11 хүнээс халдвар илэрч, нийт тохиолдол 812 боллоо

оруулсан Алсын Хараа

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өчигдөр хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариуг өнөөдөр /2020.12.02/ танилцууллаа.

Тэрбээр “Арваннхоёрдугаар сарын 1-ний өдөр улсын хэмжээнд нийт 12,015 хүнд PCR шинжилгээ хийсэн. Үүний 259 нь хавьтал болсон хүмүүс бөгөөд эдгээрээс 11 хүний шинжилгээнд халдвар илэрлээ.

Улаанбаатар хотод зургаан тохиолдол шинээр бүртгэгдсэн нь сүүлийн батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болох гэр бүлийн гишүүд, хамт ажилладаг хүмүүс байна.

Сэлэнгэд 3 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь мөн ойрын хавьтлуудын давтан шинжилгээнээс илэрлээ.

Орхон аймагт ажиглан тусгаарлах байранд байсан ойрын хавьтлын 2 хүнээс халдвар илэрсэн.

Дархан-Уул, Дорноговь, Говьсүмбэр, Архангайд сүүлийн 24 цагт халдварын тохиолдол бүртгэгдээгүй.

Дэлхий дахинд ойрын хавьтлаас халдварлах индекс нь 2.5-4 тохиолдол байгаа бол Монгол Улсын хувьд энэ үзүүлэлт 5-8 байгаа нь харьцангуй өндөр үзүүлэлт аж. Өөрөөр хэлбэл, ойрын хавьтал, гэр бүлийн хүрээнд халдвар тарж байгааг ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, Шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл хэвлэлийн хурлын үеэр онцоллоо.

Тэрээр, “Манай улсын хувьд коронавирусний батлагдсан тохиолдол 812 байна. Үүнээс дотоодын халдвар 429, зөөвөрлөгдсөн халдвар 383 тохиолдол байна. Мөн улсын хэмжээнд есөн кластер буюу голомт байна. Ойрын хавьтлын 4196 хүнийг хяналтандаа авсан. Нийслэлийн түргэн оношилгооны цэгээр 193608  хүн үйлчлүүлснээс 137125 хүний шинжилгээ сөрөг гарсан. Бусад хүний шинжилгээг хийж байна. Мөн тусгай дугаарын дөрвөн утсанд 10 мянга гаруй хүн хандаж, коронавирусээс сэргийлэх болон бусад төрлийн өвчний эмнэлзүйн зөвлөмж, зөвлөгөө авсан байна” гэлээ.

Халдварт өртсөнөөс хойш вирус илрэх нууц үеийн хугацаа 1-14 хоног үргэлжилж байна. Тухайлбал, 71 хувь нь 24-48 цагийн дотор илэрч байгаа бол, 3 хувь нь 14 хоногийн дотор халдвар авсан нь батлагдаж байна.

Орон нутагт зорчиж буй иргэдийн гар утсанд коронавирусний шинжилгээний хариуг мессежээр өгөхөөр болжээ.

Энэ тухай ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал мэдээлэхдээ, “Иргэдийг орон нутагт хүндрэлгүй, чирэгдэлгүй явуулах чиглэлээр Шадар сайдын дэргэдэх ажлын баг хуралдлаа. Үүний үндсэн дээр Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй үүрэн телефоны компаниудын захирлууд, нийслэлийн Мэдээлэл харилцаа холбооны технологийн газартай хамтран иргэдийн гар утсанд шинжилгээний хариуг мессежээр өгөхөөр шийдвэрлэсэн. Өчигдөр оройноос эхлэн дөрвөн үүрэн телефоны операторуудтай хамтран “Таны шинжилгээний хариу гарлаа” гэсэн мэдээллийг мессежээр өгч эхэлсэн" гэв. 

Харин иргэд орон нутаг руу нийтийн тээврийн унаа болон хувийн тээврийн хэрэгслээр зорчихдоо энэхүү мессежийг иргэний үнэмлэхийн хамт заавал авч явах шаардлагатай аж. Иргэний үнэмлэхийн QR кодод мэдээллийг оруулаад Цагдаагийн болон хяналтын байгууллагын ажилтнууд энэхүү мэдээллийг тулгасны дагуу орон нутагт зорчуулахаар болжээ.

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.

-Баянзүрх дүүргийн нэг байрнаас өчигдөр дахиад халдвар илэрсэн байна. Халдвар авсан хүмүүсийн ойрын болон дам хавьтлыг хэдий хугацаанд илрүүлж байгаа вэ?

А.Амбасэлмаа: Бид 24-48 цагт хүмүүсээ олж авч байгаа ч, ойрын болон дам хавьтлаа хэлэхгүй байх зэрэг шалтгаанаас зарим тохиолдолд хугацаа уртасдаг. Вирус илрэх хугацаа хувь хүний онцлогтой холбоотой. Халдварт өртсөнөөс хойш вирус илрэх нууц үеийн хугацаа 1-14 хоног үргэлжилнэ. Тухайлбал, 71 хувь нь 24-48 цагийн дотор, 26 хувь нь 3-10 хоногт, 3 хувь нь 14 хоногийн дотор вирус илэрч байна. Иймд вирусний халдвар гарсан үед хавьтлыг өдөрт нь илрүүлээд дуусахгүй, тандан илрүүлэх үйл ажиллагаа үргэлжилдэг.

Халдварын цар тахлын үеийн хариу арга хэмжээ нь бэлэн байдлын түргэвчилсэн төлөвлөгөө, кластер өвчлөлийн үед болон хүн ардын дунд халдвар тархсан үеийнх гээд өөр өөр байна. Кластер өвчлөлийн энэ үед хамт байсан бүх хүнийг илрүүлэх, хүн амын дунд халдвар алдахгүйн төлөө ажиллах нь хамгийн чухал юм. Иймд хөнгөн балархай өвчилсөн хүмүүсийг тусгаарлаж, халдвар тархахаас сэргийлж байна.

-Халдвар авсан хүмүүсийн 85 хувь нь хөнгөн хэлбэрээр өвчлөөд өөрөө дархлаа тогтоно гэж эрдэмтэд нотолсон. Халдвар авсан хүмүүсийг заавал эмнэлэгт хэвтүүлж эмчлэх шаардлага байгаа юу?

Д.Нарангэрэл: Халдвар авсан хүмүүсийн 80 гаруй хувь нь шинж тэмдэггүй, хөнгөн хэлбэрээр өвчилж байна. Бид зөөвөрлөгдсөн, алаг цоог бүртгэгдсэн, кластер буюу багцаар мөн олон нийтийн дунд өргөн хүрээнд тархсан гэсэн дөрвөн ангиллаар хариу арга хэмжээний тактик боловсруулсан. Одоогоор зарим аймагт алаг цоог, зарим газар кластер бүртгэгдсэн ангилалтай байна. Энэ хүрээнд өвчилсөн бүх хүнээ эмнэлэгт тусгаарлан эмчилж байгаа. Магадгүй өөр шатанд шилжвэл өөр тактик хэрэгжүүлнэ.

-Вирусний дархлаа богино хугацаатай тогтдог юм байна. Коронавирусний вакцин хийлгэхэд жилийн хугацаатай гэсэн. Тэгэхээр цаашид жил бүр вакцин хийлгэнэ гэсэн үг үү?

Д.Нарангэрэл: Шинэ вирусний дархлаа хэчнээн хугацаагаар тогтож байгаа судалгааг дэлхийн 20 гаруй орон хийсэн. Хамгийн сүүлийн судалгаагаар коронавирусээр өвдөөд эдгэрсэн хүмүүс 6 сараас жилийн хугацаанд дархлаа тогтож байгаа нь судалгаагаар тогтоогдсон. Та бидний мэддэг томуугийн вакциныг жил бүр хийдэг шүү дээ. Тэгэхээр коронавирусний вакциныг магадгүй жил бүр хийх шаардлага ч тулгарч болох юм.

Сэтгэгдэл бичих