Шинэ коронавируст цар тахлын тархалтыг дотооддоо хумихтай холбоотой цаг үеийн шуурхай арга хэмжээ авах асуудлын талаар 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 20:00 цагт УОК хуралдаж, орон даяар Гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт шилжүүлэхээр санал гаргасныг Монгол Улсын Засгийн газар ээлжит бус хурлаараа авч хэлэлцэн эцэслэн шийдвэрлэв.
Улсын хэмжээнд зарлаад байсан гамшгаас хамгаалах хэсэгчилсэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг ахиулж Гамшгаас хамгаалах тухай хуулийн 11.3.3-ыг үндэслэн Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлыг 2020.11.12-ны өдрийн 06:00 цагаас 2020.11.17-ны өдрийн 06:00 цаг хүртэл тав хоногийн хугацаатай зарлаж, Засгийн газрын тогтоол гаргав.
Шадар сайд Я.Содбаатар “Маргааш өглөөний буюу арваннэгдүгээр сарын 12-ны 06:00 цагаас арваннэгдүгээр сарын 17-ны 06:00 цаг хүртэл Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргалаа. Маргааш өглөөнөөс таван өдрийн хугацаатай хатуу хөл хорионы дэглэм рүү шилжүүлж байна. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг манайд анх удаа авагдаж байгаа арга хэмжээ. Энэ хүрээнд дараах байгууллагууд хэвийн ажиллана.
Ард иргэдээсээ гэрээсээ битгий гараач ээ гэж хүсэж байна. Мэргэжлийн байгууллагууд хөдөлгөөнийг эрс хязгаарлахыг зөвлөж байгаа.
Төрийн байгууллагуудын ковидтой холбоотой цөөн тооны хүмүүс ажиллана. Бүх салбарт гамшгаас хамгаалах улсын алба байдаг. Тэр албанд хэн ажиллах нэрс өнөөдөр орой гарч байгаа. Тэр хүмүүс ажиллаж бусад нь гэртээ байна. Үүнтэй адил хувийн хэвшлийн байгууллагуудаасаа ажилчдаа гэрээсээ ажиллах боломжоор хангаач ээ гэж уриалж байна" гэлээ.
"2,000 гаруй дам хавьтлын байршлыг тогтоож, тусгаарлана"
Засгийн газрын ээлжит бус хуралдааны шийдвэрийг танилцуулах үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Манай улс коронавируст халдварын батлагдсан 4 тохиолдолтой боллоо. Нэг голомтоос 4 тохиолдол батлагдсан. Өөрөөр хэлбэл, манай улс зөөвөрлөгдсөн өвчлөлтэй байсан бол өнөөдөр кластр өвчлөлтэй улс орны тоонд орох боллоо.
ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу коронавируст халдварын ойрын хавьтлыг 24-48 цагийн дотор олж тогтоох ёстой байдаг. Бид одоогоор 73 ойрын хавьтлыг илрүүлээд байна. Ойрын хавьтал гэдэг нь тухайн халдварын лабораториор батлагдсан тохиолдолтой 1.5-2 метрийн дотогш зайд хамгаалах хэрэгсэлгүй, 15 минутаас дээш хугацаанд уулзсан бол ойрын хавьтал гэж үзнэ.
Тэдгээр дам хавьтлуудын байршлыг тогтоох үйл ажиллагаа явагдаж байна. Байршлыг нь тогтоосны дараа бид арга хэмжээгээ авна. Түүнтэй хамт үзвэр үзсэн 200 гаруй хүн ХӨСҮТ-д шинжилгээ өгсөн. Үнэнийг хэлэхэд энэ бүх ойрын хавьтлын шинжилгээний хариу бүгд зүгээр гарна гэж хэлэх хэцүү. Магадгүй цаашид батлагдсан тохиолдол нэмэгдвэл авах арга хэмжээ цааш үргэлжилнэ" гэлээ.
Мөн "Бид өнөөдрөөс эхлээн авч буй арга хэмжээ маань ДЭМБ-ын зөвлөмж гэдгийг иргэд маань ойлгож бидэнтэй хамтран ажиллаж, цар тахалтай тэмцэхийг хүсэж байна. Энэ хугацаанд хорио цээрийн дэглэмийг мөрдөж, аль болох гадуур явахгүй байх, амны хаалт тогтмол зүүх, гараа ариутгах, олон хүн бөөгнөрсөн газраар явахгүй байхыг хүсэж байна" гэв.
Дам болон ойрын хавьтлуудын талаар тэрбээр хэлэхдээ "Бид одоогоор ойрын хавьтлын 70 гаруй хүнийхээ 3-ны 1-ийг шинжилгээнд хамруулаад байна. Хөл хорионы хугацаанд тэдгээр хавьтлуудаа шинжлэх, үргэлжлүүлээд дам хавьтлын 2,000 гаруй хүнээ олж тусгаарлана. Энэ хугацаанд гол нь иргэд мэргэжлийн байгууллагаас өгч байгаа зөвлөмжийг дагах хэрэгтэй" хэмээн хэлэв.