ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнээр ахлуулсан ажлын баг E-barimt системийн дэд бүтцэд тулгуурлан цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор QR тандан судлах цахим платформ нэвтрүүллээ. Энэ талаар тус ажлын баг өнөөдөр Төрийн ордонд мэдээлэв.
Тодруулбал, аж ахуйн нэгжүүд QR.119.mn цахим хуудсаар байгууллагынхаа кодыг бий болгож үүд хэсэгтээ байршуулна. Харин иргэн E-barimt аппликейшн ашиглаж тухайн байгууллагын үүдэнд байрлах QR кодыг уншуулснаар үйлчлүүлэх юм байна. Ингэснээр, иргэн COVID-19 халдварын эрсдэлд ороход хэдхэн секундийн дотор E-barimt аппликейшнд анхааруулга мэдээлэл ирнэ. Энэ нь COVID-19-ийн ойрын хавьтал дам хавьтлыг илрүүлэх мэргэжлийн байгууллагын ажил, цаг хугацааг хэдэн мянга дахин хөнгөвчилнө гэдгийг Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг танилцууллаа. Одоогоор Засгийн газар, УОК-оос үйл ажиллагааг нь хязгаарлаагүй 18 салбарын аж ахуйн нэгж, цаашдаа шат дараатай нээгдэх байгууллагууд QR кодоо үүсгэж үүдний хэсэгтээ байруулах юм.
Уг цахим платформыг хөгжүүлэх ажлын багт Мэдээлэл технологи, харилцаа холбооны газар, Гааль, татвар, санхүү мэдээллийн технологийн төв зэрэг мэргэжлийн байгууллага багтжээ.
Ebarimt системд тулгуурлан цар тахлын үед батлагдсан тохиолдлын хавьтлыг эрт илрүүлэх зорилгоор qr.119.mn платформыг хөгжүүлснийг холбогдох байгууллагууд хамтран танилцууллаа. Мэдээллийн дараагаар сэтгүүлчид платформын ажиллагаа, хүчин чадлын талаар асуулт асууж, хариулт авав.
-Орон нутаг руу буцах хүсэлтэй иргэд 119.mn-д бүртгүүлснээр, шинжилгээний хариугаа авах ёстой байсан. Гэтэл сайт ачааллаа дийлэхгүй унасан. Үүнээс улбаалан иргэд шинжилгээнийхээ хариуг авч чадахгүй буцлаа. Та бүхний өнөөдөр танилцуулж буй платформ ачааллаа дийлэх үү. Мөн үүнийг хөгжүүлэхэд хэдэн төгрөг зарцуулсан бэ?
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ: -119.mn сайтыг гуравдугаар сараас эхлэн ЭМЯ болон "Интерактив" компани хамтран хөгжүүлсэн. 12 дугаар сарын 01-нд Улсын Онцгой комиссоос манай агентлагийг дуудан үүнд арга хэмжээ ав гэсэн тул Үндэсний дата төвтэй хамтран ачааллыг даах чадлыг сайжруулах, багтаамжийг нэмэгдүүлэхээр ажилласны сацуу оператор компаниудтай хамтран ажиллаж, иргэдэд шинжилгээний хариуг утасны дугаараар нь илгээсэн.
QR.119.mn болон ebarimt дээр тулгуурлаж хийж буй энэ хөгжүүлэлтэд нэг ч төгрөг гараагүй гэдгийг албан ёсоор хэлье.
Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төвийн захирал Т.Батбилэг: -Ebarimt системийн хувьд 2016 оноос хэрэгжиж эхэлсэн, хөгжүүлэлт хийсээр байгаа систем. Хүмүүс ч хэрэглэж хэвшсэн. Цар тахалтай холбоотой гарч болзошгүй хүндрэлийг Үндэсний дата төв, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газартай хамтран ажиллаж, цаг тухайд нь шийдвэрлэнэ.
Жил ирэх тусам хандалт нэмэгдэж байгаа. Энэ системд өдөрт дунджаар 500 мянга гаруй хэрэглэгч хандаж, 1.2 сая баримтыг бүртгүүлж байна.
Одоогийн байдлаар үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүдээр үйлчлүүлэгчид л хандан, QR кодоо уншуулж байх юм. Бид технологийн шинэчлэлээ хийсэн. Тодруулбал, энэ оны долдугаар сард сервер, тоног төхөөрөмждөө шинэчлэл хийсэн.