УОК-ын шийдвэрээр "Зорчигч тээврийг зохицуулах түр журам" гарч нийслэлд хөл хорионд байгаа аймаг, орон нутгийн иргэдийг харьяа орон нутаг руу нь өнөөдрөөс эхлэн буцааж байна. Сонгинохайрхан дүүрэг дэх зорчигч тээврийн "Драгон" төвд 10.30 цагт очиход Баян-Өлгий аймгийн чиглэлд явах автобусанд иргэдийг дугаарлуулан суулгаж байлаа. АТҮТ-ийн Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга К.Айдосоос дараах зүйлсийг тодрууллаа.
-Эндээс нийт хэчнээн чиглэлд автобус гарч байна вэ?
-Эхний ээлжинд Архангай аймгийн чиглэлд автобус гарах байсан. Тус аймагт бэлэн байдлын зэргийн хөл хорио хэвээр учир УОК-ын шийдвэрээр хойшлуулаад байна. Өнөөдөр өглөө Баянхонгор, одоо Баян-Өлгий, Ховд аймгийн чиглэлд гарахаар зорчигчдоо суулгаж байна. Удахгүй 16.00 цагт Увсын чиглэлд гарна.
-Хамгийн эхний автобус хэдэн цагт аль чиглэлд гарав?
-Хамгийн эхний рейс Баянхонгор аймгийн чиглэлд 10.00 цагт 5 автобустай 143 зорчигч яваад байна. Одоо Баян-Өлгийн чиглэлд төлөвлөснөөр 10 автобус 400 орчим зорчигч явахаас зарим зорчигч хоцорч ирж байна. Шинжилгээний хариугаа баталгаажуулаагүй зэрэг байдал гарч байна. Мөн шинжилгээ өгөөгүй иргэд автобусны тасалбараа захиалсан, явна гээд ирэх жишээтэй, иргэдээс өөрсдөөс шалтгаалж буй зүйлүүд гарч байна. Дугаарлаж хоорондын зайгаа мөрдөн барихгүй байна. Халдвар, хамгааллын дэглэмийг сахиж барих нь иргэд эрүүл мэндээ хамгаалж байна гэсэн үг юм. Үүнийг ойлгох хэрэгтэй байна.
-Нэг аймаг руу дунджаар хичнээн автобус явж байна, багтаамж, хүрэлцээ нь хэр байна?
-Тухайн орон нутгийн зорчих урсгалаас хамаарч харилцан адилгүй байгаа. Нэг аймагт өдөрт 20 хүртэл автобус буюу 800-гаад зорчигч явахаар байгаа. Эхний ээлжинд 4-5 автобус гарч байна. Өдөрт 10 мянга орчим зорчигч тээвэрлэх боломжтой. Цаана нь 4 мянган иргэнийг тээвэрлэх нөөц тээврийн хэрэгсэлтэй бэлэн байгаа. Одоо замд гарч буй автобуснууд эргэж ирээд дахин явна гэхээр зорчигчдыг унаагаар таслахгүй хүргээд байх боломжтой.
-Аймаг, орон нутаг руу зорчиж буй иргэдэд хандан хэлэх юм юу байна?
-Автобус хөдлөхөөс 30-40 минутын өмнө цагтаа ирмээр байна. Иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах биеийн байцаалт, бичиг баримт, мөн шинжилгээний хариу болон тасалбараа биедээ авч явах хэрэгтэй. Заавал хэвлэхгүй юм гэхэд гар утсан дээрээ хадгалаад аваад ирэхэд болж байна. Түүнийгээ үзүүлээд явах хэрэгтэй байна гэв.
Авто тээврийн төвүүд дээр орон нутаг буцаж буй зорчигч иргэдийг "COVID-19"-ийн шинжилгээний хариуг үндэслэн зорчих тасалбарыг олгож тээврийн хэрэгсэлд суулгаж байна. Үүнийг АТҮТ-ийн байцаагч, ажилтнууд шалган зорчуулж байна. Мөн автобус дотор халдвар, хамгааллын дэглэмийг сахиулан эхний буюу 1-4 дүгээр эгнээг тусгаарлан тээврийг гүйцэтгүүлж байна.
Орон нутаг руу зорчиж буй тээврийн хэрэгсэл нэг бүрийг ариутган халдваргүйжүүлж, үүнийг мэргэжлийн хяналтын болон нийтийн тээврийн хяналтын байцаагч нар газар дээр нь хянаж байна.
Зам дундын постууд дээр мөн мэргэжлийн хяналт болон эрүүл мэнд, цагдаагийн байгууллагын алба хаагчид хянан шалгаж байна. Өнөөдрийн байдлаар нэг аймагт дунджаар 10-12 автобус, өдөрт 400-500 иргэн зорчиж байгааг АТҮТ мэдээллээ.
Б.Болд
Гэрэл зургийг Н.Батбаяр
montsame.mn