Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлээс Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт шаардлага хүргүүллээ

оруулсан Алсын Хараа

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Танаа

Туг.mn сайт, эрэн сурвалжлах сэтгүүлч С.Будрагчаа, ТВ9 телевизийн сэтгүүлч С.Батбилэг нарын бэлтгэн олон нийтэд хүргэсэн нэвтрүүлгийн улмаас Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нь нэр төрд халдсан үндэслэлээр эдгээр редакци, сэтгүүлчдийн нэр дээр Иргэний шүүхэд гомдол гарган шалгуулж буй бөгөөд энэ явцад мэдээллийн хэрэгслийн бусад ажилтнуудыг ч шалгуулахаар шүүхэд хандсан байна.

Сэтгүүл зүй нь шударга ёс, тэгш эрх, нийтийн сайн сайхны төлөө төрийн эрх мэдэл болон бодлого, шийдвэр үйл явц, үр дагаварт хяналтын үүргийг хэрэгжүүлдэг бөгөөд энэ нь үндсэн үүрэг нь юм.

Энэхүү мэргэжлийн үүргийг иргэний мэдэх эрхийн төлөө олон улсын хэм хэмжээ, гэрээ конвенци, дотоодын хууль тогтоомжоор хамгаалсан төдийгүй хэвлэл мэдээлэл, олон нийтийн шүүмжлэлд өртсөн баримт мэдээлэлд төрийн өндөр албан тушаалтан тайлбар өгөх үүргийг дэлхийн олон улс оронд ёс зүйн код, хууль дүрмээр зайлшгүй мөрдүүлдэг жишигтэй юм.

Тиймээс Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Таныг хэвлэлийн анхаарал, шүүмжлэлд өртөж буй асуудлаараа холбогдох баримт, тайлбарыг шүүхийн хаалттай танхимд өмгөөлөгчөөрөө дамжуулан танилцуулах бус Олон нийтэд нээлттэй илэрхийлэхийг хүсье.

Мөн гомдлын хүрээ хязгаарыг хэт өргөтгөн хэвлэлийн редакцийн бусад ажилтан, албан хаагчдыг хоморголон шалгуулж буйг Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл эсэргүүцэж байгаагаа мэдэгдэж байна.

МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛ

2026 оны 06 дугаар сарын 19

Сэтгэгдэл бичих