С.Халиунаа: Гишүүдийн тоог нэмснээр зардал буурч, босго намсана

оруулсан Алсын Хараа

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар хуульч С.Халиунаатай дэлгэрэнгүй ярилцсанаа хүргэж байна.


-Үндсэн хуулийг өөрчлөх шаардлага бий юу гэдгээс ярилцлагаа эхлүүлье. 2019 онд бид Үндсэн хуулиа өөрчилсөн. Одоо дахиад Үндсэн хуулиа өөрчлөхөөр намууд санал нэгдэж, олон нийтийн саналыг авахаар тогтлоо?

-Эдийн засгийн өөрчлөлтийг авчрахын тулд улс төрийн тогтолцооны өөрчлөлтийг зайлшгүй авчрах шаардлагатай. Ядарсан иргэдийн халаасыг хоослосон эрүүл мэндийн даатгалын тогтолцоо, дундаж давхаргын эцэг, эхчүүд, тэтгэврийн насанд ашиглах, хуримтлал үүсгэх илүү гарсан багахан орлогыг хүүхдүүдийнхээ хувийн сургуулийн сургалтын төлбөрт зарцуулж, манай улсын бүхий л иргэд зардлаа дийлэхгүй ядуурал руу шилжиж, дундаж давхарга үндсэндээ үгүй болж байна. Өөрөөр хэлбэл, баян, ядуу гэсэн хоёр туйлт давхарга үүсэх үйл явц маш хурдацтай явагдаж байна.

Төр зөвхөн зам, барилга зэрэг хатуу хөрөнгө оруулалт хийгээд зогсохгүй хүнээ хөгжүүлэх бодлогод чиглэсэн зөөлөн хөрөнгө оруулалт хийх ёстой. Эргээд өндөр боловсрол, ур чадвар, өрсөлдөх чадвартай иргэд нь улсаа хөгжүүлнэ. Жилээс жилд иргэд төрөөс эрүүл мэндийн чанартай үйлчилгээ, хүртээмжтэй суурь боловсролын чанар шаарддаг боловч төсвийн бодлого, зарцуулалт хэзээ ч ирээдүйн байтугай өнөөдрийн иргэд рүүгээ чиглэгддэггүй.

Нийт иргэд, улс орны хэтийн ирээдүйд ямар ч өгөөжгүй, УИХ-ын нэг гишүүнийг тойрогтоо дахин сонгогдоход л чиглэсэн, ганцаарчилсан тоглолтыг дэмжсэн зарлагатай төсөв баталдаг.

НЭГ ХҮНИЙ УДИРДЛАГА БОЛ ДАРАНГУЙЛАЛ, ХААНТ ЗАСАГЛАЛ ГЭДГИЙГ ИРГЭД ТӨДИЙЛӨН ОЙЛГОХГҮЙ

Үндсэн хуульд ямар байдлаар өөрчлөлт оруулах нь зүйтэй юм вэ?

-Манай улсын парламентын тогтолцоо улс төрийн хувьд сонгодог утгаараа хөгжөөгүй, хөгжлийн хувьд хөлд орж яваа хүүхэд гэж хэлж болно. Тухайн тойрогт бусад нэр дэвшигчдээс олон санал авсан л бол, жишээ нь 35 хувь, 25 хувь, 15 хувь авсан бол 35 хувь санал авсан нэр дэвшигч УИХ-ын гишүүнээр сонгогдож, бусад 65 хувийн санал гээгддэг буюу үхдэг мажоритар тогтолцоотой. Энэхүү тогтолцооны гажуудлыг бид 30 жил шүүмжилж, буруушаагаад засч чадахгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Мажоритар тогтолцооны абсолют мажорити буюу дор хаяж энгийн олонх 50 хувийн санал авснаар УИХ-д сонгогддог байсан бол бол арай бага тооны санал гээгдэх байсан.

Аль нэг тойрогт ганцаараа хамгийн их санал авснаар УИХ-д сонгогдсон гишүүн дөрвөн жил зөвхөн тойрогтоо дахин сонгогдоход чиглэсэн бодлого хэрэгжүүлэх төсөв батлуулах, ганцаарчилсан тоглолт явуулах хамгийн гажуудсан тогтолцоо юм.

76 гишүүн нэгдсэн нэг чигт, нэг бодлого хэрэгжүүлэх бус 76 зүгт харсан, төсвийг 76 тойрогт тасдан хуваарилсан, өөр амлалт өгдөг тогтолцоо тул төсвийн нэгдсэн бодлогыг алдагдуулдаг нь томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх хөгжлийн гацаа үүсгэдэг. Нөгөө талаар гишүүдийг ч бас буруутгах хэцүү. Учир нь иргэд дараагийн сонгуульд зөвхөн тэр хүнд санал өгөх учраас тойргоосоо сонгогдсон УИХ-ын гишүүдээс зөвхөн өөрсдийнхөө буюу тухайн тойргийнхоо асуудлыг шийдвэрлэхийг шаарддаг, нэхдэг.

Санал гээгдсэн иргэд “санал нь тооцогдож байна уу, дуу хоолой хүрэв үү, төлөөлөгчөө томилж чадсан уу” гэдэгт итгэл алдарна. Үр дагавар нь төрд итгэх иргэдийн итгэл буурч, сонгуульд санал өгөх оролцоо муудаж, оронд нь “хүчтэй гар” буюу нэг хүний удирдлагыг хүсэмжлэх болно. Нэг хүний удирдлага бол дарангуйлал, хаант засаглал гэдгийг иргэд маань төдийлөн ойлгохгүй. Ийм учраас иргэдийнхээ саналыг тусгасан, санал гээдэггүй буюу үхүүлдэггүй, төлөөллийн зарчмыг хангасан пропорциональ тогтолцоог нэвтрүүлэх шаардлагатай.

УРАГШ 10 АЛХАХ ШААРДЛАГАТАЙ БАЙХАД БИД ДӨНГӨЖ 2.5 АЛХАМ Л УРАГШИЛЖ ЧАДСАН

-Одоо хийх өөрчлөлтөөр сонгуулийн тогтолцоо, гишүүдийн тоог нэмэхээр яригдаж байна. Гишүүдийн тоо, сонгуулийн тогтолцооны талаар та ямар байр сууртай байна вэ?

-ҮХНӨ-ийн журмын тухай хуулиар ҮХНӨ-ийг найман жилд нэг удаа баталж болно гэсэн зохицуулалттай. Энэ зохицуулалтын хүрээнд 2019 онд ҮХНӨ баталсан учир 2027 оноос нааш нэмэлт, өөрчлөлт оруулж болохгүй. Гэтэл 2019 онд оруулсан нэмэлт өөрчлөлтийг бүхэлд нь харвал урагш 10 алхах шаардлагатай байхад бид дөнгөж 2.5 алхам л урагшилж чадсан.

2019 оны зун өрнөсөн нэмэлт өөрчлөлтийн явцыг иргэний нийгмийн байгууллага, залуучууд маань ажиглаад зогсохгүй, оролцож чадсан. Тухайлбал, шүүхийн хараат бус байдлыг дэмжих зохицуулалтыг тусгах нөлөөллийн ажил идэвхтэй өрнүүлж байсан. 2002 оноос хойш л тухайн үед баталсан “дордуулсан долоон өөрчлөлт”-ийг засах тухай ҮХНӨ-ийн судалгаа, төслийн боловсруулалтын ажил эхэлсэн. Өөрөөр хэлбэл, 2019 оны нэмэлт өөрчлөлтийг 2002 оноос хойш төр, нийтийн эрх зүйгээр урдаа барьдаг хуульч, судлаачид 10 гаруй жил ажилласан төслийг УИХ-ын нэр бүхий 62 гишүүн өргөн барьсан.

Гэтэл 2019 оны долдугаар сард буюу ид наадмын өдрүүдэд Ерөнхийлөгч өөрийн төслөө гэнэт оруулж ирсэн. Ерөнхийлөгчийн өргөн барьсан төсөл парламентын гишүүдийн өргөн барьсан төслийг харьцуулсан, Ерөнхийлөгчийн зүгээс шүүхийн хараат бус байдлыг устгаж, хяналтдаа авах гэсэн зохицуулалтууд орж ирснээр ҮХНӨ-ийн олон зохицуулалтаас ухарч эхэлсэн. Эцэст нэг төслөө хэлэлцүүлж, улам сайжруулан батлах биш, Ерөнхийлөгч болоод МАН-ын явцуу сэтгэлгээтэй УИХ-ын гишүүдэд уягдаж, урагш нэг алхаж, ухарч хоёр алхсан төсөл баталсан. Эргээд харахаар бид урагш алхсан уу алхсан. Гэхдээ маш дутуу алхаж, ҮХНӨ-ийг баталсан.

Иргэн, хуульч хүний хувьд эрх баригч нам  улс орны сайн сайхны төлөө ҮХНӨ өөрчлөлтийг хийе гэж санаачлан оруулж ирж байгаа гэдэгт итгэхгүй. Covid-19-ийн үеийн муу зохион байгуулалт, хил, гаалийн гацаа, эдийн засгийн хямралаас үүдсэн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, ажилгүйдлийн улмаас иргэдийн орлого буурч, худалдан авах чадвар илэрхий муудсанаас МАН-ын нэр хүнд иргэдийн дунд маш их унасан. Эрх баригчдын үйл ажиллагаа, парламентын тогтолцоонд итгэх итгэл сулрахын хэрээр парламентын тогтолцоогоо бэхжүүлэхийн оронд хаант засаглалтай адил бүх эрх мэдлийг Ерөнхийлөгчид төвлөрүүлэх эрх ашиг хүчээ авч байгааг үгүйсгэх аргагүй.

МАН-д итгэх иргэдийн итгэл доод цэгтээ хүрсэн тул МАН-д нэг өдөр 62 суудал авчирсан мажоритар тогтолцоо маргааш 62 суудлыг нь өөр нэг нам, эвсэлд өгчих магадлалтай учир эрх баригч нам ҮХНӨ-ийг дахин маш хүчтэй ярих болсон болов уу гэж бодож байна.

Нөгөөтэйгүүр, энэ нам хэт данхайсан. Бусад намууд хүний нөөц, санхүүгийн хомсдолтой байхад эрч хүч, мэдлэг, боловсролтой, санхүүгийн боломжтой залуучууд МАН-д элсэж буй нь нууц биш. Энэ намаас гадуур аливаа бизнес эрхлэх, бодлого хэрэгжүүлэх ямар ч боломжгүй болсон. Бусад нам жижгийн зовлонтой байхад эрх баригч нам томын зовлон эдэлж байна.

Гишүүдийн тоог нэмэх асуудал олон жил маргааны сэдэв байсаар ирсэн. Нөгөө талаар гишүүдийн тоог нэмснээр УИХ төлөөллийн парламент болж чадах уу?

-Төлөөллийн хувьд 1992 оны Үндсэн хуулиар Улсын их хурлын нэг гишүүнд ногдож байсан иргэдийн тоо 15825 байсан бол 2020 оны УИХ-ын сонгуулийн үеэр нэг гишүүнд 26324 иргэн ногдох болж, нэг гишүүний иргэдийг төлөөлөх мандат 1.6 дахин нэмэгдсэн байна. Хамгийн гол нь уул уурхайн томоохон төслүүдийн мөнгөн урсгалаар улсын төсөв ч хэдэн арав дахин нэмэгдсэн. 2005 онд Монгол Улс түүхэндээ анх удаа нэг их наяд төгрөгийн төсөв баталж байсан бол өнөөдөр Монгол Улсын төсөв 18 их наяд төгрөгт хүрчээ. Улсын төсвийн өсөлтийг дагаад, УИХ-ын нэг гишүүний эрх мэдэл, нөлөө хэд дахин нэмэгдсэн.

Хэрэв хамгийн багадаа УИХ-ын 39 гишүүн Төсвийн тухай хууль баталдаг гэж тооцолбол Монгол Улс 2021 онд 18 их наяд төгрөгийн төсөвтэй буюу нэг гишүүн ойролцоогоор 460 гаруй тэрбум төгрөгийн төсөв батлах шууд бус эрх мэдэлтэй байна. Монголын хамгийн том компанийн захиралд ч ийм хэмжээний мөнгөтэй дүйцэх төсөв батлах эрх байхгүй.

СЭТГҮҮЛЧДИЙН ХАРААТ БУС БАЙДЛЫГ ҮНДСЭН ХУУЛЬДАА ОРУУЛЖ ХАМГААЛАХГҮЙ БОЛ ЭНЭ УЛС АВЛИГАДАА УЛАМ ИДЭГДЭНЭ

-Үндсэн хууль бол төр, иргэн хоёрын хороондын гэрээ гэж боддог. Нөгөө талаар эрх баригч намынхан гишүүдийн тоо зэрэг сандал суудлын төлөө хүчтэй дуугарч байх шиг?

-Хүний эрхийн зохицуулалтыг зөвхөн нэг бүлгээр биш, маш дэлгэрэнгүй оруулах шаардлагатай. Тухайлбал, авлигын эсрэг гол зэвсэг болсон сэтгүүлчийн эрхийг хамгаалах, тэднийг нэг улс төрийн хүчний карманд орохоос сэргийлж, санхүүгийн хараат бус байдлыг хангах зохицуулалтыг ҮХНӨ-өөр оруулахгүй бол сошиал медиа хөгжихийн хэрээр иргэд төлбөртэй, чанартай мэдээлэл авахаа байж, хэвлэл мэдээлэл тогтмол орлогогүй болж, хараат бус байдал алдагдана. Иргэдийн нүд, чих болсон сэтгүүлчдийн хараат бус байдлыг Үндсэн хуульдаа оруулж хамгаалахгүй бол энэ улс авлигадаа улам идэгдэхийг хэлэх байна даа.

-Үндсэн хуулийн өөрчлөлтийг иргэдийн амралтын үеэр давхцуулж байгаа нь МАН өөртөө ашигтай заалт оруулах вий гэсэн хардлага төрүүлж байна. Жишээ нь, давхар дээлийн асуудал байна шүү дээ. Хуулийн төслийг та харсан уу?

-Хуулийн төсөл хаалттай хэвээр байна. Миний ойлгож байгаагаар бэлэн болоогүй, чуулган завсарлаж, гишүүд тойрогтоо ажиллаж ирсний дараа төслийг танилцуулна гэж ойлгож байна. ҮХНӨ өөрчлөлт нэг зуны дотор оруулаад баталчихдаг зүйл биш ээ. Нэн ялангуяа төр иргэдийнхээ итгэлийг алдсан, нийгмийн сэтгэлзүй тогтворгүй энэ эгзэгтэй үед ҮХНӨ-ийг “машиндвал” иргэдийн бухимдал дээд цэгтээ хүрч, улс төрийн тогтворгүй байдал үүсэх эрсдэлтэй. ҮХНӨ-ийг аливаа хуулийн нэмэлт өөрчлөлттэй адил бүх талын тэгш оролцоотой, байнгын мэдээлэл солилцож, салбар салбарын мэргэжилтэн, судлаачид хэлэлцэн тунгааж, ёстой л шүүсийг нь шахаж, ач холбогдлыг нь иргэдэд сайтар таниулан сурталчилж явах процесс.

Давхар дээлийн хувьд УИХ-ын гишүүдийн тоотой шууд хамааралтай асуудал. Хэрэв гишүүдийн тоог хоёр дахин нэмбэл давхар дээлийн тоог ч мөн адил 10-аас хэтрүүлэхгүй буюу одоо байгаа тоог хоёр дахин нэмж, найм хүртэл болгоход болохгүй зүйл байхгүй. Гагцхүү цөөн тоотой гишүүдтэй парламентад нэг УИХ-ын гишүүн нь сайд байгаад зогсохгүй байнгын хорооны гишүүн, УИХ-ын гишүүн гээд эрх мэдлийн маш их төвлөрөл үүсгэнэ. Харин УИХ-ын гишүүдийн тоог багадаа хоёр дахин нэмсэн цагт давхар дээлийн асуудлын ач холбогдол буурна.

-Хамгийн гол нь ҮХНӨ оруулах нэн шаардлагатай гэсэн судалгаа, бодитой тоо баримт байна уу?

-Хэрэв 2020 оны улсын төсөв 13.9 их наяд төгрөг байхад нэг гишүүнд ногдох шууд бус эрх мэдэл (кноп дарах эрх) нь 356 тэрбум төгрөг гэж үзвэл 2021 оны 15.6 их наяд төгрөгийн төсөвт 400 тэрбум орчим төгрөг, 2023 онд улсын төсөв 20 их наяд төгрөг энэ тоо даруй 500 тэрбум төгрөг буюу хагас их наяд төгрөг хүрч байна. Уг тоог сонгууль хоорондын дөрвөн жилд үржүүлбэл УИХ-ын нэг гишүүн ямаршуу хэмжээний эрх мэдэл төвлөрүүлсэн болохыг батлан харуулж байна.

Ийм эрх мэдэлд очихын тулд сонгуулийн сурталчилгаанд 3-5 тэрбум төгрөг зарцуулах нь юу ч биш шүү дээ. Ийм учраас УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх замаар эрх мэдлийн төвлөрлийг сааруулах бодит шаардлага үүссэн.

Түүнчлэн УИХ-ын байнгын хороодын гишүүдийн тоо дэндүү цөөн буюу 19 хүртэл гишүүний бүрэлдэхүүнтэй байна. УИХ-ын нэг гишүүн гурваас илүүгүй байнгын хороонд харъяалагдан ажиллах боломжтой. Гэтэл Ёс зүйн дэд хороо тавхан гишүүнтэй боловч  Хөгжлийн банкны асуудалд холбогдсон гишүүдийн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг гуравхан гишүүн шийдвэрлэж байна. Өөрөөр хэлбэл, таван гишүүнийг лоббидоход улс орны эрх ашиг, нийгэм, эдийн засгийн томоохон хэмжээний асуудлыг гурван байнгын хороон дээр унагааж, эсвэл дэмжиж байна.

-Үүнээс гадна гишүүдийн тоог нэмснээр эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл УИХ-д орж ирэх боломжтой гэж харж байна?

-УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх замаар гишүүдийн эрх мэдлийн төвлөрөлтийг задална. Нэг тойргоос сонгогддог биш, нэгдсэн бодлого, мөрийн хөтөлбөр санал болгож сонгогддог, сонгодог зарчмыг нэвтрүүлж байж зөвхөн тухайн УИХ-ын гишүүнд үйлчилдэг биш, 3.3 сая иргэнд үйлчилдэг улс төрийн тогтолцоо руу шилжинэ.

Улс төрийн зарим нэг жижиг намууд УИХ-ын гишүүдийг тоог нэмэх төсөв байхгүй гэж  эсэргүүцдэг. Гэтэл УИХ-ын гишүүний тоо, төсвийн хэмжээ хоёр бол урвуу хамааралтай. Хэдий цөөн гишүүдтэй байна, төдий хэмжээгээр эрх мэдэл төвлөрч тэдгээр гишүүд зөвхөн өөрийн ашиг сонирхолд нийцсэн, ганцаарчилсан тоглолт хийх төсөв батлана.

УИХ-ын нэг гишүүний шууд зардал цалин 3.5 сая төгрөг, туслах, зөвлөх, бие төлөөлөгчид тус бүрдээ 2 сая төгрөгийн цалингийн төсөвтэй. Нэг гишүүний цалингийн шууд зардал сарын 12 сая төгрөг, жилийн жилийн 144 сая орчим. Уг тоог 76 гишүүндээ үржүүлбэл 10 тэрбум орчим төгрөгийн цалингийн шууд зардалтай. Шууд бус зардлыг нэмвэл мэдээж уг тоог өснө. Гэсэн хэдий ч нийт 18 их наяд төгрөгийн үрэлгэн төсөвтэй харьцуулахад маш бага тоо бөгөөд зарчмын хувьд гарах ёстой зардал.

УИХ-ын гишүүдийн тоог нэмснээр гишүүн болох зардал буурч, босго намсаж, залуус, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл УИХ-д орж ирэх боломж бүрдэнэ. УИХ жинхэнэ утгаараа төлөөллийн парламент болно.

ҮХНӨ ЗОХИЦУУЛАЛТ, ЗААЛТ БҮРИЙН ЦААНА ЯМАР ҮР ДАГАВАР АВЧИРЧ БОЛОХЫГ АНХААРАЛТАЙ АЖИГЛАЖ, ШҮҮМЖИЛЖ, ХЯНАЛТ ТАВЬЖ АЖИЛЛАХ ЁСТОЙ

-Гадаад улсад дайнтай, улс төрийн тогтворгүй байдалтай байна. Ийм цаг үед Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах нь хэр зүйтэй вэ?

-Тэр тусмаа ҮХНӨ-ийг яаралтай батлах хэрэгтэй. Хуучин ЗХУ-ын хэсэг байсан улсуудыг ажиглавал авторитар дэглэмтэй, “нэг хүчтэй удирдагч” нэрийн дор дарангуйлал тогтсон ихэнх стан улсуудад Ерөнхийлөгчийн хязгааргүй эрх мэдлийн дагуу зөвхөн түүний төрөл садан, тойрон хүрээлэгчид төрийн өндөр албан тушаалд очдог, төрийн өмчийн томоохон компаниудын удирдлагыг зөвхөн гэр бүлийн гишүүд, зөвлөх, туслах, ангийн хүүхдүүд авсан, шударга өрсөлдөөн хумигдсан, авлига газар авсан байдаг. Үүний улмаас иргэдийн бухимдал, дургүйцэл дээд цэгтээ хүрч, иргэний болоод улс төрийн тогтворгүй байдал үүсдэгийг өнгөрсөн хавар Казакстан улсад болсон үйл явдлаас харж болно. Харин "коллективный" буюу хамтын шийдвэр гаргадаг, хүчтэй парламенттай, пропорциональ тогтолцоотой, төрийн алба нь нээлттэй улсад авлига буурсан жишээ олон байна.

Жишээ нь, Гүрж улс сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд хоёр танхимтай пропорциональ тогтолцоотой, Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хумиад зогсохгүй төрийн тогтолцооны хэд хэдэн реформын дагуу төрийн албаны тоог гурав дахин бууруулах, төрийн албан хаагчдын цалинг гурав дахин нэмснээр төрийн албаны авлигыг хэд дахин бууруулж чадсан амжилттай түүх байна. Гүрж улс өнөөдөр авлигын эсрэг үзүүлэлтээрээ Европын есөн улсыг ардаа орхиж, авлигагүй нийгмийг бүрдүүлж чадсанаараа бүс нутагтаа тэргүүлж байна. ЗХУ нурсны дараа адилхан гараанаас эхэлсэн, 10 жилийн өмнөхөн цахилгаанаа импортлогч улсаас экспортлогч болсон энэ улсаас суралцах зүйл бидэнд их байна.

-Үндсэн хуулийн өөрчлөлтийн хуулийн төсөл бүрхэг байгааг хуульч, судлаачид хэлж байна?

-МАН 100 жил оршин тогтнож байгаа нам шүү дээ. 2019 онд ҮХНӨ-ийг баярлан хүлээн авч байтал тухайн жилийнхээ 11 сард томсгосон тойргийн тогтолцоотой Сонгуулийн тухай хууль оруулж ирээд, залуучууд, эмэгтэйчүүд гээд иргэдийн төлөөллийн орж ирэх боломж, гадаадад ажиллаж, амьдардаг иргэдийн сонгох эрхийг боомилсон, иргэдийн саналыг үхүүлдэг тогтолцоог бүрдүүлсэн. ҮХНӨ-өөр пропорциональ тогтолцоог амлан батлах боловч УИХ-д суудалтай болох жижиг намын босгыг долоо юм уу 10 хувиар тавихад л жижиг намуудын авсан санал том намуудын дунд автоматаар хуваагдана. Угтаа уг босго бага байх тусмаа жишээ хувь байж жижиг намуудын төлөөлөл УИХ-д орж ирнэ.

"Өөхөн дунд чулуу үмхүүлнэ" гэгчээр жижиг намуудын төлөөлөл оруулах шинэлэг тогтолцоо оруулж ирэхийг амлах боловч ямар ч тохиолдолд 2024 оны сонгууль энгийн олонхийн санал авах тогтоглцоог бүрдүүлэхийг хичээх болов уу гэж хардаж байна. Эрх барьж буй нам яах аргагүй бүхэл бүтэн улсын хөрөнгө санхүүг атгаж, хүчин чадлыг мэдэж, ашиглаж буйн хувьд хамаг л шилдэг хүний нөөц, судалгаа, санхүү, дээрхээр дамжуулаад асар том нөөцтэй нам шүү дээ. Иймд иргэд бид ҮХНӨ-ийн зохицуулалт, заалт бүрийн цаана ямар үр дагавар авчирч болохыг анхааралтай ажиглаж, шүүмжилж, хяналт тавьж ажиллах ёстой. Эцсийн дүндээ энэ хуулийн дагуу 3.3 сая иргэний амьсгалах агаар, амьдрах орчин, идэх хоолны чанарыг тодорхойлох нийгэм, эдийн засгийн бүхий л шийдвэрийг гаргана.

Сэтгэгдэл бичих