“Эрдэнэс Тавантолгой” ХК олон улсын аудитын “БДО” (BDO) компани болон “Монголын хөрөнгийн бирж” ХК-тай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичгийн хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг олон нийтийн хяналт бүхий, нээлттэй хувьцаат компани болгон өөрчлөх, олон улсын болон дотоодын хөрөнгийн зах зээлд IPO гаргах урт хугацааны стратегийн зорилтыг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах юм.

Компани нээлттэй болоход санхүүгийн сайн засаглал, ил тод байдал хамгийн чухал байдаг. Энэ ч утгаараа дэлхийн тэргүүлэгч аудитын компанийн нэг болох БДО компанитай хамтран ажиллаж “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн сүүлийн гурван жилийн санхүүгийн тайлан бүртгэл, үйл ажиллагаанд аудит хийж, олон улсын стандартад бүрэн нийцүүлж, санхүүгийн хувьд цэвэр компани болох суурь нөхцөлийг бүрдүүлэх юм.
“Монголын хөрөнгийн бирж” ХК-тай санамж бичиг байгуулснаар хувьцаа эзэмшигч иргэдийн хувьцаагаа захиран зарцуулах эрхийг нээх, үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжааг эхлүүлэхээр бэлтгэх, хөрөнгийн зах зээлийн оролцоог нэмэгдүүлэхэд боломж бүрдэх юм.
Хамтын ажиллагаагаа амжилттай хэрэгжсэнээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны үнэ цэн өсөж, иргэдийн эзэмшиж буй хувьцаа эдийн засгийн бодит эргэлтэд орох, компанийн удирдлага олон нийтийн хяналтад шилжиж, засаглал улам боловсронгуй болох түүхэн ач холбогдолтой.

