Тун өвөрмөц, урьд өмнө үзэж байгаагүй ДАШТ эхлэх нь

оруулсан Алсын Хараа

-АНХ УДАА ГУРВАН УЛС ДАМНАЖ 48 УЛСЫН ШИГШЭЭ БАГ БӨМБӨГ ӨШИГЛӨХ НЬ

Тийм ээ, 23 дахь удаагийн хөлбөмбөгийн ДАШТ энэ удаа Мексик, АНУ, Канад гэсэн гурван улсын нутаг дэвсгэрт 48 улсын шигшээ багийг хөгжөөн дэмжигч нартай нь хамт шингээн наадах анхны тэмцээн гэж нэрлэгдэх болжээ. Хойд, Өмнөд Америк тивүүдийг огтлон зарим үедээ 4500 км-ийн зайтай хотуудад наадах энэ тэмцээн тун өвөрмөц мэдээллээр биднийг гайхуулна. Мексикт 2500 метрийн өндөрлөг газар амьсгаа авах боломжгүй болтлоо сульдсан хөлбөмбөгчид нутаг сэлгээд маргааш нь Майамигийн халуун нар, чийглэг уур амьсгалтай, далайн түвшинтэй зэрэгцээ нам дор газар очихоороо амьд үлдэх үү гэсэн муйхар бодол өөрийн эрхгүй төрөх л юм. Юуны өмнө албан ёсны тоо баримтыг өгүүлье.

ДАШТ нь зургадугаар сарын 12-нд Мексик улсын нийслэл Мехико хотын домогт “Ацтэко” цэнгэлдэх хүрээлэнд Мексик-ӨАБНУлсын шигшээ багуудын хоорон дахь тэмцээнээр нээлтээ хийж долдугаар сарын 20-нд АНУ-ын Нью-Жэрси хотын Метлайф-стэдиум цэнгэлдэх хүрээлэнд хаалтаа зохион байгуулж аваргаа тодруулах юм байна. Энэ хооронд 39 өдөр Лос-Анжелес, Даллас, Хьюстон, Майами, Атланта, Сиэтл, Торонто, Ванкүвэр, Монтеррэй, Гвадалахара хотуудаар хөлбөмбөгтэй хамт аялах нь ээ.

Өмнө нь 32 шигшээ баг өрсөлддөг байсан нь өөрчлөгдөж 48 болж хүрээгээ тэлсэн тул хасагдах шатны хэсэг ч гэлээ шинэчлэгдлээ. Одоо 16 баг плей-оффт шалгарахгүй, 32 баг тэнд очно. Дөрөв, дөрвөөрөө 12 хэсэгт хуваагдсан багуудаас эхний хоёр шигшээ нь шууд плей-оффт шалгарч, гуравдугаар байр эзэлсэн ч гэлээ өндөр оноо, үзүүлэлт авсан найман баг нэмэгдээд тэр 32 багийг бүрдүүлэх юм. Аймаар сунжирсан наадам болохоор байгаа биз. ОУХХ-ны зорилго нь хөлбөмбөгийг дэлхий даяар алдаршуулж, нийтийн хүртээл болгох агуулгатай юм гэсэн. Тийм учраас гариг ертөнцийн хаана оршдогийг нь хэр баргийн хүмүүн мэдэхээргүй Кабо-Верде, Кюрасао гэх мэт арал-улсын шигшээ багийнхан гүйж яваа шүү, битгий гайхаарай. Гэсэн мөртлөө Итали, Серби, ОХУ, Гана мэтийн ланжгар багууд багтаагүй гэхээр гайхмаар. Хэрэвзээ та хөлбөмбөгийн улаан балиашиг биш бол зургадугаар сарын төгсгөл хүртэл алдаг оног үзэхэд буруудахгүй л болов уу. Өөрөөр хэлбэл, хасагдах шат эхлэх үед л жинхэнэ ДАШТ эхэлнэ гэж хэлэх гэсэн юм. Бараг хоёр жил хууль бус цагаачидтай тэмцэж, тэднийгээ хилийн дээс давуулан “шидэж” ядсан Трампын засаг эргээд хөгжөөн дэмжигч нэрээр нөгөө цагаачид нь Америк луу ирэх вий гэдгээс болгоомжлон визний асуудлыг чангатгаж буй нь ОУХХ-ны үндсэн зарчимтай тэрсэлдэж байгаа, тэмцээний тийзний үнэ тэнгэрт хальсан, галт зэвсэг талх шиг тархсан Мексик ба Америк улсуудад аюулгүйн ажиллагаа хэр зэрэг байх вэ гээд асуудлууд шийдэгдэлгүй босгондоо туллаа.

Энэ дэлхийн аваргын тэмцээнээр аль багийг, ямар хөлбөмбөгчийг дэмжиж сэтгэлийн таашаал авах вэ гэдэг эрхэм таны хувийн сонголт мөн боловч зарим мэдээллийг илүүц ч гэлээ хэлмээр санагдах юм.

Хөлбөмбөгийг дэлхийгээр нэгэнтээ ижилхэн түвшинд сайн тоглодог болсон шинэ цаг үед илт давамгай шууд л аварга болчихсон баг байхгүй шүү гэдгийг онцолмоор. Испани, Аргентин, Бразил, Франц, Португаль, Англи гээд том багууд бий нь бий. Гэхдээ яг манай үндэсний бөхтэй агаар нэг нөхцөл тэнд бас үүсчихсэн байгаа. Бөхийн өргөөний хамгаалагч, улс наадмын түрүү бөхийг нэгийн даваанд сэвхийтэл хаячихаад исгэрээд явчихтай адил юм энэ ДАШТ-ээр их гарна даа. Учир нь урьд цаг шиг нутгаасаа гарч үзээгүй хэдэн бүлтийсэн нөхөд ирээд баахан соёл гайхаж байгаад нам зодуулчихаад явдаг байсан үе өнгөрсөн. Тэр жижиг багуудын дотор Европын том багуудад алба хаадаг “дайны дарь үнэрлэсэн” хөлбөмбөгчид зөндөө гүйж байгаа учир. ДАШТ-д анх удаа оролцож байгаа Узбекистаны шигшээ багт л гэхэд “Ман Сити”-гийн баруун хамгаалагч Абдукодир Хусанов гүйж яваа гэх жишээний. Кюрасао хэмээх Куба улсын доохно орших аралд манай хотын нэг дүүргээс хамаагүй цөөн хүн амьдардаг ч гэлээ хөлбөмбөгийн шигшээ багийг нь уг арал дээр огт очиж үзээгүй баахан голландчууд бүрдүүлдэг гэж байгаа. Учир нь уг арал НҮБ-д бүртгэлгүй, тусгаар улс биш, Нидерландын эрхшээлд багтдаг ч гэлээ ОУХХ-д бүртгэлтэй тул шигшээдээ багтдаггүй баахан голландчуудаар баг бүрдүүлээд алдарт Дик Адвокатаар дасгалжуулагч хийлгэчихсэн нэг тийм “бөхийн өргөөний хамгаалагч” ирж байгаа шүү.

Энэ удаагийн ДАШТ олон жилийн туршид хөлбөмбөгийн ертөнцийг чимж явсан гайхамшигт залуусын “сүүлчийн танго” байх болно. Мэсси, Роналду, Модрич, Дэ Брэюйнэ гээд авч болох бүх алдар гуншинг хүртсэн ч гэлээ ДАШТ-д түрүүлж үзээгүй (Мэссигээс бусад нь) эдгээр томчуудын сүүлчийн горьдлого биеллээ олох нь уу, үгүй юу гэдгийг цөмөөрөө харах нь.

Д.Батрдэнэ

"Өдрийн сонин"

Сэтгэгдэл бичих