УОК өнөөдөр /2020.11.07/ хуралдаж “COVID-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх асуудлыг хэлэлцсэн байна. Энэ талаар Шадар сайд Я.Содбаатар хэвлэлийнхэнд мэдээлэв.
Тэрбээр, “УОК 3 асуудал хэлэлцлээ. Нэгдүгээрт, Баян-Өлгий аймгийн Цагааннуур боомт, Увс аймгийн Боршоо боомтыг түр хааснаас хойш УОК-ын Нарийн бичгийн даргаар ахлуулсан ажлын баг дээрх боомтуудад ажиллаж, нөхцөл байдалтай танилцсан. Уг ажлын багийн тайланг сонслоо.
Улмаар дээрх хоёр боомтыг гарагийн зохицуулалтай нээх асуудлыг шийдвэрлэх, эдийн засгийн тулгамдсан асуудлыг нь сонсож, холбогдох албаныханд үүрэг чиглэл өглөө. Түүнчлэн цар тахлаас урьдчилан сэргийлэх салбар буюу эрүүл мэнд, хил хамгаалах, онцгой байдал, цагдаа зэрэг байгууллагын бэлэн байдлын мэдээллийг сонсож, үүрэг өгсөн. Түүнчлэн үйлчилгээний албан байгууллага, нийтийн тээврийн хэрэгсэл, соёл, урлагийн тоглолт, спортын тэмцээн зэрэг олныг хамруулсан үйл ажиллагаанд очсон иргэдийг ариутгал, халдваргүйжүүлэлтийн дэглэм сахиулах, амны хаалт зүүлгэх зэрэгт хяналт тавихыг нийслэл, аймгуудын удирдлагуудад хяналт тавихыг үүрэг болгосон.
Алтанбулагийн боомтын ажилтай Эрүүл мэндийн сайд, ЗТХ-ийн сайд нарын ажлын баг танилцаж байна. Алтанбулагийн боомт хамгийн эрсдэлтэй бүс юм” хэмээв.
Мөн хуралдаанаар хүнсний хангамж, нөөцийн өнөөгийн байдлын талаарх ХХААХҮ-ийн сайдын мэдээллийг сонссон байна. Одоогоор ургац хураалт 95 хувьтай байгаа бол мах бэлтгэх ажил эхэлж байна. Хүнсний нөөц хэвийн хэмжээнд байгаа бөгөөд хомсдол үүсэхээргүй байна. Гэхдээ дотоодод халдвар тархсан нөхцөлд хүнсний хангамжаа хэрхэн шийдвэрлэхийг ирэх долоо хоногт Хүнсний, аюулгүй байдлын зөвлөл хуралдаанаар тодорхой шийдвэр гаргахаар болжээ.
Шадар сайд Я.Содбаатар, “Халдвар авсан ХӨСҮТ-ийн сувилагч дотроо халдвар, хамгааллын дэглэм сахиж ажиллаж байсан бөгөөд энгийн иргэдтэй огт уулзаагүй” хэмээгээд дотоодод цар тахал тархаагүй тул УОК ямар нэгэн хөл хорио, хязгаарлалт тогтоох шийдвэр гараагүй гэдгийг албан ёсоор хэллээ.
Энэ үеэр тэрбээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.
-Алтанбулагийн боомт хамгийн өндөр эрсдэлтэй бүс. Энэ бүсээр Монгол Улсын импортын барааны хэдэн хувь орж ирдэг вэ?
-Тус боомтод нөхцөл байдал амаргүй байгаа тул Сэлэнгэ аймгийн Онцгой комисс өдөр бүр хуралдаж байна. Монголтой хил залгаа ОХУ-ын бүс нутгуудад халдвар, түүний улмаас нас баралтын тоо огцом нэмэгдэж байгаа. Тиймээс бид хойд хил дээрээ хяналт, шалгалтыг сайжруулах шаардлага үүссэн тул Эрүүл мэндийн болон ЗТХ-ын сайд нар Сэлэнгэ аймгийн ажиллаж байна. Мөн ДЭМБ-ын Суурин төлөөлөгч хамт явж байгаа. Сэлэнгэ аймагт 2 боомт бий. Төмөр замын Сүхбаатар боомт хэвийн ажиллана.
УОК-ын өмнөх хуралдаанаар Алтанбулаг боомтоор орж ирж байгаа ачаа тээврийн хөдөлгөөнийг хязгаарлахаар шийдвэрлэсэн. Үүнийг хэрхэн хийх вэ гэдгийг одоо судалж байгаа бөгөөд ирэх долоо хоногт тодорхой шийдвэр гаргана. Алтанбулаг боомтоор импортын барааны 9.2 хувь орж ирдэг. Өргөн хэрэглээний гол нэрийн бүтээгдэхүүн харьцангуй бага байгаа. Тиймээс МҮХАҮТ, Алтанбулаг боомтод ажилладаг компаниудын удирдлагуудтай уулзаж, ярилцана. Сүүлийн 7 хоногт олон улсын тээврийн жолооч нараас өдөр бүр коронавирус илэрч байгаа учраас Сэлэнгийн бүсээс наашаа оруулахгүй байх шийдвэр гаргасан. Мөн жолооч нарыг Монгол Улсад орж ирэхээс 72 цагийн дотор PCR шинжилгээ хийх шаардлага тавьж байгаа бөгөөд Гадаад хэргийн сайдад хөрш орнуудтай боомтуудын асуудлаар санал солилцохыг үүрэг болгосон. Ирэх долоо хоногт боомтуудын талаар нэгдсэн шийдвэр гаргана.
-ХӨСҮТ-ийн сувилагч эмнэлгээс гадуур хүнтэй уулзсан уу?
-Тус сувилагч БНСУ-аас наймдугаар сард ирээд, тусгаарлагдаад гарсан. Ингээд ажилдаа ороод 1 сар болж байгаа юм. Тиймээс тусгаарлалтын үеийн халдвар байна уу, ХӨСҮТ-өөс авсан байна уу гэдгийг судалж байгаа. Мөн ХӨСҮТ-ийн бүх хяналтын камерыг шүүж байгаа бөгөөд ирэх доло хоногт тодорхой мэдээлэл өгнө.
-Хилийн боомтуудыг хаасан нь хүнсний хангамжид нөлөөлөх үү?
-Автозамын боомтуудыг хааснаар хүнсний хангамжид нөлөөлөхгүй. Автозамын боомтуудыг хаасан ч төмөр замын тээвэр нээлттэй байх юм. ОХУ-ын энэ жил улаанбуудайн ургацаа хангалттай авсан. Гэхдээ ОХУ-аас улаанбуудай авдаг олон орон ургац алдсан байна. Үүний улмаас ОХУ-аас улаанбуудайн экспортдоо квот тогтоох магадлалтай байгаа. Тиймээс ирэх долоо хоногт Хүнсний аюулгүй байдлын зөвлөлд хүнсний нөөцийн асуудлаар тусгай төлөвлөгөө танилцуулахаар ажиллаж байна.