УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.
УИХ 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуулийг дагалдах хуулиудын хамт баталж, 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Ерөнхийлөгчийн Тамгын газарт ёсчлон ирүүлсэнтэй танилцаад 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хориг тавьсан. Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир танилцуулав.
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс УИХ-ын даргад ирүүлсэн албан бичигт, "2021 оны улсын төсөв бидний тавьсан шаардлагад огт нийцээгүй төдийгүй, төсвийн урсгал ба хөрөнгө оруулалтын зардалд хатуу шалгуурыг тогтоон, үрэлгэн байдлыг бүрэн халж чадсангүй. Улсын болон дэлхийн эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдпыг олон талаас нь бодитой дүгнэж, төсвийн бодлогод тусгах ёстой байтал огт тоосонгүй. Тухайлбал, эрхэм гишүүд та бүхэн ард иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалахад амин чухлаар хүлээгдэж байгаа вакцины тухай мэдсээр байж гарсан даруйд нь худалдаж авах хөрөнгийг төсөвт тусгалгүй, гадны зээл тусламжаар шийдвэрлэнэ гэсэн хоосон мөрөөдөлд хөтлөгдөн, улсын төсвийн бодлогод хүйтэн хөндий, сэтгэлгүй хандсан нь дэндүү хариуцлагагүй үйлдэл мөн" гэсэн байлаа.
2021 оны улсын төсөвт дараах бодлогын хүрээнд зохих өөрчлөлтүүдийг хийх зайлшгүй шаардлагатай гэж үзжээ. Үүнд,
Нэгдүгээрт, Төсвийн нийт зардлыг 20 хувиар хэмнэж, хүндрэл бэрхшээлийг даван туулахад зориулсан эрсдэлийн сан байгуулах,
Хоёрдугаарт, Эрсдэлийн сангаас өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг олгох хөтөлбөрийг боловсруулж, дотоод нөөц бололцоогоо бүрэн ашиглаж нэн даруй хэрэгжүүлэх, ингэхдээ 200 000 төгрөгийг бэлнээр олгож, үлдсэн 800 000 төгрөгийг зөвхөн үндэсний үйлдвэрлэгчээс архи, согтууруулах ундаа, тамхины төрлөөс бусад бараа, бүтээгдэхүүн худалдан авах эрхийн бичиг /ваучер/-ээр олгох,
Гуравдугаарт, Төсвийн хэмнэлтээр бий болсон хөрөнгийн тодорхой хувийг коронавирусний эсрэг вакцин худалдаж авахад зарцуулах,
Дөрөвдүгээрт, Үйлдвэр, аж ахуйн нэгж, бизнесийг дэмжсэн мастер төлөвлөгөө гаргах, үүний хүрээнд жижиг дунд үйлдвэр эрхлэгчид болон өдрийн орлоготой, түүгээрээ амьдардаг үсчин, оёдолчин, дархан, мужаан, такси зэрэг ажил, үйлчилгээ эрхэлдэг иргэдийг онцгой анхаарсан бодлого хэрэгжүүлэх. Эдгээр зорилтыг хангахын тулд төсөвт өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага үүсэж байгаа учраас Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль болон түүнийг дагалдан батлагдсан хуулиудад бүхэлд нь хориг тавьсан байна.
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны энэ сарын 1-ний хуралдаанаар, Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн аваагүй талаарх санал, дүгнэлтийг Байнгын хорооны дарга С.Бямбацогт танилцуулав. Мөн өдрийн Төсвийн байнгын хорооны хуралдаанаар, Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн аваагүй талаарх санал, дүгнэлтийг Байнгын хорооны дарга Б.Жавхлан танилцууллаа.
Хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир, Аюулгүй байдал, батлан хамгаалахын бодлогын зөвлөх Л.Болд, Соёл, нийгмийн хөгжлийн бодлогын зөвлөх С.Ламбаа, Байгаль орчин, хөдөө аж ахуйн хөгжлийн бодлогын зөвлөх Я.Санжмятав, Эдийн засаг, аж үйлдвэрийн бодлогын зөвлөх Ц.Эрдэнэбат, Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хуулийн хэлтсийн дарга Д.Отгонбаяр нар оролцов.
Байнгын хороодын санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Засгийн газраас хямралын үед эдийн засгаа тэлж хөрөнгө оруулалтаа хумихгүй гэсэн байр суурьтай байна. Гэхдээ төсөв хязгаарлагдмал байгаа энэ цаг үед бусад улс орнуудын жишгээр тэнцвэртэй бодлого явуулж хөрөнгө оруулалтын зэрэгцээ ажлын байр бий болгож байгаа аж ажуйн нэгжүүдээ дэмих хэрэгтэй гэсэн санал хэлэв. Ингэхдээ, ваучер хэлбэрээр иргэддээ бараа, материал худалдан авах мөнгө өгсөнөөр царцсан эдийн засгийг сэргээх боломжтой гэлээ. Эсвэл аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээл олгох хэрэгтэй байгааг чухалчлав. Үүнээс гадна төсөвт коронавирусний вакцин худалдаж авах хөрөнгийг суулгахыг шаардлагатайг анхааруулав.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, төсвийн хоригийг дэмжихгүй байгаагаа илэрхийлэв. Тэрээр төсвийн хөрөнгө оруулалтыг хэвээр нь үргэлжлүүлж эдийн засгийг тэлснээр, аж ахуйн нэгжүүдийг дэмжиж, ажлын байрыг хадгалах ач холбогдолтой гэсэн байр суурьтай байв.
Харин УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, 897 мянган өрхөд нэг сая төгрөгийн ваучерыг үндэсний үйлдвэрээ дэмжих нөхцөлтэй тараах хэрэгтэй гэсэн санал хэллээ. Засгийн газраас хүүхдийн мөнгөөр дамжуулж өрхийг дэмжиж байгаа гэж тайлбарлаж буйг тодотгоод, манай улсад 366 мянган хүүхэдгүй өрх, 34 мянган өрх толгойлсон эмэгтэй, 180 мянган өдрийн орлогоор амь зууж байгаа өрх байгаа судалгаа танилцуулав.
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж хүлээн авснаар цаг хугацаа, хууль зүйн алдаа гарна хэмээн тодотгов. Тодруулбал, орон нутгийн ИТХ-ууд төсвөө батлах хуулийн хугацаа 12 дугаар сарын 5-наар дуусгавар болно. Тиймээс төсвийн тодотгол хийх цаг хугацааны боломж байхгүй гэдгийг хэллээ. Түүнчлэн иргэддээ бэлэн мөнгө тарааснаар зарим улс орны жишээгээр эдийн засгаа эрсдэлд оруулна гэдгийг тодотголоо. Тэрбээр, КОВАКС хөтөлбөрийн хүрээнд тусламжаар вакцин худалдан авах нь ямар ач холбогдолтойг тодруулав.
УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан, вакцин авахын тулд элсэн орсон КОВАКС хөтөлбөрийн хүрээнд хөгжил буурай орнууд хөгжингүй улс орнуудтай ижил тэгш вакцин хүртэх, үүнд Монгол Улс дарааллын эхэнд орж эхний ээлжинд хүн амынхаа 20 хувийг вакцинаар үнэгүй хангах боломжийг хангаж байгааг тэмдэглэв.
УИХ-ын гишүүн С.Чинзориг, Цар тахлын хуулиар Засгийн газарт эрхийг нь олгосон тул 2021 оны төсвийн зохицуулалтыг хэвийн явуулах боломж байгаа гэв. Тэрээр, орон нутгийн ИТХ-ууд 2021 оны төсвөө батлах хугацаа болсон. Тиймээс хоригийг хүлээн авах боломжгүй тул 2021 оны төсвийн жил эхлэхэд шаардлагатай бол төсөвт тодотгол хийх боломжтой гэсэн байр суурь илэрхийллээ. Мөн тэрээр цаашид төсвийн тодотгол хийх бол 2021 оны НДШ-ийг хөнгөлөх, чөлөөлөх асуудлаар хэлэлцэх шаардлагатай гэдгийг онцолж байв. Учир нь цар тахлын үед хэрэгжүүлж байгаа НДШ-ээс хөнгөлөх хуулийн хугацаа дуусаж байгаа, мөн 2021 оноос НДШ-ийн хувь хэмжээ 2 хувиар нэмэгдэхээр болоод байгаа юм. Цар тахлын дэгдэлт арилаагүй үед дээрх арга хэмжээний хуулийн үйлчлэлийг сунгаж, иргэдийн амьжиргаа, ажлын байрыг хадгалах шаардлагатай гэлээ.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, өмнө нь төсвийн хуулийг батлах үед Монгол Улсын Эдийн засаг сэргэж байгааг үндэслэсэн гэж байсныг тодотгоод, одоо нөхцөл байдал өөр байгааг тэмдэглэв. Хэрэв Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахгүйгээр, ирэх онд төсвөө тодотговол аль хэдийн зогсоож болох байсан төслүүд хэрэгжээд эхэлчихсэн байна гэдгийг сануулав. Тухайлбал, сумдад иргэдэд үйчлэх төвийн байр барих төсөл суулгасан байгааг дурдаад, эдгээрийг одоо зогсоохгүй бол дараа нь төсөв тодотгох үед хэрэгжээд эхэлчихсэн байх болно. Мөн хөрөнгө оруулалтаар эдийн засгийг дэмжих нь үйлдвэрлэл хөгжсөн улс орнуудын бодлого гэдгийг тодотгоод, манай улс импортын хараат улс хэмээн тодотгов. Тиймээс хөрөнгө оруулалтыг дэмжсэнээр, гадаад худалдан авалтыг дэмжсэн асуудал болох тул Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах ёстой гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийллээ.
Гишүүд, нэгдүгээрт, орон нутгийн төсөв баталж байгаа тул цаг хугацааны боломжгүй, хоёрдугаарт, иргэдэд бэлэн мөнгө тарааснаар эдийн засаг унах, барааны үнэ, имфляци өсөх эрсдэлтэй гэдгийг тэмдэглэж байлаа. Мөн гишүүд, хэрэв өвчлөл хүндэрвэл Засгийн газар 2021 оны төсвийн жил эхэлсний дараа төсөвт тодотгол хийх эрх нь нээлттэй. Энэ талаар Засгийн газраас тооцож, бэлтгэл хангаж төсвийн зардлыг эрэмбэлж байгаа гэдгийг тэмдэглэж байв. Тиймээс энэ удаа Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахгүй гэсэн байр суурь илэрхийлэв.
Гишүүд асуулт асууж, харилт авч, үг хэлсний дараа УИХ дахь АН-ын бүлэг санал хураалтаас татгалзаж хуралдааныг орхин гаргалаа. Энэ үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, санал хураах төхөөрөмж саатсан байгаа тул УИХ-ын дэгийн тухай хуулийн 14.4-т заасныг үндэслэн гар өргөж санал хураах горимын санал гаргав. Гишүүд гар өргөж санал хураахад, хуралдаан оролцсон 59 гишүүний 51 нь дэмжиж 86.4 хувийн саналаар горимын саналыг дэмжив.
Ингээд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэсэн Байнгын хороодын саналыг дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураав. Хуралдаанд оролцсон 61 гишүүний 50 нь буюу 82 хувь нь дэмжиж Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ. Ийнхүү Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй тухай УИХ-ын тогтоол батлагдлаа.