УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, “УИХ-ын 30 жилийн ойн хүндэт медаль бий болгох тухай” тогтоолын төслийг хэлэлцэхээс татгалзлаа.
Төсөл санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Н.Энхболд танилцууллаа. Монгол Улсад анх удаа ардчилсан, чөлөөт сонгуулиар Ардын Их Хурал /АИХ/-ыг байгуулж, тэр үеийн БНМАУ-ын Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хуулиар Ерөнхийлөгчөө сонгож, танхимын зарчмаар ажиллах анхны Засгийн газрыг байгуулсан. Улмаар 1990 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Улсын Бага Хурал /УБХ/ анхдугаар чуулганаа хуралдуулснаар Монгол Улсад байнгын ажиллагаатай парламентын ажиллагаа эхэлсэн түүхтэй хэмээн тодотгов.
УБХ хоёр жил хүрэхгүй хугацаанд ажиллахдаа шинэ нийгмийн харилцааны эрх зүйн үндсийг тогтоох олон хууль тогтоомж, олон улсын гэрээ конвенцыг баталсан юм. Мөн АИХ-аас даалгасны дагуу Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн төслийг хүн төрөлхтний түгээмэл үнэт зүйлсийн зарчимд тулгуурлан боловсруулж, өргөн барьсныг АИХ-ын депутатууд 76 хоног хэлэлцэж, 1992 оны нэгдүгээр сарын 13-нд баталсан. Ингэснээр, Монгол Улс ардчиллын замаар эргэлтгүй замнасан парламентын засаглалтай Бүгд Найрамдах Улс болсон. УБХ-ын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт УБХ-ын ажлын аппарат нь УБХ-ын Тамгын газар мөн хэмээн тодорхойлсон. Ингээд түүний бүтэц, орон тоо, дүрмийг УБХ-ын дарга батлахаар заасан байсан юм. Ингээд төрийн эрх барих, хууль тогтоох дээд байгууллагын түүхэн зорилт, чиг үүргээ хэрэгжүүлэхэд мэргэжил арга зүй, техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх, хэвийн ажлыг хангахад анхны парламенттай хамт Тамгын газрыг үүсгэн байгуулсан байдаг. Өдгөө тохиож буй байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 30 жилийн ойн хүрээнд “Монгол Улсын Их Хурал 30 жил” хүндэт медаль бий болгох нь зүйтэй хэмээн үзэж, Хууль тогтоомжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-ыг үндэслэн төслийг боловсруулсан гэлээ.
Тогтоолын төсөлд уг медалийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олгохоор тусгасан байна.
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны энэ сарын 3-ны хуралдаанаар уг төслийг хэлэлцэж дэмжсэн талаарх санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг танилцуулав.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Ц.Сандагдорж, Н.Алтанхуяг, С.Бямбацогт, Ж.Сүхбаатар, Т.Доржханд нарын гишүүн төслийг дэмжихгүй байгаагаа илэрхийлэв. Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, дэлхий дээр социализмын үеийн одон медалийн тогтолцоотой хоёрхон улсын нэг нь Монгол Улс байна гэв. Түүнчлэн нийгэмд хавтгайрсан одон медалийн шагналаас болж төрийн одон, медалийн үнэ цэн унаж буйг дурдав. Тэрээр 70 наснаас дээш бүх ахмадад нэгмөсөн Алтангадас одон гардуулаад, одонгийн тогтолцооноос бүрэн салах хэрэгтэй гэсэн байр суурь илэрхийлж байв.
УИХ-ын гишүүн Т.Доржханд, дайнд ялсан баатар, хүний амь аварсан, улс орондоо гавьяа байгуулсан хүнийг шагнаж араас нь санхүүжилтийн эх үүсвэр дагуулснаар үнэ цэнтэй болдог гэдгийг тэмдэглэв. Гэтэл манай улсад олгож байгаа төрийн одон медаль нь сонгуулийн арга хэрэгсэл болж түүнд нь иргэд дуртай байгааг шүүмжлэв. Тиймээс зөвхөн Ерөнхийлөгч одон, медалиа олгодог, салбарын тэргүүний медалийг тухайн салбарын сайд нь өөрөө гардуулдаг байх, ингэснээр шагналын үнэ цэн нэмэгдэнэ гэсэн санал хэлж байв. Эрүүл мэндийн салбарын тэргүүний ажилтан Улсын хоёрдугаар эмнэлэгт үйлчлүүлдэг, Зам тээврийн салбарын тэргүүний ажилтан нийтийн тээврээр үнэгүй үйлчлүүлдэг гэсэн жишээ дурдаад, үүнтэй ижилхэн урамшуулал дагадаг байдлаар уялдуулбал шагнал үнэ цэнтэй чанартай болно гэж байлаа. Түүнээс бусад одон, тэмдгээс татгалзах хэрэгтэй гэв.
Ингээд гишүүд байр сууриа илэрхийлсний дараа санал хураахад хуралдаанд оролцсон 47 гишүүний 31 нь буюу 66 хувь нь төслийг хэлэлцэхийг дэмжсэнгүй. Ингээд хуулийн төслийг төсөл санаачлагчид буцаалаа.