“Бор тээг”-ийн хулгай гүтгэлэг байж, гүтгүүлсэн Д.Амарбаясгаланг яаж цагаатгах вэ

оруулсан Алсын Хараа

“Бор тээг”-ийн нүүрсний ордыг УИХ-ын дарга, МАН-ын дарга асан Д.Амарбаясгалан эзэмшдэг. Ордоор нь хулгай хийдэг болсон. Нүүрс хулгай хийгээд зогсохгүй хүн алаад шатаасан гэх шуугиан энэ намар өвөлжин явсан. Тэр “Бор тээг” нь 424.2 сая тонны нөөцтэй, үүний 95 хувь нь буюу 404.5 сая тонн нь сул коксжих нүүрс юм гэсэн.

Тэгвэл УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан Бор тээгийн ордтой холбоотой асуудлаар өөрийн цахим хуудастаа дараах байр суурийг илэрхийлжээ. Тэрээр "Эцэст нь худал ҮНЭНД ГҮЙЦЭГДДЭГ гэж энэ!!! “ЭТТ” ХК нь “Бор тээг”-ийн ордын ашиглалтыг эхлүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулж буй өдөр ээлжит гүтгэлгээ ХОРТ МОГОЙ дахин эхлүүлжээ. “Бор тээг”-ийн орд газраас шанага шороо хөндөгдөөгүй, хэн нэгний өмчид, тэр дундаа Д.Амарбаясгалан миний өмчид хэзээ ч очиж байгаагүй, “ЭТТ” ХК-ийн эзэмшилд байсаар ирсэн нь ард түмэнд ил боллоо.

Б.Энхбаяр ХЗДХ-ийн сайд байх ахуйдаа “Хардаж байна”, “Болзошгүй”, “Халхавчлан” гэх хоёр салаа үгээр хатган дараах онц ноцтой, гэмт хэргийн шинж чанартай гүтгэлгийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг ашиглан нийтэд түгээсэн. Д.Амарбаясгалан хамаарал бүхий “Админерал” гэх компаниараа дамжуулан Бор тээгийн ордын 40 их наядаар үнэлэгдэх нүүрсийг хулгайлсан.

-Эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгох замаар Бор тээгийн ордыг хувьдаа завшсан.

-“Админерал” гэх компанийн Хятад эзний амь насыг санаатайгаар хороосон./НУХЧИХСАН/ гэсэн. Би Монгол Улсад хууль шударга үйлчилдэг гэдэгт итгэдэг. Д.Амарбаясгалан миний бие улс эх орон, ард иргэдийнхээ өмнө хийсэн хэрэг, үйлдсэн гэм байхгүй. Гүжирдсэн гүтгэсэн болгонд цаг тухай бүрд нь олон нийтэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон өөрийн албан ёсны цахим хуудсаар дамжуулан баримтаар няцаалт өгсөөр ирсэн. Иргэд сонгогчдынхоо итгэлийг хүлээж УИХ-ын гишүүн болсны хувьд, эр хүн, айл гэрийн эцэг хүний хувьд, үнэнийг тогтоолгохоор УИХ-ын даргын албан тушаалаа өөрийн хүсэлтээр хүлээлгэн өгч, өнөөдрийг хүртэл хууль шүүхийн байгууллагаар шалгуулж, олон нийт, иргэд сонгогчдынхоо эргэлзээ, элдэв гүтгэлэгт цэг тавих болно. Б.Энхбаярт хэлэхэд үүрдийн эрх мэдэл, үрэгдэж барагдахгүй эд баялаг гэж үгүй. Үйлийн үр хаалга АНДУУРДАГГҮЙ" гэжээ.

Тэгэхлээр “Бор тээг”-ийн хулгай гүтгэлэг байжээ. Нэг намын нөхрөө гүтгэчихсэндээ Б.Энхбаяр сайд гэмшиж, гутарсан зүйлгүй сайдаа хийгээд инээд алдаад явж байгаа. За гүтгэгчийг зүгээр өнгөрөөдөг юм байж. Нөгөө УИХ-ын гишүүн хэлсэн үгэндээ хариуцлага хүлээдэггүй гэдгээр. Энэ бол хэрэгтэй л заалт л даа. Хэлсэн үгэндээ хариуцлага хүлээгээд унавал үг хэлэх гишүүн олдохгүй. Тэгвэл гүтгүүлээд хамаг албан тушаал,эрх баригч намын даргын ажлаасаа ч хусуулсан, дээр нь хэлэх хэлэхгүй үгээр хэлүүлсэн Д.Амарбаясгалан гишүүнийг яаж цагаатгах юм бол. Монгол Улсын иргэн хэн нэгэнд гүтгүүлчхээд хохироод яваад байх уу. Том дарга, гишүүн юм чинь яадаг юм гэж үзэх үү.

Ө.ТУЛГА

"Өдрийн сонин"

/2026.06.24/

Сэтгэгдэл бичих