Хар салхи ойртон ирж байгаатай холбогдуулан Япон дахь бүх үйлдвэрийнхээ үйл ажиллагааг түр зогсоохоор шийдвэрлэснээ автомашин үйлдвэрлэгч “Тоёота” компани өнөөдөр мэдэгдлээ.
“Лхагва гаргийн үдээс хойшийн буюу хоёрдугаар ээлжээс пүрэв гаргийн өглөөний буюу нэгдүгээр ээлж хүртэл бид дотоодын үйлдвэрүүдийн бүх үйлдвэрлэлийн шугамыг түр зогсооно” гэж “Тоёота” компанийн хэвлэлийн төлөөлөгч Франс Пресс агентлагт мэдээлжээ.
Тодруулбал, лхагва гаргийн үдээс хойш 14 угсрах үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоох ажээ. Ачааны машин үйлдвэрлэгч “Хино Моторс”-ын нэг шугам пүрэв гаргийн өглөөнөөс үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэж хэвлэлийн төлөөлөгч нэмж хэлсэн байна.
“Шаншан” нэртэй “маш хүчтэй” хар салхи Японы өмнөд нутгийг чиглэн цагт 252 км-ийн хурдтай ойртож, хүчтэй аадар бороо орох төлөвтэй байгаа тул дээрх шийдвэрийг гаргажээ. Шуурга энэ долоо хоногийн сүүлчээр Японы зүүн хойд нутгийг дайран өнгөрөх төлөвтэй байна.
Автомашины үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч тус компани өдөрт дотооддоо хэчнээн автомашин үйлдвэрлэж байгаа талаараа дурдаагүй байна.