Монголын гэрэл зурагчдын шилмэл бүтээлүүдээс бүрдсэн “Улаанбаатар-2024 гэрэл зургийн 7 хоног” нэгдсэн үзэсгэлэнг Мишээл экспо төвд өнөөдөр нээлээ.
Соёлын яамны дэмжлэгтэй зохион байгуулж буй тус үзэсгэлэнг энэ жил хоёр дахь удаагаа зохион байгуулж буй юм. Үзэсгэлэнд гэрэл зургийн бүхий л төрөл жанрын 3000 бүтээлээс шилэгдсэн 620 гаруй гэрэл зургийг дэлгэжээ.
Гэрэл зураг нь шинжлэх ухаан, үйлдвэрлэл, бизнес, дүрслэх урлаг, соёлын бүтээл болохыг харуулсан энэхүү нэгдсэн үзэсгэлэн долоон өдрийн турш гарна. Сэдэв хязгааргүй, гэрэл зургийн бүхий л төрөл жанраар харуулж буй уг үзэсгэлэнгийн гэрэл зургууд нь гэрэл зурагчны оюун тархи, зүрх сэтгэлээс урссан өнгө будаг, уран санаа, дуранд туссан амьдралын өнгө, баримт, гэрэл сүүдэр нь технологийн дэвшил, арга хэрэгсэлтэй хэрхэн хосолж бүтсэнийг үзүүлэх юм.
Өдөржин гадаа хөврөх, хөлхөх бидний амьдралын өнгө төрх, хэмнэл, араншинг буулгасан “Street photo” залуусын бүтээл, цаг хугацаа, үзэгдэл, үйл явдал, баримт, нотолгоот мэдээлэл түгээгч хэвлэлийн гэрэл зурагчдын бүтээл, хараа булаан гайхуулдаг байгаль, нүүдэлчдийн соёл ахуйг харуулсан шилдэг гэрэл зургуудыг эл үзэсгэлэнгээс үзэх боломжтой.