Өмнөд Солонгосын төрийн өмчийн “Олон нийтийн боловсролын төв”-д хос хэлний багшаар ажилладаг монгол эмэгтэй М.Пүрэвсүрэн тус улсын Засгийн газраас цагаач ажилчдын ажиллах нөхцлийг сайжруулахыг шаардсаныг “Korea Times” онцолжээ.
Тэрбээр өдгөө 38 настай бөгөөд есөн жилийн турш дээрх ажлыг хийж байгаа аж. Гэсэн ч түүний ажил богино хугацааны буюу 10 сарын гэрээнд тулгуурласан тул тогтворгүй хэвээр байгаа юм. Мөн тэрбээр долоо хоногт 14-с дээшгүй цаг ажиллах зургаан сарын хугацаатай гэрээг саяхан хийсэн учир илүү цагийн нэмэгдэл болон бусад тэтгэвэр тэтгэмж тогтоолгох эрхгүй болжээ.
Түүнтэй хамт өөр нэг цагаач эмэгтэй Өмнөд Солонгосын Засгийн газарт шаардлага хүргүүлсэн нь төрийн өмчит “Олон үндэстний гэр бүлийг дэмжих төв”-д солонгос-хятад хэлний хэлмэрчээр 10 жилийн турш ажиллажээ. Гэвч тэрбээр цалингийн доод хэмжээгээр цалинждаг бөгөөд хамт ажилладаг солонгосчуудаасаа бага цалин авахаас гадна албан тушаал ахих боломж нөхцөл байдаггүй талаар ярьжээ.
Энэ хоёр эмэгтэй бол Өмнөд Солонгосын Засгийн газрын харьяа байгууллагуудад ажилладаг олон цагаач эмэгтэйчүүдийн төлөөлөл юм. Тэд цалин хөлсний шударга бус хуваарилалт, албан тушаал ахих боломж адил тэгш байдаггүй зэрэг байдлыг эсэргүүцэн шаардлага хүргүүлжээ.
Өмнөд Солонгосын Цагаачдын эрхийг хамгаалах төв дээрх эмэгтэйчүүдийн хүсэлтийн дагуу тус улсын Хүний эрхийн үндэсний комисст (NHRCK) өргөдөл гаргаж, Засгийн газраас хөдөлмөр эрхлэлтээр ялгаварлан гадуурхах явдлыг арилгах, тэгш эрх олгохыг шаардаж хэвлэлийн бага хурал хийжээ.
Эх сурвалж: KOREA TIMES