Улсын Онцгой комиссын даргын шуурхай хурал өдөрт хоёр удаа зохион байгуулагдаж байна.
Энэ өдрийн хуралдаанаар цар тахлын хариу арга хэмжээг шат шатанд хэрэгжүүлэхэд тулгарч буй асуудал бэрхшээл, түүнийг хэрхэн зохион байгуулах талаар болон ташаа мэдээлэл түгээсэн хүмүүст тооцох хариуцлага, Энхсаран сувилалд эрүүгийн хэрэг үүсгэх шалгаж байгаа талаар зэрэг долоон асуудал хэлэлцжээ.
Хуралдаанаас яригдсан асуудал ба гарсан шийдвэрийн талаар УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг танилцуулсны дараагаар сэтгүүлчдийн асуултад холбогдох албаныхан хариуллаа.
-Уул уурхайн хүнд нөхцөлд ажиллаж буй иргэдийг хөл хорионы улмаас ээлж солилцох боломжгүй болоод байна. Энэ мэтчилэнгээр уул уурхай, бүтээн байгуулалтын томоохон төслүүдэд ажиллаж буй хүмүүсийг тусгай зохион байгуулалтаар ээлжийг солилцуулах арга хэмжээ авах уу?
УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг: -Уул уурхай, бүтээн байгуулалтад ажиллаж буй хүмүүс орж, гарах боломжгүй. Бүх аймагт хөдөлгөөн хаасан тул ямар нэг урсгал байхгүй.
-Зээл, түрээсийн төлбөрийн талаар тодруулъя. Ямар хувилбарууд яригдаж байна вэ?
УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг: -Засгийн газрын хуралдаан дээр Ерөнхий сайд иргэдийн зээл, түрээс, аж ахуйн нэгжүүдэд тулгарч буй эдийн засгийн хүндрэлийг хэрхэн шийдвэрлэх талаар судлах чиглэлийг Сангийн сайдад өгсөн.
Ажлын хэсэг ажиллаж байна. Энэ долоо хоногийн Лхагва гарагт болох Засгийн газрын хуралдаанд Сангийн сайд танилцуулах учраас эцсийн шийдвэр гарахад мэдээлэл хүргэнэ. Одоогоор хэрэглээний болон бизнесийн зээлийн талаар хэрэглэгч нар банкуудтайгаа холбоо барьж, зээлийн бүтцээ өөрчлөлт оруулах, төлөлтөө хойшлуулах эрх нээлттэй байгаа хэмээн Монголбанкнаас мэдээлэл өгсөн.
-Улс орон даяар хөдөлгөөн зогсоосон энэ үед орон нутагт үлдсэн байгаа бага насны хүүхдүүдийг хамгаалах асуудалд ямар хяналт тавих вэ?
ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян: -Ажлын албан томилолт, эмчилгээнд хамрагдах, хувийн ажлаар ирсэн зэрэг шалтгаантай 500-800 хүн хотод түгжигдсэн байгаа.
Батлагдсан тохиолдлуудын хавьтлуудын шинжилгээг хийх нь чухал байна. Шинжилгээний хариуг харж байж, энэ долоо хоногийн сүүлээр орон нутаг руу гарах хөдөлгөөнийг нарийн зохион байгуулахаар судалж байна. Тухайлбал, иргэдээс шинжилгээ авч, сөрөг гарсан тохиолдолд орон нутаг руу зорчуулахаар судалгаа, бэлтгэл ажил хийгдэж байна.
Мөн хүүхэд хамгааллын асуудлаар орон нутагтай тогтмол холбоотой ажиллаж байна.
-Хуурамч мэдээлэл тараасан хүмүүст ямар хариуцлага тооцох вэ. Жишээлбэл, УИХ-ын гишүүн, намын бүлгийн дарга нь орон нутгаас Улаанбаатарт ирсэн иргэдийг энэ сарын 18-нд буцаахаар болсон тухай мэдээлсэн шүү дээ?
УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг: -УИХ-ын гишүүдэд УОК-ын дарга албан тоот илгээж байгаа, даргын зөвлөл дээр нь ч хэлсэн. Лхагва гарагт зохион байгуулалттайгаар гаргана гэдэг нь худлаа. Ийм шийдвэр гараагүй. Батлагдсан тохиолдлын нэгдүгээр зэргийн болон дам хавьтлыг шинжилгээнд хамруулж дууссаны дараа иргэдийг хөдөлгөөнд оруулах ажлыг шат дараатайгаар хэрэгжүүлнэ.
-Хүнсний талон, халамжийн мөнгийг эмзэг бүлгийн иргэдэд хэрхэн хүргэж байна вэ. Энэ ажлын явцын талаар тодруулъя?
УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг: -Нийт 53 мянга орчим хүнд 288 мянган төгрөгийн халамжийн мөнгийг шилжүүлсэн. 80 мянган хүнд тус бүр 106 мянган төгрөг, 4.4 мянган хүнд тус бүр 156 мянган төгрөг олгох гэх зэргээр нийлбэр дүнгээр 24 тэрбум орчим төгрөгийг иргэдийн дансанд шилжүүлсэн.
Түүнчлэн хүнсний талон авдаг том хүн, хүүхэд нийлсэн 242 мянган хүн бий. Тэдэнд 4.8 тэрбум төгрөгийг шилжүүлэх ажил хийгдэж байгаа. Дансгүй 13 мянга орчим иргэн байгаа бөгөөд тэдэнд халамжийг хэрхэн хүргэх талаар Хөдөлмөр, нийгмийн халамжийн яам ажиллаж байна.
-Хулгайн замаар орон нутагт зорчсон иргэдэд ямар хариуцлага тооцох вэ?
УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг: -Хулгайн зам, эсвэл хүнс тээврийн машинаар нуугдаж гарах асуудал гарч байна. Үүнийг холбогдох байгууллагууд нь шалгаж байна. Зөвхөн хууль хяналтын байгууллага, цагдаа, мэргэжлийн хяналт, УОК хянах гэх биш иргэн та бидний хариуцлагын асуудал чухал байна.
Цар тахлын энэ цаг үед хүний эрх гэхээс илүү үүргийг тодруулж ярих шаардлагатай байна.