.00 цагт батлагдсан тохиолдлуудын мэдээллийг албан ёсоор өгдөг. Тэгэхээр дээрх мэдээлэл бол албан бус мэдээлэл байна. Сүрьеэгийн эмчийн эхний сорьц эргэлзээтэй гарсан. Бид шинжилгээг лабораторийн шинжилгээ болон асуумжаар оношилдог. Энэхүү асуумж нь сэжигтэй тохиолдол нь коронавирусний батлагдсан тохиолдолтой ойр байсан эсэх, хамгаалалтын хувцас, маскгүй уулзсан эсэх зэргийг тодруулдаг. Өдөрт 10-20 мянган шинжилгээ хийхэд ганц нэг хуурамч, эргэлзээтэй зүйл гардаг. Бид бүх сэжигтэй тохиолдлыг баталгаажуулж байж нийтэд зарладаг. Сүрьеэгийн эмчийн давтан шинжилгээ өнөөдөр сөрөг гарсан.
ЭМЯ-ны Олон нийттэй харилцах шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл сэтгүүлчдийн асуултад хариулав.
-Манай улсад коронавирусний хэчнээн голомт байгаа вэ. Өчигдөр сэжигтэй тохиолдол илэрсэн E-mart дэлгүүрийг голомт гэж үзсэн үү?
-Улсын хэмжээнд халдвар бүртгэгдсэн 9 багц голомт байгаа. Халдварын голомтын цар хүрээг цомхотгох арга хэмжээ авч байна.
E-mart дэлгүүрийн хувьд худалдааны зах, олон хүн орж гардаг онцгой обьект тул халдварын сэижгтэй тохиолдол гэж үзсэн. Учир нь эхний шинжилгээ эргэлзээтэй байсан. Сэжигтэй тохиолдол гэдэг нь халдварт өвчний хувьд өвчлөл гарсантай адил тооцож халдвар эсэргүүцэх арга хэмжээг зохион байгуулдаг. Хэдийгээр сэжигтэй тохиолдол ч гэсэн тэнд байгаа хүмүүсийг үзлэг шинжилгээнд хамруулах, хавьтлыг тогтоох, тухайн байгууллагыг ариутгах зэрэг арга хэмжээг авсан.
-Коронавирусний эсрэг вакциныг хэрхэн хийхээр төлөвлөсөн бэ?
-Вакциныг хамгийн түрүүнд хийх эрсдэлт бүлгийг гаргасан. Нэгдүгээрт, эмч, эмнэлгийн ажилтнууд, хоёрдугаарт, онцгой байдал, цэрэг цагдаа зэрэг хүчний байгууллагын ажилчид, гуравдугаарт архаг хууч өвчтэй хүмүүс, өндөр настан, дөрөвдүгээрт сургууль, цэцэрлэгийн багш нар, тавдугаарт бусад эрсдэлт бүлэг гэсэн 5-6 ангиллаар бэлтгэл ажлаа хангаж байна.
-Автобусны жолооч нарын шинжилгээ хийж дууссан уу?
-Автобусны жолоочийн хувьд ойрын хавьтлыг бүрэн тогтоож шинжилгээнд хамруулсан.
-Ойрын хавьтал гээд байгаа хүмүүсээс хэдэн хүнийг шинжилгээнд хамруулад байна вэ?
-Нийт 9 багц голомтын ойрын хавьтлын 4 325 хүнийг шинжилгээнд 100 хувь хамруулж байгаа. Шинээр голомт үүсэх бүрт ойрын хавьтлын тоо нэмэгдэж, шинэ голомтод хавьтал болсон хүмүүсийг шинжилгээнд хамруулж байгаа.