CNBC/. “Apple” компани ирэх гуравдугаар сарын 8-ны өдөр шинэ бүтээгдэхүүнүүдээ олон нийтэд танилцуулж магадгүй талаар “Bloomberg” агентлаг мэдээллээ.
Тус агентлагийн мэдээлснээр, “Apple” хямд үнэ бүхий “5G” сүлжээ дэмждэг “iPhone”, “iPad” болон шинэ зөөврийн компьютероо танилцуулахаар бэлдэж байгаа ажээ.
“Apple” компанийн хувьд энэ нь 2021 оны 10 дугаар сард шинэ “MacBook Pro” зөөврийн компьютеруудыг танилцуулснaac хойших анхны шинэ бүтээгдэхүүн танилцуулах үйл ажиллагаа болох юм. Энэхүү үйл ажиллагааг цахимаар явуулах төлөвтэй байна гэж “Bloomberg” мэдээлжээ. “Apple” нь цар тахал дэгдэх үеэс буюу 2020 оны гуравдугаар сараас эхлэн үйл ажиллагаануудаа цахимаар явуулах болжээ.
Одоогоор “Apple” хямд үнэтэй “iPhone SE” хэмээх гар утсаа хэрэглэгчдэд санал болгож байгаа бөгөөд үүнийг 2020 оны хавраас 399 ам.доллароор худалдаалж эхэлсэн юм. Энэ нь “Apple”-ын хурууны хээ мэдрэгчтэй хамгийн сүүлд гаргасан “iPhone” загварын гар утас юм. Харин шинэ бүтээгдэхүүний хувьд ижил загвартай ч илүү хурдан процессортой, “5G” сүлжээ дэмждэг байх төлөвтэй байна.
Шинэ “iPad”-ын хувьд “iPad Air”-ын шинэчлэгдсэн хувилбар байх магадлалтай гэж “Bloomberg”-ийн мэдээнд дурджээ. Энэхүү төхөөрөмж нь хамгийн сүүлд 2020 оны 10 дугаар сард шинэчлэгдсэн бөгөөд 599 ам.доллароор худалдаалагдаж байгаа юм.
“Apple”-ын хямд үнэтэй бүтээгдэхүүний танилцуулгыг баярын улирлыг угтан өндөр үнэтэй, чанартай “iPhone” загварын шинэ гар утаснуудаа танилцуулдаг намрын үйл ажиллагаатай харьцуулахад ач холбогдол багатай юм. Тус компани ирэх сард мөн “iOS” үйлдлийн системийнхээ хамгийн сүүлийн “iOS 15.4” хувилбарыг танилцуулж магадгүй байна. Энэхүү хувилбарын хувьд амны хаалттай үед нүүр царай таних чадвартай, мөн шинэ эможитой байх төлөвтэй байна.