25 дугаар суваг телевизийн мэдээний албаны Ерөнхий редактор, нийтлэлч А.Баатархуягтай ярилцлаа.
-126 гишүүнтэй парламент хүлээлтэд хэр хүрч ажиллаж байна вэ. Бид чанарын өөрчлөлт хийж чадав уу, эсвэл зүгээр л тооны өөрчлөлт байв уу?
-"Олдвол өлдөнө" гэгчээр 126 гишүүнтэй болоод сүрхий өөрчлөлт гарсангүй. Үндсэн хуулийн өөрчлөлтийн зорилго нь Засгийн газрыг тогтвортой ажиллуулах гэж анх Ерөнхий сайд асан Г.Занданшатар танилцуулж байсан. Засгийн газар богино хугацаанд солигдож байгаагаас болж, бодлого шийдвэрүүд өөрчлөгдөж улс төрийн хямралт нөхцөл байдалд ороод байна. Улс төрийн хямрал нь өөрөө эдийн засгийн хямралыг дагуулж байна гэж тайлбарлаж байсан. Мөн Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ нийгэм бужигнаж, жагсаал цуглаан их болсон тул гадаа талбай дээр байгаа хүмүүсийг ч Төрийн ордонд оруулж, үг хэлэх, бодлого боловсруулахад оролцох боломжийг нь хангана гэдэг байр сууринаас хандсан. Үүний үр дүнд асар их ялаа батгана гарч ирлээ.
Чадваргүй, туршлагагүй хүмүүс жагсаалтаар олон орж ирсэн. УИХ-ын гишүүдийн 60-70 хувь нь сонгуулийн дараа солигдож байна гэдэг чинь хувьсгал болсон мэт өөрчлөлт болж байна. Бүх бодлого шийдвэрийг хүн авч явж, үргэлжлүүлдэг болохоос бичиг баримт, цаас биш юм. Энэ нь нөхцөл байдлыг засах гэж оролдсон боловч улам дордууллаа. Нэгдмэл байдлаар асуудлыг шийдвэрлэх боломжгүй буюу "Шуудайнд хийсэн үхрийн эвэр" шиг боллоо. Үндсэн хуулийн өөрчлөлт зорилгодоо хүрсэнгүй. Хамгийн тогтвортой засаглах боломжтой МАН сүүлийн нэг жилийн хугацаанд гурав дахь Засгийн газрын нүүрийг үзэж байгаа нь 1992 оны Ардчилсан холбоо эвслийн Засгийн газруудын рекордтой дүйцэх хэмжээ юм. Ерөнхий сайд Н.Учралын Засгийн газар удаан оршин тогтноно гэдэгт хэн ч итгэхгүй байна.
-Гэхдээ энэ хүнийг дэмжих хүмүүс бий?
-Төрийн институци хоорондын зөрчил, засаглалын хямрал нэгэнт эхэлжээ. Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын тэргүүлсэн шинэ фракц үүссэн нь сөрөг хүчин болох АН-аас ч илүү хүчтэй, жин дарах хэмжээнд хүрээд байна. Хэдийгээр Ерөнхийлөгчийн зүгээс гаднаас Н.Учралыг дэмжиж буй ч энэхүү дэмжлэг ирэх он гараад илт сулрах нь тодорхой болов. Учир нь манай улсын улс төрд сонгуулийн жил эхэлмэгц Ерөнхийлөгчийн эрх мэдэл, нөлөөлөл эрс сулардаг бичигдээгүй хууль үйлчилдэг. Сонгууль дөхөх тусам хүмүүсийн сэтгэл зүй, хандлага өөрчлөгдөж, өөр зүгт эргэж эхэлнэ.
-Та одоогийн Засгийн газар удаан оршин тогтноход хэцүү нөхцөл байдалд байна гэлээ. Энэ нөхцөл байдлаас яаж гарах вэ?
-Гарах арга байхгүй. Ерөнхий сайд санхүүгийн эрх мэдэл өндөр учир эрх мэдэлтэй байдаг. Л.Оюун-Эрдэнийн үед бүх эрх мэдлийг гартаа авахын тулд Хууль зүй, дотоод хэргийн сайд байсан хүнийг хотын дарга болгож, хотод хэтэрхий их санхүүгийн эрх мэдэл өгсөн. Хот бараг улс болсон. Улс 14 мега төсөлтэй байхад хот нь 20 гаруй мега төсөлтэй байх шиг. Асар их үрэлгэн бөгөөд их наядаар тооцогдох төсөвтэй. Улстайгаа зэрэгцэж томоохон хөрөнгө оруулалтыг хийж байна. Эрчим хүчний бодлого, зам тээврийн бодлого зэрэг нь Засгийн газрын мэдлээс алдарчихсан хоёр Засгийн газартай мэт нөхцөл байдал үүссэн байсныг бид харлаа. Энийг дарж авах гэсэн оролдлого болон Н.Учралын бүх эрх мэдлийг гартаа авах гэсэн оролдлого МАН-ын төв нам болон хотын намын хооронд томоохон зөрчил үүсгэчихсэн. Үүнтэй төстэй үйл явдал М.Энхболдын үед болж байсан. Тэсрэхэд бэлэн буй Засгийн газрыг өдгөө удахгүй болох COP17 олон улсын хурал л тогтоон барьж байна. Тус хурлын хөшиг хаагдаж, намрын чуулган эхлэх үед жинхэнэ дайн эхлэх нь тодорхой.
-Цаашид хотын дарга Ерөнхий сайдын таалалд нийцэхгүй бол түлэж унагаад байж болох юм уу?
-Ерөнхий сайд Н.Учрал дураараа авирлаж хууль зөрчиж байгаа юм. Асуудал байгаа боловч хуулийн дээгүүр алхаж, ийнхүү авирлаж болохгүй. Учир нь хотын даргыг нийслэлийн ИТХ сонгодог. Ерөнхий сайдад хотын даргыг шууд огцруулах эрх байхгүй, харин нийслэлийн ИТХ шийднэ. Коммунист дарангуйллын босоо тогтолцоотой үе биш. Үхрийн мах бол Х.Нямбаатарыг огцруулах шалтгаан бус шалтаг байсан. Шинэ мах гарч ирээд зургадугаар сарын 1-нд намжих байсан асуудлыг наана нь гаргаж ирээд, Ерөнхий сайд байхгүй эрх мэдлээ өөртөө наасан.
-Махны нийлүүлэлтэд төр оролцох хэрэгтэй юү?
-Махын нийлүүлэлтэд төр оролцох ямар ч хэрэггүй. Үхрийн махны үнэ 60 мянган төгрөгт хүрэг л дээ. Тэгвэл хүмүүс хонь, ямаагаа иднэ. Эрэлтийн хуулиараа хямд бүтээгдэхүүн рүүгээ шилжээд, эрэлт нь буурсан болохоор эргээд үхрийн махны үнэ нь буурна. Төр оролцох тусам үхрийн махны үнэ өснө.
-Жагсаалтаар орж ирсэн гишүүд болон тойргоос сонгогдсон гишүүдийн хоорондын амбиц, эрх ашгийн зөрчил хууль тогтоох үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлж байна вэ. Энэ тогтолцооны хамгийн том алдаа болон оноог та юу гэж харж байна?
-Төсөв төлөвлөгөөгөө хуваарилах болоод эхлэхээр тойргоос сонгогдсон гишүүд тойрог руугаа хөрөнгө оруулалт татдаг. Үүний улмаас засаг захиргааны нэгжээр дамжсан хөгжлийн төлөвлөгөөнүүд сарниад байсан. Үүнийг засахын тулд намын жагсаалтаар гишүүдийг оруулдаг болгож, зөвхөн тойргийн эрх ашиг бус улсын нийт эрх ашгийг боддог болох зорилт тавьсан. Томоохон хөрөнгө оруулалт, намын нэгдсэн бодлогод захирагдах гэх мэт. Нэг зүйлийг орхигдуулсан нь жагсаалтын гишүүнд хэрхэн хариуцлага тооцох вэ гэдэг байв. Жишээлбэл, тойргоос сонгогдсон гишүүнийг тойргийн иргэдээс санал аваад буцаад татаж авах бол жагсаалтын гишүүдэд хэн хариуцлага тооцох юм бэ. Тэр хүмүүс УИХ дээр хувь хувийн эрх ашгийг ярьдаг. Нам нь дотроо хямралтай, бодлогоо алдчихсан учир хэний ч өмнө хариуцлага хүлээхгүй. Хэнд ч захирагдахгүй, танхай задгай хүмүүс болж дур дурын мэдэгдэл хийгээд явах боллоо. Холимог системийг төгс хийгээгүй учраас өмнөх систем рүүгээ эргээд орлоо.
-Нэг нам урт хугацаанд засаглах нь ямар үр дүнтэй үлдэв?
-Хувийн хэвшлүүд нь дампуурч байхад татвараар дарамтлахын сацуу замын хураамж, автомашины татварыг нэмсэн. Том том төслүүд заралсан. Хэтэрхий их том төслүүд зарласнаас болж өрийн таазыг нэмсэн. Хувийн хэвшлүүдээ хайр найргүй хядлаа. Улс нь хувийн хэвшилтэйгээ зэрэгцэж бизнес хийдэг боллоо. Объект бариад тэрийгээ түрээслэх жишээтэй. Эцсийн эцэст МАН удаан засаглаж байгаа нь МАН-даа ч биш байх гэж бодож байна. Хүмүүс яагаад АН-д саналаа өгөхгүй байгаа учир нь тэднийг төр барьж чадна гэдэгт итгэхгүй байгаа юм. Ямар ч нэр хүндгүй байгаа нөхцөл байдалд АН өөрөө буруутай.
-Ирэх онд Ерөнхийлөгчийн сонгууль болно. Дараагийн Ерөнхийлөгч хэн байх вэ?
-Би хувьдаа дараагийн Ерөнхийлөгч С.Баярцогт байх магадлалтай гэж харж байна. МАН С.Баярцогтыг Оюу толгойн гэрээ, эсвэл хужаагаар нь дуудаад амархан дарчихна гэж тооцсон. Үгүй шүү. Бодит байдал дээр С.Баярцогтын ард өнөөх компаниуд чинь буюу Рио тинто байгаа. Дээр нь нэмээд хар машин байхад та нар энийг дарж дийлэх үү. Энэхүү том тоглоомын төлөвлөлтийг жирийн улстөрчид бус, харин хөшигний ард буй олигархууд удирдаж байна.
-Бид улс төрийн тогтвортой байдалтай хэзээ золгох вэ?
-Ирэх жилүүдэд дэлхий даяар дайны үе таарч, хөрөнгө оруулалтууд зогсож байна. Ерөнхий сайд асан Г.Занданшатартай уулзаж байхад “тогтворжуулаад л авах хэрэгтэй байна” гэж надад хэлж байсан юм. Хэтэрхий давруу зорилт тавихаар биелүүлж чадахгүй байгаа тул бодитой буюу биелүүлэх боломжтой зорилтууд л хэрэгтэй байна. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед томоохон олигарх компаниудын хязгаарлах ажил нэлээдгүй явагдсан. Бодит байдал дээр манай улсад том компаниуд засагладаг. Энэ том компаниуд улс төрд маш хүчтэй оролцдог. Л.Оюун-Эрдэнийн үед шинэ залуу хүмүүсийг гаргаж ирж үеийн шинэчлэл хийх гэж оролдсон боловч том компаниудын захирлууд нь зөвхөн хуучин улс төрчидтэй л хэл амаа ололцож чаддаг. Залуучуудтай хэл амаа ололцож чадахгүй. Улс төрд шинэчлэл хийх гэсэн боловч мөнгө барьж байгаа том компаниудын үе солигдоогүй болохоор алхмын зөрүү гарсан. Энэхүү захирлууд нь суудлаа тавьж өгөөгүй цагт энэ байдал хэвээр үргэлжилнэ. В.И.Лениний хувьсгалын онолоор дээдэс нь хуучнаараа захирч чадахгүй болох буюу засаглалын хямрал болон доодос нь хуучнаараа захирагдахыг хүсэхгүй байхыг “хувьсгалын тохироо” гэнэ. Одоо яг ийм байдал үүсээд байгаа нь Л.Оюун-Эрдэнэ, Н.Учралаас шалтгаалах зүйл биш. Гадаад, дотоодын томоохон компаниудын нөлөөлөл манай улсад их байна. "Эзэн нь юмаа мэддэг, эрэг нь усаа хашдаг" гэж хэлээд халаагаа өглөө. Ийм байхад дараагийн Ерөнхийлөгчийг бид биш, тэд захиалж магадгүй. Ер нь ч тэгж байна. Монголчууд сайнтай муутай ч гэсэн гадны эрх ашиг манай улсад хүчтэй байна. Япон, Солонгос улсад сонгуулийн саналыг гараар тоолж байхад экспортын сонгуулийн "хар машин" манай улсад саналыг тоолж байна. Энэ төрийг хэн байгуулж байгааг бид хянаж чадаж байгаа юм уу.
Н.НАРВАНЧИН
"Өдрийн сонин"
/2026.05.25/