Монголын жүдочид багаараа V байр эзлэв

оруулсан Алсын Хараа

Улаанбаатар хотноо гурван өдөр үргэлжилсэн жүдо бөхийн Улаанбаатарын “Их дуулга” тэмцээн өндөрлөлөө.

58 орны 454 жүдоч зодоглосон энэхүү тэмцээнд олимп, дэлхийн медальтай 65 жүдоч багтсан байв. Түүнчлэн дэлхийн чансааны шилдэг аравт эрэмбэтэй 80 гаруй тамирчин байсан нь тэмцээний чансааг илтгэнэ. Японоос ирэх аравдугаар сард Азербайжаны Баку хотод болох ДАШТ-д оролцох бүрэлдэхүүнээ илгээснийг ахлах дасгалжуулагч Кейжи Сүзүки сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа дурдсан бол тус улсаас ирсэн 14 жүдочийн 10 нь медаль хүртлээ. Ингэхдээ 10 тамирчин финалд шалгарч, найм нь алтан медалиар энгэрээ мялааснаар багийн дүнгээр үнэмлэхүй тэргүүлэв. Японы бүсгүйчүүд долоон жингийн зургаад нь түрүүллээ.

Харин Солонгосын баг хоёр алт, нэг мөнгө, нэг хүрэлтэй удааллаа. Тэгвэл Итали, Азербайжан, Монголын баг эхний тавд багтав. Манай улсын жүдочдын хувьд эх орныхоо дэвжээнд нэг алт, хоёр хүрэл, таван шагналт байртайгаар тэмцээнээ өндөрлүүллээ. Монголд дөрөв дэх удаагаа болсон “Их дуулга”-д 58 орон оролцсоноос 24 нь медальтай буцаж байна. Үүнээс зургаан орон алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүлэв.

Монголын жүдочдын оролцох дараагийн тэмцээн нь Чиндаогийн гранпри байх ажээ.

Сэтгэгдэл бичих