/Bloomberg/. АНУ-ын “Apple” компани дэлхийн хамгийн үнэ цэнтэй брэнд цолоо эргүүлэн авлаа. Энэ тухай “Bloomberg” агентлаг “Kantar” компаниас гаргадаг “Brandz Top 100 Most Valuable Global Brands” жагсаалтаас эш татан мэдээлжээ.
Одоо “Apple” брэнд 947.1 тэрбум ам.доллароор үнэлэгдэж байгаа нь жилийн өмнөхөөс 55 хувиар өссөн үзүүлэлт юм. Хамгийн сүүлд 2015 онд дээрх жагсаалтыг тэргүүлж байсан “Apple” тэргүүлэх байр сууриа “Amazon” компанид алдсан байна.
Дэлхийн хамгийн үнэ цэнтэй брэндүүдийн жагсаалтын эхний тавд мөн:
- үнэлгээ нь жилийн хугацаанд 78 хувиар өсөж, 820 тэрбум ам.долларт дөхсөн “Google”,
- жилийн хугацаанд үнэлгээ нь 706 тэрбум ам.доллар болж, дөнгөж 3 хувиар өссөн “Amazon” компани,
- дөрөвдүгээр байраа хадгалж, брэндийн үнэлгээ нь 49 хувиар өсөж, 611 тэрбум долларт хүрсэн “Microsoft”,
- мөн л тавдугаар байртаа бичигдэж, үнэлгээ нь 11 хувиар буурч, 214 тэрбум ам.доллар болсон “Tencent” компани орсон байна.
Жагсаалтын эхний 10-т “McDonald's”, “Visa”, “Facebook”, “Alibaba” “Louis Vuitton” компаниуд багтжээ.
Шилдэг 100-д багтсан бүх брэндийн нийт үнэлгээ жилийн хугацаанд 23 хувиар өсөж, 8.7 их наяд орчим ам.доллар болсон байна.