Долоо хоног тутмын хөрөнгийн зах зээлийн болон эдийн засгийн тойм мэдээ
(2026.06.15-2026.06.21)
ХОЛБООНЫ НӨӨЦИЙН САН БОДЛОГЫН ХҮҮГ ХЭВЭЭР ҮЛДЭЭЖ, ИНФЛЯЦТАЙ ТЭМЦЭХ БАЙР СУУРИА ДАХИН БАТАЛЛАА
АНУ-ын Холбооны Нөөцийн Сан (ХНС) шинэ дарга Кевин Уоршийн удирдсан анхны мөнгөний бодлогын хурлаараа бодлогын хүүг 3.50–3.75%-ийн түвшинд хэвээр үлдээх шийдвэр гаргалаа. Ингэснээр ХНС дөрөв дэх удаагаа дараалан бодлогын хүүг өөрчлөлгүй хадгалж байгаа бөгөөд инфляц зорилтот түвшнээс өндөр хэвээр байгаа нөхцөлд болгоомжтой байр сууриа үргэлжлүүлж байна.
Гол үзүүлэлтүүд:
- Бодлогын хүү: 3.50–3.75% (өөрчлөлтгүй)
- 5-р сарын хэрэглээний үнийн индекс (CPI): 4.2% (жилийн дүнгээр)
- ХНС-гийн инфляцын зорилт: 2.0%
- ХНС-гийн шинэ төсөөлөл: 2026 оны үлдсэн хугацаанд бодлогын хүүг дахин нэг удаа өсгөх боломжтой гэж үзэв.
Анхны хэвлэлийн бага хурлын үеэр ХНС-гийн шинэ дарга Кевин Уорш инфляцыг бууруулах нь төв банкны хамгийн чухал зорилт хэвээр байгааг онцолж, "Үнэ тогтвортой байх нь урт хугацааны тогтвортой өсөлтийн үндэс" хэмээн мэдэгдэв. Тэрээр сүүлийн жилүүдэд инфляц зорилтот 2%-ийн түвшнээс тогтмол өндөр байсныг хүлээн зөвшөөрсөн ч сүүлийн үеийн эрчим хүчний үнийн өсөлтийг урт хугацааны тогтвортой инфляцын дохио гэж үзэхгүй байгаагаа илэрхийлжээ.
Шинэ удирдлагын дор ХНС мөн бодлогын мэдээллийн арга барилдаа өөрчлөлт оруулж эхэлсэн байна. Өмнөх жилүүдтэй харьцуулахад ирээдүйн бодлогын талаар илүү хязгаарлагдмал мэдээлэл өгөх бөгөөд эдийн засгийн бодит үзүүлэлтүүдэд тулгуурлан шийдвэр гаргах "data-dependent" зарчмыг илүү тодорхой баримтална гэж мэдэгдсэн байна. Мөн төв банкны харилцаа, баланс, инфляцын хэмжилт зэрэг чиглэлээр дотоод шинэчлэлийн ажлын хэсгүүд байгуулагдахаар болжээ.
Хөрөнгийн зах зээлийн хувьд энэхүү шийдвэр нь богино хугацаанд хувьцааны зах зээлд тодорхой дарамт үзүүлсэн ч бодлогын чиглэл илүү тодорхой болж эхэлснийг хөрөнгө оруулагчид эерэгээр үнэлж байна. Гэсэн хэдий ч ХНС энэ онд бодлогын хүүгээ дахин өсгөж болзошгүй гэсэн дохио өгсөн нь АНУ-ын Засгийн газрын бондын өгөөжийг өндөр түвшинд хадгалж, технологи болон өндөр үнэлгээтэй өсөлтийн хувьцаануудын хэлбэлзэл үргэлжлэх магадлалыг нэмэгдүүлж байна. Нөгөө талаас инфляц аажмаар саарч эхэлбэл 2027 онд мөнгөний бодлого зөөлрөх боломж дахин нээгдэх хүлээлт зах зээлд хадгалагдсаар байна.
НЕФТИЙН ҮНЭ БУУРЧ, ЗАХ ЗЭЭЛ ИНФЛЯЦЫН ДАРАМТ СУЛРАХ ХҮЛЭЭЛТТЭЙ БАЙНА
АНУ, Ираны хооронд энхийн хэлэлцээр байгуулагдах хүлээлт нэмэгдэж, Ойрх Дорнод дахь геополитикийн эрсдэл намжсанаар дэлхийн газрын тосны зах зээлд үнэ буурах хандлага үргэлжилж байна. Зах зээлийн оролцогчид Ормузын хоолойн тээвэр хэвийн үргэлжилж, нийлүүлэлтийн тасалдал үүсэх эрсдэл буурч байгааг эерэг дохио гэж үнэлж байна.
Гол үзүүлэлтүүд:
- Brent газрын тос: 1.13%-иар буурч, нэг баррель нь 78.65 ам.доллар
- WTI газрын тос: 1.26%-иар буурч, нэг баррель нь 75.82 ам.доллар
- IEA-ийн төсөөлөл: 2027 онд дэлхийн газрын тосны нийлүүлэлт өдөрт 110.3 сая баррельд хүрч, нийлүүлэлтийн илүүдэл үүсэх боломжтой
- Ормузын хоолойн эрсдэл буурснаар нийлүүлэлтийн тогтвортой байдалд итгэх хөрөнгө оруулагчдын хүлээлт нэмэгдэв
Сүүлийн долоо хоногуудад нефтийн үнэ геополитикийн эрсдэлийн улмаас огцом өсөөд байсан ч АНУ, Ираны энхийн хэлэлцээрийн талаарх мэдээлэл гарсны дараа зах зээл эрсдэлийн үнэлгээгээ дахин тооцож эхэлжээ. Ингэснээр нийлүүлэлтийн тасалдалтай холбоотой нэмэлт "эрсдэлийн шимтгэл" буурч, нефтийн үнэ дарамтад орсон байна.
Олон улсын эрчим хүчний агентлаг (IEA)-ийн үзэж буйгаар, хэрэв нөхцөл байдал тогтвортой үргэлжилбэл ОПЕК+ болон ОПЕК-ийн бус үйлдвэрлэгчдийн олборлолт нэмэгдэж, 2027 онд дэлхийн зах зээл нийлүүлэлтийн илүүдэлтэй болох төлөвтэй байна. Энэ нь эрчим хүчний үнийн өсөлтийг хязгаарлаж, дэлхийн инфляцын дарамтыг тодорхой хэмжээнд бууруулах боломжтой гэж үзэж байна.
Гэвч шинжээчид болгоомжтой байр сууриа хадгалсаар байна. Нефтийн үнэ мөргөлдөөн эхлэхээс өмнөх түвшнээс өндөр хэвээр байгаа бөгөөд стратегийн газрын тосны нөөцийг сэргээх, далайн тээврийн хэвийн үйл ажиллагааг бүрэн сэргээхэд тодорхой хугацаа шаардлагатай хэвээр байна. Иймээс Ойрхи Дорнод дахь нөхцөл байдал дахин хурцадвал газрын тосны зах зээл богино хугацаанд өндөр савлагаатай хэвээр байх эрсдэлтэй.
Дэлхийн хөрөнгийн зах зээлийн тойм
Өнгөрсөн долоо хоногт дэлхийн хөрөнгийн зах зээлүүд геополитикийн нөхцөл байдал, АНУ-ын мөнгөний бодлогын хүлээлт болон хиймэл оюун ухаантай холбоотой хөрөнгө оруулалтын урсгалын нөлөөгөөр өндөр хэлбэлзэлтэй байлаа. Долоо хоногийн эхэнд АНУ-Ираны энхийн хэлэлцээний ахиц, газрын тосны үнийн бууралт нь эрсдэлтэй хөрөнгийн эрэлтийг нэмэгдүүлсэн бол долоо хоногийн дунд үеэс Холбооны Нөөцийн Сан бодлогын хүүгээ өндөр түвшинд хадгалах төлөвтэй байгааг онцолсноор зах зээлүүдэд ашиг авалт эрчимжив.
АНУ-ЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ
S&P 500: -0.22%
Dow Jones: +0.39%
Nasdaq: -0.64%
АНУ-ын зах зээл долоо хоногийг холимог гүйцэтгэлтэй өндөрлүүллээ. Долоо хоногийн эхэнд АНУ-Ираны түр хэлэлцээрийн мэдээллийн дараа газрын тосны үнэ огцом буурч, инфляцын дарамт багасах хүлээлт бий болсноор Dow Jones шинэ дээд түвшинд хүрч, SpaceX IPO, Nvidia болон хагас дамжуулагчийн хувьцаанууд хүчтэй өсөлт үзүүлсэн. Холбооны Нөөцийн Сан бодлогын хүүгээ хэвээр үлдээхийн зэрэгцээ энэ онд дахин хүү өсгөх боломжийг нээлттэй үлдээсэн нь технологийн салбарт дарамт болж, Nasdaq болон S&P 500 индексүүд долоо хоногийн эцэст бууралтаар хаагдлаа. Хөрөнгө оруулагчид өсөлтийн хувьцаанаас илүү хамгаалалтын салбарууд руу хэсэгчлэн шилжих хандлага ажиглагдав.
ЕВРОПЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ
FTSE 100: -0.65%
STOXX Europe 600: -0.17%
DAX 40: +0.37%
CAC 40: -0.48%
Европын зах зээлүүд мөн холимог хөдөлгөөнтэй байлаа. Долоо хоногийн эхэнд газрын тосны үнэ буурч, Ойрхи Дорнодын эрсдэл намжсан нь агаарын тээвэр, банк болон экспортын компаниудад эерэг нөлөө үзүүлэв. Ялангуяа Германы DAX 40 индекс эерэг бүсэд хадгалагдсан нь аж үйлдвэрийн компаниудын тогтвортой үзүүлэлттэй холбоотой байлаа. Харин FTSE 100 болон CAC 40 индексүүд хөрөнгө оруулагчдын болгоомжлол, мөнгөний бодлогын тодорхойгүй байдлын улмаас бага зэрэг буурч, нийт Европын зах зээлд өсөлтийн эрч саарсан дүр зураг ажиглагдав.
АЗИЙН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ
Nikkei 225: +6.69%
KOSPI: +6.17%
CSI 300: +2.33%
SSEC: +0.91%
Азийн зах зээлүүд долоо хоногийн хамгийн хүчтэй өсөлтийг үзүүллээ. Газрын тосны үнийн бууралт нь импортод түшиглэдэг Япон, Өмнөд Солонгосын эдийн засагт эерэг нөлөө үзүүлж, хөрөнгө оруулагчдын эрсдэлийн дуршлыг сэргээв. Samsung Electronics, SK Hynix, SoftBank болон технологийн бусад компаниудын өсөлт KOSPI болон Nikkei индексүүдийг 6%-иас дээш өсгөжээ. Хятадын CSI 300 болон Shanghai Composite индексүүд мөн өсөлттэй хаагдсан ч өсөлтийн хэмжээ харьцангуй даруухан байж, хөрөнгө оруулагчид эдийн засгийн бодлогын дараагийн дэмжлэгийг хүлээсэн хэвээр байна.
