Мянган жилийн өмнө шүдний ясан сойз хэрэглэж байжээ

оруулсан Алсын Хараа

Булган аймгийн Дашинчилэн сумын нутагт Чингийн нуурын баруун талд Чин толгой гэж бий. Түүний өвөрт нэгэн хотын туурь байдаг. Хорин мянган хүнтэй хот байсан юм гэнэ билээ гэхээс өөр зүйл бараг мэдэхгүй байлаа. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Булган аймагт ажиллах үеэр энэ хотын тухай мэдээллийг ШУТИС-ийн багш, археологич, профессор Л.Эрдэнэболд өгсөн юм. Намрын богино өдөр эрт гэгээ тасарч, ажлын баг хотын туурьтай танилцаж амжаагүй билээ.

Төв Азийн нүүдэлчдийн нэлээд хэсгийг нэгтгэн захирч агсан Хятан улс нь оршин тогтнох хугацаандаа соёлын арвин өвийг үлдээсний нэг нь Чин толгой балгас. Энэ хотын туурь нь 1260х660 метр хэмжээтэй, тэгш өнцөгт хэлбэртэй, хойноос урагш сунаж тогтсон, тал бүрээс нь нар тусаж байхаар бодож барьсан, хамгаалалт хэрмийг шороо дагтаршуулан үйлдсэн байжээ.

Монгол-ОХУ-ын хамтарсан профессор Л.Эрдэнэболд‚ академич Н.Н.Крадин нарын удирдсан баг 2004-2009 онд энэхүү хотын судалгааг явуулсан бөгөөд 16х24 метр хэмжээ бүхий нэгэн хуучин барилгын туурьт археологийн малтлага хийжээ.

- Уг хотын туурийн соёлт давхарга нь хоёр метр орчим зузаан бөгөөд төрөл бүрийн олдвороор нэн баялаг байсан юм. Хамтарсан судалгааны үр дүнд 8х8 метр хэмжээтэй тэгш дөрвөлжин барилгын үлдэгдлийг илрүүлэн олсон бөгөөд уг барилга нь түүхий тоосгон ханатай, хана болон суурийг бэхлэхийн тулд дээврийн ваар, тоосго, шавар савны хагархайнуудыг ашигласан байжээ. Барилгын доод талаас олон тооны галын үнс нурам, амьтны болон загасны яс, түлэгдсэн тарианы үлдэгдэл, ваар савны хагархай бүхий нүхэн зоориуд илэрсэн юм.

Бидний малтлагын явцад илэрсэн бас нэгэн сонирхолтой зүйл бол Хятаны үед дэлгэрсэн дусал хээтэй ваар савны хагархайтай хамт Уйгар улсын үед дэлгэрсэн нуман хээтэй болон шилмүүс хээтэй ваар савны хагархай илрэн олдсон явдал юм.

Тэдгээр ваарны хагархай нь бүгд уйгар хээтэй, уг хотоос олдож буй бусад ваар савтай харьцуулахад шаврын бүтэц найрлага, шатаалт, хийсэн арга барил зэргээрээ ялгаатай байна. Мөн уйгар, хятаны холимог хийц хэлбэр, хээ бүхий ваар савны хагархай олдсон явдал нь өмнөх үеийн соёлын уламжлал ямар нэгэн байдлаар хятанчуудад уламжлагдан ирснийг харуулна. Чин толгой балгаснаас ясаар хийсэн сойз хэд хэд олдсон ба ийм шүдний ясан сойз Монгол нутгаас урьд өмнө олдож байгаагүй юм. Ийм төрлийн сойз Чин толгой балгасны ганцхан барилгын тууриас хэд хэд олдож байгаа нь 1000 гаруй жилийн тэртээ Хятанчууд сойзыг өргөн хэрэглэж байсныг илтгэнэ.

Сонирхол татаж буй бас нэгэн дурсгал бол нохой тэвэрсэн шаазан хүний дүр бүхий эдлэл юм. Энэхүү шаазан хүнд дүрсэлсэн хувцас нь тод мэдэгдэж буй учир хятаны хувцасны судалгаанд бас нэгэн чухал хэрэглэгдэхүүн болж байна гэж археологич Л.Эрдэнэболд танилцуулсан юм.

2004-2008 оны малтлагаар Чин толгой хэрмийн барилга байгууламжийг барихдаа хана, суурь зэргийг бэхлэх зорилгоор хуучин уйгарын үеийн хотын дээврийн ваар, тоосго, шавар савны хагархайнуудыг өргөн ашиглаж байсан нь мэдэгджээ. Археологчдын малтлагын талбайн хойд, баруун хойд хэсэгт хоёр ч халаалтын суваг байсан нь мэдэгдсэн байна. Барилгын гадна байгуулсан тусгай зууханд тулсэн халуун утаа нь чулуун хоолойгоор дамжин гүйж байшинг хана, шалнаас нь халааж байсан хоёр болон гурван суваг бүхий халаалтын байгууламжтай байжээ.

Чин толгой балгасыг малтан судлах явцад их хэмжээний загасны яс, амуу тарианы үр олдсон байна. Хятанчууд амуу тариаг тусгайлан ухсан нүхэн зооринд хадгалдаг байсан нь судалгааны явцад мэдэгдсэн бөгөөд олдсон будааг судлаачид ногоон хоног амуу (sefaria viridis) хэмээн тодорхойлжээ. Энэ будаа Монгол улсын нутагт зэрлэг байдлаар өргөн тархсан ургамал юм. Харин малтлагаас олдсон ногоон хоног амуу нь тарималжуулсан сорт ажээ. Энэ нь Х-ХI зууны үед монгол нутагт хоног амуу тариаг тарималжуулж хүнсэндээ хэрэглэдэг байсныг гэрчилнэ. Мөн малтлагаар олдсон загасны яс, хайрсыг судлаачид алгана, улаан нүдэн, мөрөгийн овгийн загаснуудынх болохыг тогтоосон байна. Энэ нь мөн үед мал аж ахуй эрхлэхээс гадна газар тариалан, загасчлах аж ахуй өргөн дэлгэрсэн байсныг гэрчилнэ. Өнгөрсөн хугацаанд Чин толгой балгасанд хийсэн археологийн малтлагаар илэрсэн олдворууд нь эртний сурвалж бичиг дэх Ляо улсын тухай зарим мэдээг лавшруулан бататгах боломжтой байна.

ХI зууны эхээр Хятан гүрэн хүчирхэгжлийнхээ оргилд нэгэнт хүрсэн юм. 994 онд Хятан нар баруун хил хязгаараа тохинуулах дайн хийж, Хэрлэн, Туул голын хөндийд өөрийн хил хязгаарыг хамгаалах цэргийн хотуудын томоохон сүлжээг барьж байгуулжээ. Тэдгээрийг барьж байгуулахдаа зүрчид, бохой хан болон бусад Хятанд эзлэгдсэн ард түмнээс татсан цэргүүд, олзлогдогсдыг ашиглаж байжээ. Тэд хил хязгаарын цэргийн бэхлэлт хотуудыг босгохдоо бүгдийг цоо шинээр босголгүй харин урьд нь нэгэнт буй болоод байсан хуучин хотуудыг бас ашигласан байдаг. Археологчдын сүүлийн жилүүдийн судалгаагаар өнөөгийн Чин толгой балгас нь Хятан улсын үед шинээр байгуулсан хот бус, харин Уйгар улсын үед анх байгуулсан бөгөөд хожим хятан нар сэргээн засаад ашигласан хот болох нь мэдэгдсэн байна. Тэгэхдээ уг хот нь Уйгар улсын үед Хэдун (Хотун) нэртэй байсан ажээ. Уйгарын Хэдун хотын суурин дээр 1004 онд Хятан нар Чжэнь Чжоу хэмээх цэргийн бэхлэлт хот барьсан нь өнөөгийн Чин толгой балгас ажээ.

Өнгөрсөн жилүүдийн бидний хамтарсан судалгаагаар энэ дурсгалын байгуулсан он цаг, оршин тогтносон түүхэн үеийн хүрээ, энд оршин суугчдын эдийн засаг, соёлын уламжлалын талаарх олон асуудлыг тодруулж чадсан бипээ.

- Чин толгой балгас нь Уйгурын, Хятаны, Бохай-Зөрчидийн гэсэн гурван өөр соёлын давхаргыг өөртөө агуулсан маш сонирхолтой дурсгал гэдэг нь мэдэгдэж байна. Чин толгой бол Хятаны үеийн дурсгал юм гэж урьдах судлаачид үздэг байсан бол, өдгөө Чин толгой бол зөвхөн Хятаны төдийгүй бас Уйгур, Бохай-Зөрчидийн археологийн соёлыг өөртөө агуулсныг илрүүлэн тогтоосон байна. Түүнчлэн Алс дорнодын ард түмнүүдийн эдийн засаг соёлын харилцааг Х-ХI зууны үеэс авч үзэх бололцоог олгож байгаа юм гэж эрдэмтэд үзэж байна.

Археологийн олдворын талаар ШУТИС-иас эрхлэн гаргасан “Монголын эртний нүүдэлчдийн өв соёл” номоос танилцаж болох юм.

montsame.mn

Сэтгэгдэл бичих