Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын “ТВ-9" телевизэд өгсөн ярилцлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.
Хоёрдугаар хэсэг
-Та Үндсэн хуулийн шинэчлэсэн найруулгын төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар ажилласан. Төсөлд Монгол Улс гэдгийг Бүгд Найрамдах Монгол Улс гэж томьёолж оруулж ирсэн байна. Бүгд Найрамдах Монгол Улс гэдгийг ер нь юу гэж ойлгох вэ?
-Үндсэн хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Бүгд Найрамдах Монгол Улс гэсэн нэр томьёо орсон байгаа. Энэ бол шинэ томьёолол биш. Одоогийн Үндсэн хуульд ч гэсэн Монгол Улс бол Бүгд Найрамдах Улс мөн гээд биччихсэн байгаа. Тийм учраас Бүгд Найрамдах улс гэж шинээр оруулсан юм ерөөсөө байхгүй. Яагаад дахин оруулсан бэ? гэхээр улс орныхоо мөн чанарыг ойлгоход Бүгд Найрамдах Монгол Улс гэдэг энэ томьёо их чухал юм. Түүхэн талаас нь харвал латин хэлнээс гаралтай ийм үг. Манай өвөг дээдэс сайхан орчуулсан юм байна лээ.
Бүгдээрээ найрамдаж амьдрах ийм улсыг л хэлж байна шүү дээ. Тэгэхлээр Бүгд Найрамдах Улсын тогтолцоог ардчилсан тогтолцоотой холбоотой юу, үгүй юу? гэдэг дээр маргалдаад байдаг шиг байгаа юм. Мөн ард гэдэг үг байсан тэр нэр томьёотой андуураад байна. Үүнийг тайлбарлах хэрэгтэй. БНМАУ гэж биш Бүгд Найрамдах Монгол Улс гэж одоогийн Үндсэн хуульд бичсэн байгаа. Шинээр энийг улсын нэрэнд гаргаж ирсэн байгаа. Бүгд Найрамдах Улс болон ардчилсан улс хоёрын хооронд ялгаа бий юу? гэвэл ялгаа бий.
Ардчилсан гэдэг тэр зарчим бол ард түмэн төр засгаа сонгох эрхтэй. Шууд болон шууд бусаар оролцож ажиллана гэдэг энэ зарчим бол ардчилсан зарчимд байдаг. Бүгд Найрамдах Улсын зарчимд ч энэ зохицуулалт байдаг. Гэхдээ ардчилсан зарчмын нэг аюултай юм нь юу вэ? гэхээр олонх болсон нь цөөнхийнхөө асуудлыг тоохгүйгээр олонхиороо асуудлыг шийдээд явчихдаг. Ингэхээрээ ардчилал өөрөө ардчилал биш болчихсон юм шиг болдог. Үгүй бол ардчилсан арга хэлбэрээр дарангуйлал тогтоод байдаг. Ардчилсан хэлбэрийг ашиглаад олонх нь удирддаг юм гээд сэлэм бариад би олонх учир дуртай шийдвэрээ гаргана, чи үг дуугүй дага гэсэн ийм зарчим мөрдчихдөг. Ийм аюултай. Энийг яаж зохицуулсан бэ? гэхээр энэ Бүгд Найрамдах Улсын зарчмаар зохицуулсан байдаг. Бүгдээрээ найрамдаж амьдарна гэсэн үг. Тэгэхдээ олонх нь цөөнх нь хоёулаа найрамдалтай амьдарна гэсэн үг. Тэгэхлээр яаж найрамдалтай амьдрах вэ? гэвэл олонх нь цөөнхийнхөө дуу хоолойг заавал сонсоно. Төр засгийнхаа шийдвэрт цөөнхийнхөө дуу хоолойг заавал тусгана. Цөөнх зарим асуудлуудыг олонх дангаараа шийдэж болохгүй гэж үзсэн бол олонх тэрийг хүндэтгэнэ. Ингэж цөөнхи олонх амьд харилцаан дунд ойлголцож ажилладаг зарчмыг Бүгд Найрамдах Улсын зарчим гэж хэлж байгаа байхгүй юу. Ардчилсан улсын зарчимтай олон талаараа адилхан боловч энэ талаараа өөр. Засгийн газар ч гэсэн цөөнхийнхөө дуу хоолойг заавал сонсдог.
Цөөнхи нь аливаа асуудлыг та нар олонхиороо дангаараа битгий шийдээрэй. Та нар тийм эрхгүй шүү гэдэг энэ зарчим Бүгд Найрамдах Улсын зарчимд байдаг учраас Монгол Улс зүгээр нэг Монгол Улс биш яг ингэж олонх нь цөөнхөө хүндэтгэдэг, хамтардаг болох хэрэгтэй.
Энэ утгаараа Монголын ард түмэн бол эв нэгдэлтэй ард түмэн гэдгээ харуулахын тулд Бүгд Найрамдах Монгол Улс гэж ингэж нэрлэх нь зүйтэй гэж ажлын хэсэг дээр ярьж байгаад нэрлэсэн юм. Энэ ерөөсөө муу юм биш. Бүгд Найрамдах Солонгос Улс гэж байна. Бүгд Найрамдах Франц Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улс гэж байна. Энэ улсууд яагаад энэ нэр томьёог нэртэйгээ хамт ашиглаад байгаа вэ? гэхлээр олонх нь цөөнхийг хүндэтгэсэн хамтын ажиллагаан дээр тулгуурласан зарчмыг баримталдаг улс шүү гэдгийг нэрэндээ хүртэл харуулж байна. Үүнтэй нэгэн адил Монгол Улс энэ нэр томьёог нэрэндээ тусгаснаар Бүгд Найрамдах Улсын зарчмыг баримталдаг ардчилсан орон, олонх нь цөөнхөө хүндэтгэдэг шүү. Бүгдээрээ ингэж ойлгож, олон улсад ч ингэж ойлгуулж, эвтэй найртай, найрамдалтай амьдаръя гэж нэрэндээ тусгасан юм.
-Хуулийн төсөлд ахмадуудыг УИХ-д орох эсэх асуудлыг хэрхэн тусгаж өгсөн байгаа вэ?
-Зарим нь мушгиад ахмадууд гэж яриад байгаа. Үнэн хэрэг дээрээ энэ бол олон улсад байдаг зарчим. Тухайлбал, Францад ерөнхийлөгч байсан хүмүүс нь Үндсэн хуулийнхаа цэцэд очдог юм байна лээ. Гэхдээ өөрөө хүсвэл шүү дээ. Цэцдээ очоод Үндсэн хуулиа хамгаалаад, Үндсэн хууль зөрчигдөж байна уу үгүй юу гэдэг дээр хяналт тавьж ажилладаг. Бусад улсад бол парламентын аль нэгэн танхимд нь очиж ажилладаг. Англи бол тэр аяараа Лордын танхим гэж байдаг. Язгууртнуудын танхим гэсэн үг. Аав нь лорд байсан бол хүү нь тэр лордын танхимд орно гэсэн үг. Ерөнхийдөө угсаа залгамжилсан байдлаар Лордын танхимаа бүрдүүлж байна шүү дээ. Яагаад гэхээр түрүүн би хэлсэн. Парламентын хоёр танхимтай байна гэдэг нь нэг нь нөгөөгөө хянана гэсэн үг. Түүнээс биш холбооны улсад л тийм байдаг юм биш шүү. Дахин хэлье. Япон бол нэгдмэл улс. Тэгсэн мөртлөө хоёр танхимтай.
АНУ-ын Үндсэн хуулийг батлахад, боловсруулахад, хэлэлцэхэд оролцож байсан тэр том онолчид, сэтгэгчид парламентыг ард түмний хяналтад оруулахын тулд хоёр танхим байгуулж, нэгийг нөгөөгөөр нь хянуулбал хамгийн хариуцлагатай парламент бий болдог гэсэн онолыг гаргаж ирээд үүнийгээ амьдрал дээр практикт хэрэгжүүлсэн. АНУ-д одоо ч хоёр танхимтай парламент ажиллаж байна шүү дээ. Англид ч гэсэн.
Английн нэг танхимд намууд нь өрсөлдөөд өөрийнхөө үзэл баримтлал дээр тулгуурласан мөрийн хөтөлбөрөө ард түмэндээ танилцуулаад ард түмэн аль нэгэн намыг олонх болгоод сонгочихдог. Тэгэхдээ тэд дандаа зөв шийдвэр гаргана гэсэн баталгаа бас байхгүй. Туршлага дутна, яарна, хэтэрхий намчирхана. Хуйвалдаан бас байж магадгүй. Хууль тогтоох ажлын ард хулгай байж магадгүй. Тэгэхлээр Лордын танхимынхан нөгөө танхимаа хянаад сууж байх нь байна шүү дээ. Туршлагаараа, мэдлэгээрээ, боловсролоороо хянадаг. Тэгэхлээр Францын, Английн жишгийг хүлээж аваад Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан, УИХ-ын гишүүн асан, Ерөнхий сайдаар ажиллаж байсан, Засгийн газрын гишүүн, Шүүхийн дарга, СЕХ-ны дарга байсан хүмүүсийг өөрсдөө зөвшөөрвөл тухайн үеийн Ерөнхий сайдын саналаар тухайн үеийн Ерөнхийлөгч тодорхой цөөн тооны хүмүүсийг УИХ гэдэг байгууллагад тодорхой хугацаагаар ажиллуулж болох юм гэдэг зарчмыг тусгасан байгаа юм. Ингэснээрээ нөгөө залгамж халаа, төрийн ой санамж, хар хайрцгийн бодлого энэ бүх юм чинь залгагдаад дараа дараачийнхаа үедээ уламжлагдаж очоод байх нь байна шүү дээ. Гэхдээ үүнийг хэрэгжүүлэхдээ 15-аас илүү тооны хүн болгож хэтрүүлж болохгүй.
-Хуулийн төсөлд яг ямар байдлаар тусгасан бэ?
-Зөвлөлдөх зөвлөл гэдэг Үндсэн хуулийн бус бүтэц гарч ирээд гишүүдийн тоог 152 болгоё гээд байна шүү дээ. Нэг л танхимтай, 152 гишүүнтэй болъё гэж байна. Хяналтаас гадна 76 хүн байсан бол одоо 152 болж нэмэгдэх нь. Гэтэл онолчдын болон суут сэтгэгчдийн хэлдгээр нэг танхимын тоог өсгөхийн оронд хоёр танхим болгоод нэгийг нь нэгээр нь хянуулах хэрэгтэй. Ингээд парламентыг хоёр танхимтай болгоод тус бүр 75, 75 гишүүнтэй байна гэж тусгасан. Тэгээд 75 гишүүнтэй УИХ-ын бүрэлдэхүүнийг нам бус зарчмаар сонгоно. Чи намын гишүүн байж болно.
Гэхдээ одоо УИХ-ын гишүүн болъё гэж байгаа бол тэр тойрогтоо дор хаяж гурван жил амьдарсан байна. Түүний дараа нам бус зарчмыг хангахын тулд парламентын нэг танхимд сонгогдохоор нэр дэвшигчид намаасаа түдгэлзэх хэрэгтэй. Монгол Улсын Ерөнхийлөгч намынхаа шугамаар нэр дэвшиж сонгогдоод намаасаа түдгэлздэг шүү дээ.
Тэрэнтэй адилхан УИХ-ын гишүүн бол намаасаа түдгэлзэнэ. Ямар нэгэн намын бодлогыг хэрэгжүүлэхгүй. Харин парламентын нөгөө танхимынхаа үйл ажиллагааг хянана. Монголын ард түмний, тухайн тойргийн сонгогчдын санаа бодлын дагуу хяналт тавих учраас нэг намын өмнөөс ажиллах боломжгүй. Мөн тухайн 75 хүн дээр 15 хүн нэмэх талаар тусгасан. Ингэхдээ дээр би хэлсэн урьд өмнө нь хариуцлагатай ажил хийж байсан хүмүүсийн дундаас. Өндөр албан тушаалтан байсан хүмүүс 15 бус нэг хоёр ч байж болно. Үйлдвэрчний байгууллага, багш нарын төлөөлөл, малчдын төлөөлөл, ажилчдын төлөөлөл, эрдэмтдийн төлөөлөл, хэвлэл мэдээллийнхний төлөөлөл, соёл урлагийнхны төлөөлөл орж ажиллаж болно. Тэгэхдээ тухайн үеийн Ерөнхий сайд 15-ын тал суудалд нь нэр дэвшүүлээд Ерөнхийлөгч нийт 15 хүнийг томилох ийм бололцоо байна гэж харсан. Хэрэв энэ хувилбарыг буруу гэвэл ард түмнээс сонгогдсон 75 гишүүн нь парламентдаа байна. Нам бус зарчмаар сонгогдсон 75 нь Улсын Их Хуралд сонгогдоод Улсын Бага хурлыг хянах нь байна шүү дээ.
Гэхдээ энэ төсөл бол эцсийн байдлаар батлагдсан төсөл биш. Олон орны эрдэмтэн, судлаачид, монгол судлаачид болоод Монголын улс төр, нийгмийн амьдралаас урган гарсан хамгийн оновчтой хувилбар гэж бид үзэж байна. Мэдээж хэрэг бид нар бурхад биш юм чинь алдаатай оноотой зүйл бий. Чөлөөтэй шүүмжил. Нэмж хасахаа хэлэлц. Тэгээд ард түмэн дэмжих юм бол баталгаажуулаад Үндсэн хуулиа болгоод хэрэгжүүлэх хэрэгтэй.
Би дээр Улсын Бага Хурал нь намын жагсаалтаар бүрдэх тухай цухас дурдлаа. Намын жагсаалтыг оруулж ирэхдээ аль болохоор хялбар байлгах ёстой. Энэтхэг улс гэхэд 800 сая сонгогчтой. Тэгээд сонгогчдоо будилуулахгүйн тулд намууд нь бараг намынхаа нэрийг ч тавьдаггүй. Өөрийнхөө бэлгэдэл болсон зүйлээ тавьдаг. Тэрийг нь ард түмэн хардаг, таньдаг, мэддэг учраас шууд дугуйлчихдаг. Энэ бол намын сахилга бат, бодлого, үзэл баримтлал, намын зохион байгуулалтыг шалгадаг маш сайн арга. Ер нь намгүйгээр хөгжсөн улс орон гэж байхгүй. Гэхдээ хэтэрхий олон, хэтэрхий цөөн нам байж болохгүй. Манай хоёр нам бараг нэг болчихоод байна шүү дээ. Тэгэхээр хүмүүс дургүйцээд энэ хоёр намын муу нэр нь бусад бүх намд халдаад, тэгээд ерөөсөө нам гэдэг зүйл хэрэггүй гэсэн ойлголтыг өгөөд байна. Энэ нь нам бус болъё гэсэн туулшралд бас хүргээд байна. Яг хувь тэнцүүлсэн зарчмаар явах юм бол зүүн төвийн үзэл баримтлалтай намууд, баруун төвийн үзэл баримтлалтай намууд гарч ирэх, цаашлаад хэлсэн ярьсан, амласнаа хэрэгжүүлэх ийм бололцоотой болно. Энэ нь эргээд намууд хоорондоо эвсэж чаддаггүй, байнгын хоорондын хэрүүлтэй, энэ эв нэгдлийг үймүүлэн бусниулдаг, нийгмийг хагаралдуулдаг энэ байдлаасаа салж, эвлэлдэн нэгдэх, үзэл баримтлалаараа ойртох, эвсэл болж сурахад түлхэц болох юм. Одоо Японд Либерал ардчилсан нам хэдийгээр нэртэй төртэй нам ч гэсэн Комейто гэдэг үзэл баримтлал ойрхон намтайгаа байнга хамтарсан Засгийн газрыг байгуулж байна. Германд сүүлийн бараг 20 орчим жил эвслийн Засгийн газар ажиллаж байна. Одоо ч гэсэн тийм байгаа. Ер нь бид эвсэж сурах хэрэгтэй. Тэгэхдээ хоёр том нам эвсэхээсээ илүү үзэл баримтлалаараа ойрхон намууд эвсдэг.
-Сонгогч болгон сонгуульд саналаа заавал өгнө гэж Шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ. Энэ талаар тодруулахгүй юу?
-Иргэн хүн үүргээ биелүүлээд дараа нь шаардлагаа тавих бүрэн эрхтэй болно. Тэгэхгүй бол одоо нийт сонгогчдын бараг 30, 40 хувь нь сонгуульд орохгүй мөртлөө төр засгаа шүүмжлээд шүүмжлэхдээ утгагүй шүүмжилж байгаа шүү дээ. Би Үндсэн хуулийн төслийг уншаагүй тэгэхдээ муу болсон гэдэгтэй адилхан би энийг сонгоогүй, би сонгуульд ерөөсөө оролцоогүй, тэгэхдээ хэрэг алга гэж байна. Чи яагаад тэгээд сонгуульдаа оролцоогүй юм бэ. Оролц л доо, оролцсон бол өнөөдөр төр засаг илүү хариуцлагатай байна шүү дээ. Ер нь ардчилсан оронд хоёр талын хамтын ажиллагаа, хоёр талын хариуцлага байх ёстой. Энэ утгаараа сонгогч болгон саналаа заавал өгнө гэж Үндсэн хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд оруулсан. Иргэн өөрөө хариуцлагагүй байвал төр засаг ч хариуцлагагүй байна. Иргэн аль аль талыг нь дэмжмээргүй байсан ч би алийг нь ч дэмжихгүй гэдэг саналаа л өгчих. Тэгээд сүүлд нь бардам хэлэх үгтэй байх хэрэгтэй. Өнөөдөр бол иргэдийн 65 хувь нь сонгуульд саналаа өгдөг, 35 хувь нь өгдөггүй ийм тогтолцоотой байна. Үндсэн хуульд энэ талаар үүрэгжүүлээгүй учраас сонгогчид ч хариуцлагагүй байна.
-Ерөнхийлөгчийн институцийг Шинэ Үндсэн хуулийн төсөлд хэрхэн яаж оруулж өгсөн бэ. Одоогийн байгаагаас яаж өөрчлөгдөх вэ гэдэг нь чухал байна?
-Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд бүгд хэлж байна. Улс төр судлаачид ч хэлж байна. Манай одоогийн Үндсэн хуульд том дутагдал байна. Америкийн болон манай эрдэмтэд 2015 онд Үндсэн хуульд судалгаа хийгээд хэрэгжилт ямар байгаа вэ? гэдэг асуудлаар тайлангаа хэвлүүлсэн байна. Тэр тайланг үзэх хэрэгтэй. Судалгаан дээр маш их зөрчилтэй асуудал нь юу байна? гэхээр парламент хэтэрхий эрх мэдэл өгчихсөн гэсэн байна. Тийм учраас энэ парламентын эрх мэдлийг тодорхой хэмжээгээр зохицуулах ёстой гэж дүгнэлт хэсэг дээр бичсэн байгаа. Засаглалын эрх мэдлийг хуваарилах онолынхоо дагуу нэг байгууллагад эрх мэдлийг төвлөрүүлэх биш зөв зүйтэй хуваарилах хэрэгтэй байна. Хэрэв тэгж хуваарилж чадах юм бол хариуцлагыг нэмэгдүүлнэ. Бодлогын хэрэгжилтийг сайжруулна гэж бичсэн байна шүү дээ. Тэгэхээр өнөөдөр энэ зүйлийг ганцхан Энхбаяр гэдэг хүн яриад, бичээд байгаа юм биш. Угаасаа манай өнөөдрийн Үндсэн хуульд төр төвтэй нийгмийн харилцааг бий болгохдоо УИХ-ыг “төрийн эрх барих дээд байгууллага” гэж нэрлэснээс болоод парламент данхайгаад бүхнийхээ дээр гараад суучихсан. Гишүүдийг ч муулаад байгаа юм биш, гишүүд чинь тийм эрх мэдэлтэй газар очих юм бол эрх мэдэлтэй байгууллагын эрх мэдлийг л хэрэгжүүлэх гэж оролдоно шүү дээ. Тэр гишүүн муудаа биш, сайндаа биш, асар их биеэ тоосондоо биш, угаасаа Үндсэн хуульд тэгээд биччихсэн байна шүү дээ. Тийм учраас эрдэмтэд тэгж дүгнэсэн байна.
Одоогийн Үндсэн хуулийн дараагийн нэг алдаа дутагдал нь Ерөнхийлөгч өөрөө ард түмнээс сонгогддог. Тодорхой Мөрийн хөтөлбөртөй байна, тэгээд амласан зүйлээ хэрэгжүүлнэ. Засгийн газар бас өөрийн гэсэн Мөрийн хөтөлбөртэй. Аль алиныг нь хэрэгжүүлэх гээд ажил нь давхцдаг. Үйлдвэр худалдааны байгууллагууд, боловсрол, эрүүл мэнд, татвартай холбоотой асуудлуудад аль аль нь санаачилга гаргана. Ингээд хоорондоо өрсөлддөг. Тэрийг нь хүмүүс ойлгохдоо хоорондоо муудчихлаа гэдэг.
Энэ асуудлыг бусад орнуудад зөв зүйтэй шийдчихсэн байгаа юм. Хууль хэрэгжүүлэх үүрэгтэй буюу гүйцэтгэх засаглалын ажлыг Засгийн газар л хийнэ. Ерөнхийлөгч бол эв нэгдлийг илэрхийлэгч учраас Засгийн газрын ажлын урдуур хойгуур нь орж хийх хэрэггүй юм байна. Ард түмнийг хооронд нь эв нэгдэлтэй байлгах, ард түмэн яавал эвтэй байх юм. Бүх зүйл шударга байвал эв нэгдэлтэй байна гэсэн зарчим барьж ажиллана. Узбекистанийн алдартай том жанжин байдаг. Монгол цустай гэж ярьдаг, доголон Төмөр жанжин бий. Түүнд зориулсан бунхан дээр бичсэн байгаа шүү дээ. “Шударга байвал эвтэй байна. Эвтэй байвал хүчтэй байна аа” гэж.
Үүний нэгэн адил би “эвтэй бол хүчтэй” гэж хэлэх дуртай. Тэгэхдээ яаж шударга байх юм бэ? Шударга байхын тулд юуны түрүүн хүний эрх, эрх чөлөөг хангадаг байх хэрэгтэй. Тэгэхлээр Ерөнхийлөгч бол эв нэгдлийг илэрхийлэгч, эв нэгдлийг хангагч, хамгаалагч байх ёстой. Шударга байхын тулд хүний эрхийг онцгойлон анхаарч ажиллах ёстой. Ерөнхийлөгчийг аав, эцэгтэй адилтгаж ярьдаг. Тэгвэл эцэг нь өөрөө шударга байх. Хүмүүсийнхээ эрх нь зөрчигдөж байвал тэрийг нь хамгаалдаг байх хэрэгтэй. Монголын эртний уламжлал, өнөөдрийн хүмүүсийн энэ институцид хандаж байгаа хандлага, онол аль бүхнийг нь харгалзан үзэж, Үндсэн хуульд өнөөдрийн байдлаар Ерөнхийлөгчийн болон Засгийн газрын ажил давхцаж байгаа энэ байдлыг засах хэрэгтэй. Энэ зөрчилтэй байдлыг арилгахын тулд төсөлд Хүний эрхийн Дээд зөвлөлийг Ерөнхийлөгч өөрөө толгойлохоор тусгасан. Ингэж төрийг маш хариуцлагатай, тэнцвэртэй, хэн юу хийх нь маш ойлгомжтой. Нэг нэгнийхээ урдуур хойгуур ордоггүй. Ийм болгож засах нь зүйтэй. Ингэж байж Монгол Улс хөгжинө. Гадаадын Элчин сайдуудтай уулзлаа. Биднийг гадаадын элчин сайдуудтай уулзлаа гэж зарим нь шүүмжилсэн. Тэд нэг зүйл хэлж байна.
Танай Ерөнхийлөгчтэй уулзахад нэг юм ярих юм, Засгийн газартай уулзахаар өөр юм ярих юм. Гишүүд, албан байгууллагуудтай уулзахаар бас нэг өөр юм хэлдэг. Тэрнээсээ болоод туслалцаа эд нараа зогсоогоод учрыг нь олж байж болъё гэж байна. Энэ бол тэд нарын буруу биш, Үндсэн хуульдаа тэгээд биччихсэн учраас ажлууд нь давхцаад байна. Энэ нь гаднаа ч, дотроо ч ойлгомжгүй байдлыг бий болгож байна.
Үүнтэй холбогдуулаад нэг зүйл хэлэхэд Элчин сайдууд Монголд болж байгаа бүх асуудлуудыг тэртээ тэргүй хэвлэл мэдээллээс мэдээд авчихдаг. Тэгээд энд тэнд тааралдахдаа асуудаг. Сүүлийн үед Монгол Улсад Үндсэн хуулийн шинэчлэлийн тухай яригдаад байгаа юм байна. Энэ ажил хэрэг болж байгаа юу? гэж. Ярьж байгаа, Ерөнхий сайд ажлын хэсэг байгуулсан гэж хэлэхэд тэд: Ямар сонин юм. Тэр төсөлтэй танилцаж болох уу гэдэг. Тэд нарт Монгол Улс сонгосон замаасаа ухрахгүй. Харин улам гүнзгийрүүлнэ, ойлгомжгүй байгаа юмаа ойлгомжтой болгоно. Хэтэрхий их эрх мэдэл нэг байгууллага дээр төвлөрчихсөн бол тэрийгээ одоо хуваарилна. Хүний эрхийг дээд зэргээр хамгаална гэдгийг баталгаажуулахын тулд тэд нарт уулзаж энэ төслийг танилцуулъя. Энэ төслийг та нар битгий хард. Харин ч та нарын бодож байснаас илүү сайхан төсөл болсон байгаа биз. Бид нар англи хэл дээр орчуулаад өгөөд санаа бодлыг нь сонсоод, тэгээд бид нар бол та нарт одоо энэ дээр нэмж хэлэх зүйл байна уу. Хүний эрх гэж юу юм? гэдгийг тэд маш сайн ойлгоод судалчихсан, тэд их алдсан нь үнэн. Тэгэхдээ тэрийгээ засчихсан ийм орнууд учраас бидэнд зөвлөгөө өгч гэж болно шүү гэсэн. Монгол орон чинь хаалттай биш, нээлттэй орон байхгүй юу.
Далай ламтай олон жилийн өмнө уулзаж байхад надад ингэж хэлж байсан: “Монголчууд бол нээлттэй байх дуртай ард түмэн. Харин Төвдүүд хаалттай байх дуртай ард түмэн. Тэгээд л ламаа шүтээд сүмдээ номоо уншаад л суугаад байдаг. Нэг мэдсэн чинь бид одоо хэнд ч хэрэггүй. 1913 онтой харьцуулах юм бол бид одоо тусгаар тогтносон улс биш болчихжээ.
Энэ бол одоо геополитикийн, улс төрийн, нийгэм, эдийн засгийн маш олон үйл явцыг товчхон өөрийнхөө хэмжээнд дүгнэж байгаа нь энэ. Харин монголчууд яасан гэхээр өөрсдийгөө нээж чадсан гэж гэсэн. Тэр үеийн ЗХУ руу, Октябрийн хувьсгал руу, Францын хувьсгал руу, дэлхий рүү нээсэн. Тухайн үед бол ЗХУ-ын хараат байдалд байсан нь үнэн боловч өөрөө биеэ даасан Үндсэн хуультай, өөрөө биеэ даасан боловсролын салбартай, эрүүл мэндийн салбартай, гадаад харилцаатай, “Эрдэнэт” үйлдвэртэй, төмөр замтай болж хожсон. Өнөөдөр Монгол Улсад тодорхой хэмжээнд эдийн засгийн хямрал, улс төрийн хямрал байна. Тэгэхдээ Монгол Улс бол биеэ даасан тусгаар тогтсон улс орон болж чадсан. Тэгэхээр нээлттэй байхаас ерөөсөө айх хэрэггүй. Гаднынхантай уулзахаас ерөөсөө айх хэрэггүй. Ямар ч хүнтэй уулзах хэрэгтэй. Гэхдээ өөрт юу хэрэгтэй вэ, хэрэггүй вэ гэдгийг ялгаж авах чадвараа энэ Үндсэн хуульдаа суулгах хэрэгтэй. Тэгэхгүй бид нар өнөөдөр өөрсдөдөө итгэхгүй.Тэгээд бусдыгаа гаднынхантай очиж уулзлаа гэнэ. За тэгээд гадныхан энийг бичээд өгчихсөн байна гээд хардаад суугаад байдаг. Яагаад монгол хүн өнөөдөр Үндсэн хуулиа өөрөө бичиж чаддаггүй юм. Чадна шүү дээ гэхээр гаднынхны бичсэнийг орчуулаад хэвлүүлчихсэн байж таараа гэнэ. Монгол хүн гаднынхны хэлснийг сонсоод өөрийн гэсэн бас нэг бодолтой байж болно шүү дээ. Монгол Улсад хэрэгтэй Үндсэн хуультай болж чадна. Төр засаг өөрөө хариуцлагатай байж чадна. Хамгийн гол нь бид юунаас ухрах ёсгүй вэ? гэхээр монгол хүний эрх ашгаас л ухарч болохгүй. Монголын ард түмний эрх ашгаас ухарч болохгүй.
-Тэднийг яаж сайхан амьдруулах вэ?
-Маш богинохон хариулт өгч болно. Энэ бол байгалийн баялаг. Энэ баялаг дээр суучихсан Монголын ард түмэн ядуу амьдрах ямар ч боломжгүй. Ядуу амьдруулах эрх төр засагт байхгүй. Байгалийн баялаг бол бусад өмчийг бодвол бидний оролцоогүй бий болчихсон баялаг. Бурхан тэнгэр гэнэ үү, байгалийн, ертөнцийн хууль тогтоомжийн дагуу, энэ физик, химийн урвал дунд энэ байгалийн баялаг Монгол Улсын өнөөгийн нутаг дэвсгэр дээр их хэмжээгээр хадгалагдаж үлдсэн байна.
1962 онд НҮБ байгалийн баялагтай холбоотой асуудлыг судлах зорилготой ажлын хэсгийг байгуулсан. Тэгээд нэг тогтоол гаргасан байгаа юм. Тэр тогтоол дээр тухайн улс орны ард түмэн өөрийнхөө нутаг дэвсгэр дээр байгаа байгалийн баялгийг өөрийнхөө дураар захиран зарцуулах онцгой бүрэн эрхтэй гээд биччихсэн. Бусад ямар ч өмчийг тэгж бичээгүй.
Харамсалтай нь одоогийн Үндсэн хуульд байгалийн баялаг ард түмний мэдэлд байна гэж биччихсэн атлаа бас төрийн өмч болгоод бичихсэн байгаа. Тэгээд 2019 оны нэмэлт өөрчлөлтөөр төрийн нийтийн өмч болгоод бүр будилуулаад хаячихсан. Уг нь энэ маш ойлгомжтой асуудал, хэний ч оролцоогүй бий болсон баялаг бол ард түмний өмч. Ингээд 3,3 сая монголчууддаа бүртгэлийн дагуу хүн болгонд та байгалийн баялгийн өмчийн эзэн мөн гэсэн гэрчилгээ гардуулах ёстой гэж үзэж байна. Тэгээд ард түмний төлөөлөл болсон 500-700 хүн ард түмний төлөөлөл болж улиралд нэг удаа хуралдана. Ингэж байгалийн баялгийн эзэд учраас ард түмнээ төлөөлж ирээд байгалийн баялгийг захиран зарцуулах асуудлыг шийдэх юм. Хувийн гэж туйлшлах хэрэггүй төрийн гэж тонох хэрэггүй. Ард түмэн өмчийн эзэн учраас байгалийн баялагаас олж байгаа бүх орлогыг ард түмний дундын өмч болсон Баялгийн санд төвлөрүүлэх ёстой гэж үзэж байна. Тэр сангаар дамжуулан хамгийн эхэнд боловсролд анхаарах хэрэгтэй. Боловсролгүй бол ардчилал маргааш алга болно. Боловсролгүй бол Монгол Улс хөгжихгүй. Боловсрол бол бүхний эхлэл, бүхний үр дүн. Өмнөд Африкийн алдартай ерөнхийлөгч Нельсон Мандела “Ерөөсөө тусгаар тогтнол бол боловсрол, боловсрол бол тусгаар тогтнол” гэж хэлсэн байдаг. Тэгээд ӨАБНУ-д, бас л бүгд найрамдах гэж байгаа биз, ӨАБНУ-д боловсролыг үнэгүй болгож хар, цагаан нь хамаагүй бүгдээрээ боловсрол эзэмших ёстой гэж үзсэн.
-Боловсрол гэдэг зүйлийг хэрхэн хуульчлах ёстой юм бэ?
1992 оны Үндсэн хуулиар дээд сургуулийнхаа зардлыг өөрөө төлөх тухай агуулга бий. Ерөнхий боловсролын сургуулийг бол улс даана. Тэгээд аав, ээж нар ямааныхаа ноолуурыг самнаад, махаа борлуулаад, олсон орлого болгоноо хүүхдийнхээ сургуульд зарцуулж байна. Гэхдээ хүссэн хүсээгүй жилдээ дунджаар 15-20 мянган залуучууд их дээд сургуулийн гадна үлдэж байна.
Яг энэ зарчмаар 30 жил явчихсан байна шүү дээ. Энэ бодлогын гайгаар, хамгийн багадаа 600 мянган дээд боловсролгүй залуучууд Монголд байна. Бид ийм байдлаараа Хятадтай өрсөлдөж чадах юм уу. Оросуудтай өрсөлдөж чадах уу. Хариуцлагатай аав ээж байж чадах уу. Хүнд хууртахгүй, мэхлүүлэхгүй амьдарч чадах уу, Амьдралдаа эзэн болж чадах уу. Ажлын байр олж чадах уу. Орлоготой амьдарч чадах уу гэвэл чадахгүй.
Тэгэхлээр боловсрол чухал байгаа юм. Тухайлбал, Герман, Норвеги, Швед, Дани, Финландад залуучууд дээд боловсролоо үнэгүй эзэмшиж байна. Гэтэл яагаад Монголд болохоор нэг их баян тарган юм шиг “хувь хүн өөрөө төлөө” гээд ингэж яриад байгаа юм. Гуравхан сая Монгол шүү дээ. Жилд 200-аас 250 мянган залуучууд сургуульд сурч байгаа. Гадаадын том сургуульд бол ерөөсөө нэг л сургуулийн оюутнуудын тоо. Ингэхээр төр засаг маань ухаалаг бодлого хэрэгжүүлээд Үндсэн хуульдаа суулгаад залуучуудыгаа дээд боловсролтой болгох ёстой. Хорьдугаар зуунд бичиг үсэгтэй болгоё гэсэн зорилт тавьсан. Одоо энэ зуунд дээд боловсролтой болгоно. Нарийн мэргэжилтэй, инженер болгоно гэсэн зорилго тавих ёстой. Үүнийг Үндсэн хуульдаа бичиж байж хэрэгжинэ. Би хэлсэн шүү дээ. Үндсэн хууль бол ямар орон болох гээд байгаа юм бэ гэдгийг бичдэг хууль болохоос биш, чадахгүй гэдгээ бичдэг хууль биш.
Тийм учраас байгалийн баялгийг ард түмний дундын өмч болгоод орлогыг нь байгалийн Баялгийн сандаа төвлөрүүлээд тэндээсээ дээд сургуулийн зардлыг үнэгүй болгоно. Үүнийг Үндсэн хуульдаа бичиж байж ажил хэрэг болно.
Мөн иргэдээ Монголдоо эмчилдэг ийм орон болох хэрэгтэй. Иргэдээ гадаадад эмчлүүлж тэднийг өрийн дарамтад оруулж байгаа аливаа Засгийн газар байвал огцрох хэрэгтэй. Үндсэн хуульдаа иргэдээ үнэгүй эмчлэх талаар тусгаж байж ажил хэрэг болно. Иргэдийнхээ эмчилгээний хөлсийг түрүүний хэлсэн байгалийн Баялгийн сангаасаа төвлөрүүлнэ.
-Та Монгол Улсын гадаад бодлогыг ер нь юу гэж дүгнэж харж байна. Шинэ Үндсэн хуулийн төсөлд төвийг сахих гадаад бодлогыг тусгаж оруулж ирсэн байна. Энэ талаар мэдээлэл өгөөч?
-Монгол Улс хүссэн хүсээгүй хоёр том хөрштэй. Хоёр том хөрштэйгөө үнэхээр сайхан харилцаатай байх хэрэгтэй. Хөрш орнуудынхаа түүхийг судалж мэдэх, түүхийг нь хүндлэх ёстой. Казахстан Улс байна. Бидэнтэй адилхан нүүдэлчид байсан. Одоо тэд амжилттай хөгжиж байна. Казахстанчуудтайгаа найзлах хэрэгтэй. Мөн Бүгд Найрамдах Солонгос Улс байна.
Өнөөдөр хүнд хэцүү амьдралыг давж туулахад тодорхой хэмжээгээр туслалцаа үзүүлж монголчуудыг ажлын байраар хангаж байна. Уг нь Монголчууд өөрсдөө Монголдоо ажлын байртай байх ёстой. Харамсалтай нь буруу тогтолцооноос болоод иргэд маань аргагүйн эрхэнд Солонгос, Америк гээд, Европын оронд явж байна. Мөн манай улстай найз Япончууд байна. Ингээд бодохлоор Монгол Улс бүгдтэй нь найзлах хэрэгтэй.
Монгол Улс ямар нэгэн эвсэл холбоонд орох асуудал дээр туйлын болгоомжтой хандах хэрэгтэй. Тэр дундаа цэргийн эвсэл, холбоо. Цэргийн эвсэл, холбоонд орно гэдэг нь эргээд бид тодорхой орнуудтай хамтраад өөр орнуудтай цэргийн мөргөлдөөнд орох, зөрчилд орох үүд хаалгыг нээж магадгүй. Энэ талаас нь бодоод үзвэл Монгол Улс өөрөө энх тайванч гадаад бодлогыг хэрэгжүүлэх ёстой. Монгол Улсад байлдах чадвар байхгүй, зав ч байхгүй, зорилго ч байхгүй. Ард түмнээ өндөр боловсролтой болгож, нарийн мэргэжил эзэмшүүлээд ажлын байраар хангах хэрэгтэй. Үйлдвэр байгуулж, гадагшаа бүтээгдэхүүнээ экспортлодог болж байж хөгжих ёстой. Тэр зорилгодоо хүрэхийн тулд бид гадаад бодлого дээрээ төвийг сахих бодлогыг барих хэрэгтэй. Швейцар, Австритай адилхан бид амжилттай хөгжиж чадна шүү дээ. Одоо хэн ч тэр орнуудын тусгаар тогтнолд аюул заналхийлж чадахгүй. Яагаад гэвэл тэд хэнд ч хоргүй амьдарч байна. Тэрэн шиг Монгол Улс төвийг сахисан статустай орон гэдгээ шууд зарлах хэрэгтэй. Одоогийн Үндсэн хуульд ерөнхийдөө энэ санаа байгаа юм. Тэгэхдээ энийгээ шууд зарлаж чадаагүй, энхийг сахиулах бодлогыг барина гэж бичсэн байдаг. Тэгээд нутаг дэвсгэртээ гадаадын цэрэг оруулах гаргахдаа тусгай хуулиар зохицуулна гэсэн байгаа. Энэ бол дутуу алхам байгаа юм. Одоо бүрэн гүйцэд алхах хэрэгтэй. 1992 оны Үндсэн хуулийг муу гээд байгаа байх биш. Одоогийн Шинэчилсэн найруулга 1992 оны Үндсэн хууль байгаагийн ачаар л боловсруулагдаж гарч ирж байна шүү дээ. Тэгэхлээр 1992 оныхоо Үндсэн хуулийг боловсруулсан хүмүүстээ маш их баярлаж талархах хэрэгтэй. Гэхдээ дутагдлыг нь бас хэлж, бүгдээрээ засъя. Тэнэг биш бол бид 31 жилийн турш ном уншлаа.
31 жилийн турш бид алдаж онож үзлээ. 31 жилийн турш бид гадаадын туршлагыг судаллаа. 31 жил харсаар байтал урд айл маань ямар болчихов. Үсрэнгүй хөгжөөд дэлхийн хоёр дахь том эдийн засаг болчихлоо шүү дээ. 2050 он гэхэд Хятад номер нэг, Энэтхэг номер хоёр, Америк номер гурав болно. Эдийн засгийн хүчин чадлыг нь эрдэмтэд одоо ингэж дүгнэж байна шүү дээ.
Тэгэхлээр бид одоо хүн ам цөөн байгаа сул талаа давуу тал болгох цорын ганц арга бол иргэн бүрээ өндөр боловсролтой болгох хэрэгтэй. Бид төвийг сахих бодлогыг барих барих хэрэгтэй. Үүнийгээ Үндсэн хуульдаа тусгаад дайсангүй амьдарна гэсэн үг. Бүгд Найрамдах Монгол Улс гэдэг чинь бас энэ төвийг сахих бодлоготой холбоотой. Бүгдтэй найрамдаж амьдарна шүү, дотроо ч олонх цөөнх гэж бие биеийгээ дарлахгүй, ойлголцож амьдарна. Гаднаа ч төвийг сахих бодлого барьж, Монгол улс бүгдтэй найрамдаж амьдарна гэсэн утгатай юм. Тийм учраас нэрэндээ Бүгд Найрамдах Монгол Улс гэж ингэж оруулах нь зүйтэй. Энэ бол хамгийн зөв зүйтэй гарц гэж үзсэн юм.
-Дараагийн нэг асуудал гадаадад төрсөн хүүхдийн давхар иргэншлийн асуудлыг Үндсэн хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд оруулж ирсэн байна. Монгол шиг гуравхан сая хүнтэй ийм цөөхөн хүн амтай улсад энэ бодлогыг та яагаад зөв гэж харсан юм бэ?
-Энэ бол олон жил яригдаж байгаа асуудал. Саяхан би Хакухо аваргынхаа зодог тайлах ёслолд оролцлоо. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх надаар их сайхан бэлэг явуулсан. Би гардуулсан. Тэгээд харж байхад Хакухо дотроо их догдолж байна. Зодог тайлчихлаа, бөх болж аавынхаа тэр сайхан нэр алдрыг өндөрт авч яваадаа их догдолсон. Япон Улсын иргэн болсон, одоо тэр дэвжээгээ толгойлно гэж байгаа юм.
Одоогийн Үндсэн хуулиар бол “Чи өөр улсын иргэн болж байгаа бол Монголын иргэнээс гар” гээд гаргачихдаг юм байна. Нэг ёсондоо хүнээ хөөгөөд байна шүү дээ. Тэр хүмүүс маань тэгж хэлэхгүй ч дотор нь харууслын бодол байна. Хакухо аваргатай адилхан хамгийн дайчин, тэр том нийгэмд хөлөө олоод, өрсөлдөөд, мэдлэг боловсролоороо, бие бялдраараа, ухаан санаагаараа, ёс суртахуунаараа, хэл усаараа тэнд гайхуулж байгаа монголчууд байна.
Тухайн улс нь ийм хүмүүст иргэншлээ өгдөг. АНУ гэхэд хамгийн ухаантай мундаг хүмүүсийг Германаас, Англиас, Францаас, Энэтхэгээс, Хятадаас, Оросоос цуглуулаад иргэншлээ өгөөд улсаа хөгжүүлсэн гэж хэлж болно. Гэтэл монголчууд цөөхүүлээ байж “гар гар, яв, яв, зайл, зайл” гээд байж болохгүй. Хакухо аварга буцаад Монгол Улсын иргэн болох хэрэгтэй. Япон Улс бол их хаалттай, жинхэнэ өөрийнхөө эрх ашгийг хамгаалдаг тийм нийгэм шүү дээ. Тэгсэн мөртөө Япон давхар иргэншлийг зөвшөөрдөг. Яагаад гэвэл хүнийг тэгж их дээдэлж байна шүү дээ. Гэтэл одоо Монгол Улсын иргэн давхар иргэншилтэй болчихвол гадаадынхан орж ирээд Монгол Улсын иргэн болно гэсэн тэр айдсыг бид ойлгож байна. Тэгвэл үүнийг шинэ Үндсэн хуульд юу гэж тусгасан гэхээр Хакухо ч ч юм уу гурван үеэрээ Монгол Улсын иргэн байсан бол өөр улсын иргэн боллоо гэхэд Монголынхоо иргэншлийг хадгалж үлдэнэ ээ гэж заасан. Харин Хятадын, Оросын, Америкийн, Энэтхэгийн аль нэгэн өөр орны хүн Монгол Улсын иргэн болъё гэж хүсвэл заавал цаад орныхоо иргэншлээсээ заавал гарч байж болно гэж байгаа юм. Тэгэхдээ хүн амын бодлогоор, хүн ам зүйн бодлогоор бид жилдээ хэдэн гадаадын хүнийг Монгол Улсын иргэн болгох гэдгийг Аюулгүй байдлын зөвлөлөөрөө хэлэлцэн шийдэх тухай заасан. Ингэж байж Монгол Улс бол иргэнээ хамгаалдаг, иргэнтэйгээ хүйн холбоогоо тасалдаггүй, тэгсэн мөртлөө хүн ам зүйн бодлогоороо өөрийнхөө тусгаар тогтнолыг хамгаалж чаддаг орон болно. Дэлхийд нээлттэй, бүгдээрээ найрамдаж амьдардаг, олонх цөөнх гэж хуваагддаггүй, гадаадад заналхийлдэггүй, энх тайванч гадаад бодлогоо, төвийг сахих бодлогоо илэрхийлж чаддаг ийм улс орон болж амьдрах ёстой. Үүний эхлэл нь одоогийн Үндсэн хууль байна.
Тэгвэл одоо энэ шинэ төслийг цааш нь хөгжүүлээд, байхгүйг нь хийгээд, буруу бичсэнийг нь засаад шинэ Үндсэн хуулиар шинэ Монголыг, бүр үнэхээр сайхан Монголыг бүтээх нь чухал байна. Ийм учир шалтгаанаар шинэ Үндсэн хуулийг боловсруулсан юм.
Үндсэн хуулийг боловсруулах ажлын хэсгийг байгуулахад тодорхой хэмжээний эр зориг хэрэгтэй байсан байх. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд би талархалтай байгаа. Ерөнхий сайд, Ерөнхийлөгч нар хоёр танхимтай парламент байхыг их дэмждэг. Г.Занданшатар дарга Энэтхэгийн Үндсэн хуультай адилхан бүүр тийм нарийвчилсан, хөтөлбөрийн шинжтэй Үндсэн хууль байх нь ч зөв байж магадгүй шүү гэдэг. Гэхдээ Азийн онцлогийг харгалзсан Үндсэн хууль байх нь их зөв байж магадгүй гэж ярьдаг хүн. Тэгэхээр Үндсэн хуулийн шинэ төсөл маань тэр хүмүүсийн захиалгаар гарч ирсэн төсөл. Одоо өөрсдөө үүнийг өлгийдөж яваад, ард түмнээрээ хэлэлцүүлээд батлах хэрэгтэй.
Энэ шинэ Үндсэн хуулиар 30 жил яваад дахиад нэг ийм судалгаа хийх хэрэгтэй шүү дээ. Байгалийн баялгаа ард түмэндээ өгөөд үзлээ. Байгалийн баялгийн сан гэж дундын сан байгуулж, орлогоор нь санхүүжүүлж дээд боловсролыг үнэгүй болголоо. Эрүүл мэндийн үйлчилгээг үнэгүй болголоо. Хоёр танхимтай парламенттай болж нэгийг нь нөгөөгөөр нь хянууллаа.
Хариуцлага алдсан Их хурлын гишүүдийг ард түмэн 10000 гарын үсэг цуглуулчихвал татдаг боллоо. Шүүхийг хараат бусаар байгуулж чадлаа. Хүний эрхийг дээд зэргээр хамгааллаа. Хүний эрхийн дээд зөвлөлийг Ерөнхийлөгч нь өөрөө толгойлоод хаана монгол хүн зовж зүдэрч байна тэнд очиж Ерөнхийлөгч ажиллалаа. Сонгуулийн үр дүнд тодорхой хэсэгт олонх болох боломж олгосон бол нэг нэгийгээ үзэн ядаж биш ялангуяа олонх нь цөөнхийгөө дарангуйлж биш харин цөөнх нь хариуцлага тооцож ажилладаг тийм тогтолцоотой боллоо. Монгол Улс төвийг сахисан, хэн нэгэнд заналхийлээгүй, энхтайванч бодлого явууллаа. Ингээд 30 жилийн дараа нэг дүгнээд үзэх хэрэгтэй. 30 жилийн дараа мань мэт нь байхгүй байх л даа. Тэгэхдээ залуучууд маань байна шүү дээ. Тэгээд миний, бидний насан дээр очоод үнэхээр сайхан зүйл болжээ гээд сууж байх юм шүү дээ. Одоогийн залуу дарга нартаа, дүү нартаа хандан уриалж байна. Энэ шинэ төсөл бол нийт ард түмэндээ өргөн барьж байгаа цагаан сарын хамгийн том бэлэг шүү. Оюун ухааны бүтээл бол ер нь хамгийн үнэтэй цэнтэй зүйл байдаг. Энэ оюун ухааны бүтээл дотор гучин жилийн амьдралын алдаа оноо, туршлага, олон зуун ном, гадаадын орнуудын алдсан оносон туршлага, энэ гадаадын орнуудын Үндсэн хуулийн тухай бичсэн олон зуун ном бүгдээрээ шингэсэн байгаа. Хамгийн гол нь Монгол Улс маань сайхан болоосой монгол хүн сайхан болоосой. Монгол хүнийг тойрсон нийгмийн харилцаа үүсээсэй. Монголын ард түмэн нийгмийн харилцааны төвд нь ороосой гэдгийг хүссэн чин сэтгэлийн хүсэл эрмэлзэл байгаа юм гэдгийг бас хэлчихье.
-УИХ хуулийн төслийг хүлээж авах уу, үгүй юу гэдэг асуудал анхаарал татаж байна. Зөвлөлдөх зөвлөлийн санал асуулгын явц дуусаж үр дүнг танилцууллаа. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийж зарим өөрчлөлтийг оруулъя гэсэн байна. Харин Шинэ Үндсэн хуулийг 48 хувь дэмжээгүй гэжээ. Та энэ асуудлыг юу гэж харж байна?
-Зөвлөлдөх зөвлөлийг байгуулж бас ард түмнийхээ нэг хэсгийн саналыг сонсож байгаа нь зөв. Гэхдээ Зөвлөлдөх зөвлөлөөр Үндсэн хуулийн асуудлыг шийдэж гаргана гэж байхгүй. Энэ нь төрийг удирдах хэрэгт шууд оролцож байгаа хэрэг ч биш. Үндсэн хуулийг судлаагүй, уншаагүй, сайн мэдлэггүйг нь далимдуулж ингэж хуурч мэхэлж болохгүй. Ерөөсөө ард түмнийг мэхэлж ямар нэгэн юм хийж болохгүй шүү дээ. Зөвлөлдөх зөвлөлийн орон нутгийн уулзалтын судалгаанаас үзэхэд ард түмний 60 гаруй хувь нь Шинэ Үндсэн хууль хэрэгтэй гэж хэлсэн байгаа юм. Тэгэхээр ард түмний дотор шинэ Үндсэн хууль хэрэгтэй гэсэн тэр ойлголт маш бат бэх байна. Ард түмнийхээ тэр сайхан хүслийг Зөвлөлдөх зөвлөлөөр саармагжуулж хүчийг нь бууруулж сулруулж хэрэггүй. Хоёрдугаарт, ард түмэн нийтээрээ Үндсэн хуулийг хэлэлцэн шууд саналаа өгсөөр төрийн хэрэгт шууд оролцож байна гэсэн үг. Тэгэхгүй санамсаргүй тохиолдлоор 1570 хүнээс цуглуулчихаад тэрийг ард түмэн төрийн хэрэгт шууд оролцож байна гэдэг чинь биш байхгүй юу. Тэр чинь сонголтоор сонгогдсон хүмүүсээр дамжуулж байна, харин энэ бол төлөөлөл. Энэ төлөөллийн тухай одоогийн Үндсэн хуульд төлөөллийн байгууллага бол Их хурал гээд биччихсэн байгаа. Зөвлөлдөх зөвлөл төлөөлөх байгууллага биш, Зөвлөлдөх зөвлөлийн тухай Үндсэн хуульд бичсэн нэг ч үг байхгүй.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин