Засгийн газар, УОК-оос гаргасан хорио цээрийн дэглэмийг чанд сахиж, зөвхөн нарийн мэргэжлийн инженер, техникийн ажиллах хүчийг оруулж ирэх хүсэлт гаргаж буйгаа “East Govi” компанийн хүний нөөцийн зөвлөх Х.Зоригтбаатар өнөөдөр мэдээллээ.
COVID-19 цар тахлын улмаас Засгийн газар гадаад ажилтан хилээр нэмж нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргасныг дахин хэлэлцэхийг шаардаж дээрх шийдвэр нь гадаадын хөрөнгө оруулалттай 39 аж ахуй нэгж, компанийн эрх ашгийг зөрчиж буйг мэдээлэлдээ тэмдэглэв.
Хятад ажилчид БНХАУ-аас манай улсын хилээр нэвтрэхээс 48 цагийн өмнө эрүүл мэндийн болон PCR шинжилгээнд ордог. Дараа нь хилээс тусгаарлан ажиглах байр хүртэл тусгай тоноглосон, дотроо ариун цэврийн өрөөтэй нэг автобусанд 5-10 хүн сууж ирээд, 21 хоног тусгаарлалтад ордог. Энэ хугацаанд 3 удаагийн PCR шинжилгээнд хамрагдана. Тусгаарлалтаас гарах үед нь мөн ДОХ, тэмбүү, элэгний B, C вирусийн шинжилгээг журмын дагуу авдаг гэдгийг мэдээлэв.
Тэрбээр, "Ажиллах хүч оруулж ирэхдээ манай компани болон хөрөнгө оруулагч талаас дээрх бүх шинжилгээ, тусгаарлалтын зардлыг гаргасан. Тухайлбал, ХӨСҮТ-д гурван удаагийн шинжилгээ өгөхөд 450 мянган төгрөг тушаадаг. Мөн тусгаарлалтад орохдоо нэг хүн 120-240 мянган төгрөг төлдөг. Эдгээр зардлыг нөхөн төлж өгнө үү гэж хүсэж байна" хэмээлээ. Учир нь шат шатны байгууллагаас зөвшөөрөл авч, дээрх зардлыг гаргасан ч улс төржилтөөс болж ажиллах хүч оруулах боломжгүй болсон талаар хэлсэн юм.
Энэ үеэр тэрээр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
- Гадаадаас ажиллах хүч оруулж ирлээ гэж бодоход, халдварын эрсдэл үүсвэл танай компани хариуцлага хүлээх үү?
- Монгол Улс коронавирусийг дотроо алдахгүй барьж байна. Бид хорио цээрийн дэглэмийг алдахгүйгээр нарийн мэргэжлийн хүмүүсийг оруулж ирэх хүсэлтэй байна. Асуудал үүсвэл эх орон руу нь буцаана.
- Эдгээр хүмүүсийг оруулж ирэх зөвшөөрлийг хаанаас авсан бэ?
- Шат шатны байгууллагаас нь авсан. Тухайлбал, эдгээр хүмүүсийг хорио цээрийн үед баримтлах нарийн төлөвлөгөөг гаргаж, УОК-оор батлуулсан. Мөн хөдөлмөр халамжийн үйлчилгээний төвөөс зөвшөөрөл авсан. Дараа нь Гадаадын иргэн харьяатын газраас визийг нь авсан. Хил хамгаалах газар болон Гадаад хэргийн яам руу визээ мэдүүлсний дараа БНХАУ-ын талаас тэдгээр иргэдийг шинжилгээнд хамруулж, хилээр нэвтрүүлэх өдрийг товлосон. Хоёр улсын хяналт дор эдгээр хүмүүс орж ирэх гэж байсан.
- Дотоодоос ажиллах хүчээ сонгож болохгүй гэж үү?
- Монгол Улсад ажил хийх хүн олдохоо больсон. Бүгдээрээ дарга эсхүл менежер байх хүсэлтэй. Зам тавих гэхээр замчин олддоггүй. Барилгын ажилд барилгын туслах ажилтан олдохгүй байна. Мөн монгол ажилчид хариуцлагагүй, сэтгэлгүй. Нийгмийн сүлжээгээр хэт туйлширч байгаа хүмүүст хандаж хэлэхэд ганц БНХАУ-аас ажиллах хүч орж ирдэггүй. Ажиллах хүч орж ирснээр Монгол Улсад мөрдөгдөж буй хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 840 мянган төгрөгийг Хөдөлмөр эрхлэлтийн санд төлдөг. Ингэснээр төвлөрсөн мөнгийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажлын байрыг нэмэгдүүлэх, жижиг дунд бизнес эрхлэгчдэд 5-10 сая төгрөгийн зээл олгох, МСҮТ-ийн оюутнуудад сар бүр олгох 200 мянган төгрөгийг энэ сангаас олгодог юм.
Энэ үеэр Иргэдийн шудрага шүүх төрийн бус байгууллагын тэргүүн Х.Батялалт зааланд гаднаас орж ирэн Х.Зоригтбаатрыг эсэргүүцэж байгаагаа илэрхийллээ.
Тэрбээр, “Коронавирусний халдвар гарсан БНХАУ-ын голомтоос олон тооны хятад ажилчин хилээр нэвтрүүлж байгаа талаар цахим орчинд бичлэг хийж тавьсан Ж.Одонгоо гэх эмэгтэйг хууль хяналтын байгууллагаас гүйцэтгэх ажиллагаа явуулж, баривчлан саатуулсан. Гаднаас ажиллах хүч оруулахыг бүр мөсөн хориглохыг хүсээгүй. Хамгийн чухал нь үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлэхгүй, Монгол Улсын хууль журмыг баримталж, орж ирж буй хүмүүсийн мэдээлэлийг ил тод байлгах хэрэгтэй. Зөвхөн 39 аж ахуй нэгжийн эрх ашгийг хамгаалахын төлөө гурван сая иргэнээ хохирохыг харж суумааргүй байна. Дэлхийн нийтээрээ эдийн засгийн хямралд орж байна. Гэтэл эдгээр хүмүүс бизнес хийхээр төлөвлөсөн ч цар тахлын улмаас энэ ажил нь нурсан гэж хэвлэлийн бага хурал зарлаж байна. Аль хэдийн 1000 хүн орж ирсэн байна. Эдгээр хүмүүсийг хаана, хэзээ тусгаарлаж байгааг ил тод болгох хэрэгтэй” хэмээлээ.