БНХАУ-ын Гадаад хэргийн яам Ковид-19 коронавирусийн тархалтанд АНУ-ын арми хариуцлага хүлээх ёстой байж магадгүй гэсэн саналыг дэвшүүлсэн талаар Fox News мэдээлэв. Өнгөрсөн жилийн сүүлчээс эхлэн Хятадын хотуудад, цаашлаад дэлхийн 130 орчим орон, бүс нутагт тархсан коронавирусийг Америкийн арми анхлан Хубей мужийн Ухань хотод авчирсан гэж үзэж буйгаа Хятадын Гадаад хэргийн яамнаас илэрхийлжээ.
Тус яамны хэвлэлийн төлөөлөгч Зао Лижиан англи хэлээр “АНУ-д халдвар хэзээнээс эхэлсэн болон хэдэн хүнд илэрсэн бэ? Халдвар авсан өвчтөнүүдийг эмчилсэн эмнэлгүүдийн нэрийг мэдэж байна уу? Америкийн арми цар тахалт коронавирусийг Уханьд авчирсан байх магадлалтай. Ил тод, шударга бай! Мэдээллээ олон нийтэд дэлгэ! АНУ тайлбар өгөх хэрэгтэй” хэмээн жиргэсэн байна.
Энэ явдлаас хэд хоногийн өмнө Өмнөд Африк улсад Хятадаас сууж буй элчин сайд “Вирус хэдийгээр Хятадад анхлан тархсан боловч Хятадаас гаралтай гэдэг нь тодорхой биш” хэмээн ярьжээ.
Нөгөө талаас Жон Хопкинсийн их сургуулийн Системийн шинжлэх ухаан, инженерийн төвөөс дэлхий даяар 5,000 орчим хүний амийг авч одсон коронавирусийн тархалтад АНУ-ыг буруутгах PR-г Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр тарааж байна гэж үзжээ.
Эх сурвалж: Fox News