Мэргэжлийн бокст тулаанч М.Нандинцэцэг тулалдана

оруулсан Алсын Хараа

Сонирхогчдын боксын эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн анхны монгол тулаанч, гавьяат тамирчин М.Нандинцэцэг мэргэжлийн бокст тулалдахаар болсноо зарлажээ.

Тэрбээр АНУ-ын Оклахома мужийн Тулса хотод нэгдүгээр сард болсон сонирхогчийн боксын Америкийн аварга шалгаруулах “Golden gloves” тэмцээний 54 кг-ын жинд түрүүлж, алтан бүсний эзэн болсон юм. АНУ-ын Вашингтон ДС, Мэриланд, Виржиниа, Хойд Каролина, Дэлавэйрийг төлөөлөн оролцсон түүний хувьд нийт гурван тулаан хийжээ. Эхний тамирчин нь тулаанаас татгалзсан бол хоёрдугаар тойрогт Калифорни, финалд Мичиган мужийн тамирчныг буулган авснаар алтан бүсийг өөрийн болгосон юм.

Өдгөө 38 настай тэрбээр энэхүү тулаанд ялалт байгуулсныхаа дараа мэргэжлийн бокст хөл тавьж буйгаа зарласан бөгөөд “Сонирхогчийн боксын замналаа алтан бүстэйгээ дуусгахыг хүсэж байна. Тиймээс дахин сонирхогчийн боксын тэмцээнд оролцохгүй. Харин энэ мөчөөс мэргэжлийн бокст тулалдахаар бэлтгэлээ эхлүүлж байна” гэжээ. Түүний хувьд одоогоор мэргэжлийн боксоор гурван удаагийн спаринг хийжээ.

Гавьяат тамирчин М.Нандинцэцэг 2005 оноос боксын спортоор хичээллэхдээ Монгол Улсын 11 удаагийн аварга болоод зогсохгүй дэлхийн цомын мөнгө,  ААШТ-ээс нэг мөнгө, гурван хүрэл, Азийн наадмаас нэг хүрэл, ДАШТ-ээс нэг хүрэл медаль хүртэж, Монголын эмэгтэй боксчдын дэлхийн аваргын медалийн жимийг гаргасан юм.

Сэтгэгдэл бичих