Энэ жилийн элсэлтийн шалгалтад 49.014 шалгуулагч бүртгүүлжээ

оруулсан Алсын Хараа

Энэ сарын 25-наас 28-ны өдрүүдэд улс даяар элсэлтийн шалгалт зохион байгуулагдах гэж байна. Боловсролын яам болон Боловсролын үнэлгээний төвийн мэдээлснээр, энэ удаагийн шалгалтад нийт 49.014 шалгуулагч бүртгүүлжээ. Тэдний 45 хувийг эрэгтэй, 55 хувийг эмэгтэй шалгуулагч эзэлж байна.

Эхний шалгалт зургадугаар сарын 25-ны 10:00-11:20 цагт түүхийн хичээлээр, 14:00-15:20 цагт англи хэлний шалгалт өгөх бол зургадугаар сарын 26-ны 10:00-11:40 цагт хими, 13:00-14:20 цагт Газар зүй, 16:30 - 17:50 цагт нийгэм судлал хичээлээр өгөх юм байна. Харин 06 сарын 27-ны 10:00-11:20 цагт биологийн хичээлээр элсэгчид шалгуулна.

БҮТ-ийн захирал Э.Цэрэнцоодол шалгалтын бэлтгэл ажлын талаар мэдээлэл өгөхдөө технологийн болон зохион байгуулалтын хэд хэдэн чухал шинэчлэлийг онцоллоо. Энэ жилийн шалгалтын гол онцлог нь шалгуулагчид урьд өмнөх шиг "Гэрээний хуудас" авчрах шаардлагагүй болсон аж. Үүний оронд шалгуулагчдыг шалгалтын анги танхимд заалны жагсаалтын дагуу, өөрийн суудлын хуваарьт тусгагдсан суудалд шууд суулган шалгалтыг авах уян хатан зохицуулалтыг хийжээ.

Шалгуулагчид шалгалтын төвд ирэхдээ бүртгэлийн хуудас, суудлын хуваарь, иргэний үнэмлэх (эсвэл түүнтэй адилтгах баримт бичиг), бүрэн дунд болон түүнээс дээш боловсролын гэрчилгээ, диплом авчирна.Шалгалтын байранд нэг цагийн өмнө ирсэн байх шаардлагатай бөгөөд анги танхимдаа 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байх ёстойг БҮТ-өөс хатуу сануулж байна. Дурдсан цагаас хожимдсон тохиолдолд шалгуулагчийг шалгалтад оруулахгүй юм байна. Улсын хэмжээнд шалгуулагчдын сонгосон хичээлийн тоог авч үзвэл математикийн хичээлийг хамгийн олон буюу 35.271 шалгуулагч сонгосон байна. Түүнчлэн англи хэл (33,177), нийгэм судлал (31,431), монгол хэл (17,517), физик (12,524), биологи (7,230) хичээлүүд удаалжээ. Харин газар зүй (1,392), орос хэл (571) хичээлүүдийг хамгийн цөөн шалгуулагч сонгосон байна.

Энэ жил улс даяар нийт 55 шалгалтын төв ажиллаж, 3500 гаруй багш, сурган хүмүүжүүлэгч, албан хаагчид хянагчаар ажиллана. Мөн тусгай хэрэгцээт шалгуулагчдад зориулан нэмэлтээр тусгайлан тоноглосон шалгалтын төвүүдийг байгуулж, шаардлагатай зүйлсээр иж бүрэн хангасан байна.

Шалгалтын явцад гар утас болон бусад техник хэрэгсэл ашиглан хуулах үйлдлийг таслан зогсоох зорилгоор технологийн шинэчлэл хийж байна. Шалгуулагчдын гар утсыг хурааж авахгүйгээр, тусгай зориулалтын хамгаалалтын уутанд хийлгэж, утасны сүлжээ унагах төхөөрөмжийн хамгаалалтыг туршихаар бэлтгэсэн байна. Түүнчлэн шалгалтын үеэр тог таслахгүй байх, Тээврийн цагдаагийн албанаас шалгалтын байрны ойр орчимд замын түгжрэл үүсгэхгүй байх зохицуулалтыг хийж байгааг Боловсролын яамнаас уламжлав.

Сэтгэгдэл бичих